Ж.Энхбаяр гишүүний бодлогогүй уриалга

338

Эрхэм гишүүн Ж.Энхбаярын “Залуусаа зээлээс битгий ай” хэмээн уриалга маягийн үг олон нийтэд хүрч, иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд байна. Төрийн зөөлөн сэнтийд он удаан жилээр заларч, хамгийн бага хүүтэй, хамгийн боломжит хувилбараар тусгай сангуудаас зээл авч ирсэн эрхэм бол Ж.Энхбаяр.
Нэг үгээр түүнд тусгай эрхтэйгээр зээл авч, бизнесээ өргөжүүлэх боломж нээлттэй байсан гэсэн үг. Харин жирийн залуучуудад түүнийх шиг жилийн 3 хувийн хүүтэй зээл олдоно гэдэг үлгэр. Гэтэл эрхэм гишүүн Ж.Энхбаяр тусгай сангуудаас хамгийн бага хувийн хүүтэйгээр зээл авчхаад залуучуудад жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээл авахыг уриалаад байдаг нь хэр зохистой вэ?
Эрхэм гишүүн та бизнесийн жаргал зовлонг эрхээ биш ойлгох биз. Жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээлээр ямар бизнес хөл дээрээ зогсох вэ? Манайх шиг жижиг зах зээлтэй оронд банкнаас өндөр хүүтэй зээл аваад бизнес эрхэлнэ гэдэг өрийн тойрогт сайн дураараа гүйж орохтой л адил.

Ер нь ч тэгээд тэр өндөр хувийн хүүтэй зээлийг хүссэн хүн бүхэн санаан зоргоороо, хүссэн дүнгээрээ авчхаж болдог ч юм биш. Бараг л ам насаа дэнчин болгож, ам тангараг өгч, байдаг суудгаа барьцаалж сая нэг хэд аравхан төгрөгийн зээлийг маш өндөр хүүтэй авдаг юм.
Харин та бол тусгай сангуудын хөрөнгөн дээр дураараа тарвалзсан хүн шүү дээ. Энэ зөрөөн дээр та залуусыг зээл авахыг уриалж байгаа нь хэтэрхий зохисгүй байгааг хэлэх нь илүүц биз.

П.АНИР
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих