Си Жиньпин, Э.Макрон нар уулзлаа

330

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин болон Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нар даваа гарагт уулзаж, хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргаж, БНХАУ-Францын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг бат бөх, тогтвортой, эрчимтэйгээр хөгжүүлэхээр тохиролцсон байна.

Хоёр орны удирдагчид Парис хот дахь Элисейн ордонд уулзжээ.

БНХАУ-ын дарга хэлэхдээ, олон улсын нөхцөл байдалд олон том өөрчлөлт гарсан хэдий ч Хятад-Францын харилцаа үргэлж өндөр түвшинд, тогтвортой байдлаар хөгжиж ирсэн гэжээ. Мөн тэрбээр, Э.Макрон Ерөнхийлөгчийн албыг хашиж эхэлснээс хойших хоёр хүрэхгүй жилийн хугацаанд хоёр талын харилцаа шинэ түвшинд хүрч, ихээхэн үр дүн гарсан гэж хэлсэн байна.

“Энэ жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой, Францад ажиллаж суралцах Хятад иргэдийн хөдөлгөөн үүссэний 100 жилийн ой тохиож байгаагийн зэрэгцээ БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой болж байна” гэж Си Жиньпин хэлжээ.

“Өнгөрсөн түүхээ мэдэх нь өнөөдрийг шүүж, цаашид хөгжихөд хэрэгтэй” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

“Дэлхий дахинд нэг зууны хугацаанд ховор тохиодог томоохон өөрчлөлтүүд болж, хүн төрөлхтөн салаа зам дээр зогсож байгаа энэ үед Хятад, Франц, Европ ч мөн хөгжлийн чухал үе шатанд ирээд байна” гэж БНХАУ-ын дарга хэлжээ.

“БНХАУ Франц улстай хамтдаа өнгөрсөн түүхээсээ суралцаж, ирээдүйг бүтээх чиглэлд хамтран ажиллахыг эрмэлзэж буй нь хоёр улсын харилцааг улам ойр дотно болгож, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа түүчээ болж, нээлттэй, хүртээмжтэй, цэвэр, үзэсгэлэнтэй дэлхийг цогцлооход түүхэн хувь нэмэр оруулж, энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг үргэлжлүүлнэ” гэж Си Жиньпин хэлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих