Ч.Жаргалбаатар: Н.Золжаргал Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж орон сууц авсан баримт бий

299

АТГ-аас сар бүр хэвлэлийн бага хурал хийж өнгөрч буй нэг сарын хугацаанд хийсэн ажлынхаа тайланг танилцуулдаг. Тус хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийлээ. Хэвлэлийн бага хуралд Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү, Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар нар оролцлоо.

МХЕГ-аас олгодог импортын мэдэгдэл, экспорт, импортын гэрчилгээ олгох олгохдоо шаардах бичиг баримт тодорхой бус, олон дарга нарын гар дамжуулан цохолт хийдэг, материалынх нь хариуг хэзээ өгөх нь тодорхойгүй, гомдол, мэдээлэл шийдвэрлэсэн талаар хариу өгдөггүй зэрэг зөрчил илэрчээ. Тодруулал, экспорт, импортын гэрчилгээ олгох үйл ажиллагаагаа өнөө хүртэл журамлаагүй, албан тушаалтнуудын үзэмжээр шийдвэрлэж бизнес эрхлэгчдэд дарамт учруулж байсан нь тогтоогдсон байна. Үүнтэй холбогдуулан АТГ-аас МХЕГ-т зөвлөмж хүргүүлжээ.

ГЕГ жижиг, дунд үйлдвэрлэлийн ангилалд хамаарахгүй, томоохон аж ахуйн нэгжийн импортоор оруулж ирсэн тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн зөрчил илэрчээ. АТГ энэ талаар удахгүй илүү тодорхой мэдээлэл өгөх юм байна.

Зарим шүүгч, банк санхүүгийн байгууллагатай гэх Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны нэр бүхий албан тушаалтнууд зэрэг нийт 67 хүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ нарийвчлан шалгаж байгааг хэллээ.

АТГ-аас энэ  сард 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлжээ. Тухайлбал, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирдлагууд бусад давуу байдал үүсгэх зорилгоор хуурамч дүгнэлт гаргасан, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О нь албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан, Авто тээврийн үндэсний төвийн дарга Б нь олон улсын ачаа тээврийн зөвшөөрөл олгохдоо албан  тушаалаа ашиглан бусдад давуу байдал үүсгэсэн, Хууль сахиулах их сургуулийн мэргэжилтэн суралцагчаасаа хахуул авсан, МИАТ компанийн дэд захирлаар ажиллаж байсан Э нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэг, Баянзүрх цогцолбор сургуулийн захирал хахуул авсан зэрэг хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорын байгууллагад илгээжээ.

АТГ-аас дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуутад хариуллаа.

-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг хэрэг холбогдуулан шалгаж байгаа гэж байсан. Энэ хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

Ч.Жаргалбаатар: -Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг гурван хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Тухайлбал, арилжааны банкуудад тогтоосон хүүгээс бага хүүтэй зээл олгосон асуудлыг шалгаж яллагдагчаар татах асуудал яригдаж байна. Мөн Австри улс руу их хэмжээний мөнгө хөрөнгө шилжүүлж орон сууц худалдаж авсан асуудал шалгагдаж байгаа. Тус улстай хамтын ажиллагааныхаа хүрээнд шалгалт явуулсан. Австри улсаас тодорхой баримт ирүүлсэн учраас энэ хэргийг хоёрдугаар улиралд багтаан шийдвэрлэнэ.

-Төр, нийгмийн нэр зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр нэр бүхий хүмүүсийг шалгаж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой юу?

Ч.Жаргалбаатар: -С.Зоригийн амь насыг хороосон хэргийг шийдвэрлэхдээ эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан, гүйцэтгэх ажиллагааны дүрэм журмын зөрчсөн гэдэг үндэслэлээр хяналт шалгалт явуулж байгаа. Шалгалтын хүрээнд зарим баримтуудыг цуглуулсан. Одоо баримтаа үнэлж дүгнэх, бэхжүүлэх ажил хийгдэж байна.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.