Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн “гуйлт”, АТГ-ын даргын “гэдийлт”

712-1553477115ЭнхжаргалАТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын ээлжит чуулганы хүрээнд өнөөдрөөс хэлэлцэж эхэлнэ. Хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон болгоныг үг дуугүй баталдаг гишүүд энэ удаад АТГ-ын даргыг чөлөөлж чадах уу гэдэг эргэлзээтэй.

Учир нь Х.Баттулга 2017 зун намраар Ерөнхийлөгч болсноосоо хойш, У.Хүрэлсүх намар өвлийн заагаар Ерөнхий сайдаар томилогдсон цагаасаа АТГ-ын дарга Х.Энхжаргалыг ажлаа өгөхийг шаардсан. Түүнээс хойш жил зургаан сар болов. Х.Энхжаргал ажлаа өгсөнгүй.
Сүүлд УИХ-ын дарга болсон Г.Занданшатар Ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд Х.Энхжаргалыг чөлөөлөх тухай хэлэлцэхээр оруулсан нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёртой байр суурь нэгтэй байгааг харуулж байгаа юм. Явсаар тэд “гуйж”, нөгөөх нь “гэдийсээр” өнөөдрийг хүрч байгаа юм.
Х.Энхжаргалыг чөлөөлөхийн тулд “Бүрэн эрхийн хугацаа дууссан” гэдэг шалтгааныг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар тавьдаг. Харин Х.Энхжаргал албан тушаалынхаа бүрэн эрхийн хугацааг өөрийнхөө томилогдсон өдрөөс тоолдог. Ийм л хуулийн асуудал тэдний яригдсаар жил гаруй болчихлоо.
Тэдний маргааныг хөндлөнгөөс харвал УИХ анх 2011 оны арваннэгдүгээр сарын 8-нд Н.Ганболдыг АТГ-ыг даргаар томилсон байна. Түүнийг 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өөрийнх нь хүсэлтээр чөлөөлжээ. Ингээд АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж прокурорын хяналт дор гурван сар гаруйн хугацаанд АТГ-ын даргын үүргийг гүйцэтгэсэн байдаг.
МАН сонгуульд ялж засгаа бүрдүүлээд 2016 оны долдугаар сарын 8-ны өдөр Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилсон юм. Ингэхээр Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн тоолоод байгаагаар 2017 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Н.Ганболдын оронд нөхөн томилогдсон Х.Энхжаргалын бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа дууссан. Х.Энхжаргалынхаар бол 2022 оны долдугаар сарын 8-ны өдөр дуусахаар болж таарч байгаа юм. Тухайн үеийн АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Одын телевизэд өгсөн ярилцлагыг 2016 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр АТГ-ын албан ёсны сайтад сийрүүлэн буулгасан байдаг.  Л.Төр-Од АТГ-ын даргын талаар “АТГ-ын дарга томилогдсоноос хойш зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай. Сая бол бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаас өмнө чөлөөлөгдлөө. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлд АТГ-ын даргыг томилсон УИХ-ын шийдвэр гарснаар бүрэн эрхийн хугацаа нь эхэлнэ, дараагийн дарга томилогдох хүртэл энэ бүрэн эрх нь үргэлжилнэ гэсэн зохицуулалттай” гэж тайлбарласан.
Харин одоогийн Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болохоор “Н.Ганболд 2011 оны арваннэгдүгээр сарын 18-нд УИХ-аас томилогдсон. Түүний бүрэн эрхийг хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 18-нд дуусах байсан боловч хүсэлтээ өгч 2016 оны долдугаар сарын 08-ны өдөр чөлөөлөгдөж, Х.Энхжаргал нөхөн томилогдсон. Хуульд зааснаар нөхөн томилогдсон Х.Энхжаргалын хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр дууссан байна. Цагаан дээр хараар бичсэн УИХ-ын баталсан хуулийг зөрчих эрх хэнд ч байхгүй юм” гэж яриад байгаа.
Яг л нөгөөх байр суурь, хуулийн тайлбарын зөрчлүүд Олон нийтийн зөвлөл дээр бас байна гэсэн үг. Яг үнэндээ энэхүү бүрэн эрхийн хугацаа нь шалтаг болохоос шалтгаан биш юм.
Х.Энхжаргалын хувьд УИХ-ын дарга асан М.Энхболдтой маш ойрын холбоотой. М.Энхболдын нөлөөнд байдаг лав Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр үздэг бололтой юм. Х.Энхжаргал ч үүнийгээ нуудаггүй. “Их хурлын дарга Миеэгомбын Энхболд гэдэг хүн бид хоёр нас чацуу. Бид хоёр хар залуугаасаа танил болсон.
Би Төв аймгийн цагдаагийн газрын дэд даргаар 12 жил ажилласан. Тэгээд бас найз нөхөд гээд байгаа. Би маш олон хүнийд очдог.
Ерөнхийлөгчийнд ч очиж байсан. Одоогийн Ерөнхийлөгч Баттулгыг сайд байхад өрөөнд нь нөхөр журмаар орж л байсан. Их хурлын дарга Нямдоржийнд очиж л байсан. Ашиг сонирхлын зөрчилтэй юу гэдэг асуудал яригдвал өөр. Би зарим хүний хэрэгтэй танилцах эрхгүй гэдгээ Их хурлын даргад гаргаад өгчихсөн. “Аархал” гээд байгаа нэвтрүүлэг шинэ жилээр очиж золгосон бичлэг л дээ.
Хүнийхээ ёсоор сонгогдсоноос нь хойш байж байж байгаад баяр хүргэхээр нэг сарын 1-нд очиж байгаа нь тэр шүү дээ. Тэнд очоод хуйвалдаад, одоо нөгөө 60 тэрбумаа ингэнэ шүү, тэгнэ шүү гэсэн юм ярьж байгаа бол би албан тушаалаа өгөхөд бэлэн байна. Өргөдлөө бичээд өнөөдөр шууд өгөхөд би бэлэн” гэж хэвлэлээр ярьсан.
Хамгийн гол нь Х.Энхжаргал АТГ-ын дарга учраас зарим хэрэгт, ялангуяа олны анхаарлыг татсан, олон нийтийн эрх ашгийн талд байх ёстой хэргүүд дээр хойрго хандаж байгаа гэх шүүмжлэлүүд нийгэмт, улс төрийн хүрээнд яригдаад удаж байгаа юм. Тодруулбал, 60 тэрбумын хэргийг бантагнуулсан, Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг өнгөрсөн 2018 оны эхнээс шалгаж эхэлсэн гэх боловч тодорхой үр дүн гаргалгүй бүтэн жил болсон, АТГ-т шалгуулж байгаа хүмүүс хэвлэлээр өөрсөдтэй нь “дайтдаг” зэргээр АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чиглэсэн асуудал мундахгүй байгаа юм.Тиймээс Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн “гуйлт”, АТГ-ын даргын “гэдийлт” энэ Ээлжит бус чуулганаар бас л үргэлжилсээр байх уу гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна.
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.