УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байна

ардчилсан нам_bУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна. АТГ-ын дарга, шүүх, прокурорын удирдлагыг хугацаанаас нь өмнө түдгэлзүүлэх заалт бүхий Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг Хуульзүйн байнгын хороо хэлэлцэхийг дэмжсэн юм. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг мэдэгдэл гаргалаа.

Уг мэдэгдэлд “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргад өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд нь дараах үндэслэлүүдээр Үндсэн хууль зөрчсөн байна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэж байна.

1. Дээрх хуулиудад “Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан” гэдэг заалтаар үндэслэл болгож Шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгохоор оруулж ирж байгаа нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэх заалтуудыг зөрчиж байна. Учир нь дээрх албан тушаалтнууд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, түүний албан тушаалтны хууль бус даалгавар биелүүлэх, эсвэл биелүүлбэл тус байгууллага, албан тушаалтны зөвлөмжөөр ажилгүй болох, хараат бус байдал алдагдах, илтэд нөлөөлөх бүрэн боломжтой болно. Энэ хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим болох хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг үгүй хийх, эрх бүхий албан тушаалтан дур зоргоороо, үзэмжээрээ шийддэг болох эрсдэлтэй.

2. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулахдаа “…Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг УИХ-д оруулсан бол” гэх заалт нэмж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг ӨӨРИЙН ОНЦГОЙ БҮРЭН ЭРХЭД ХАДГАЛЖ ШИЙДВЭРЛЭНЭ”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-т Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах онцгой бүрэн эрхэд халдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлж байгаа дээрх хуулийн төслүүд нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд халдаж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх чиг үүрэг бүхий байгууллагын үнэлэмжээр хууль, шүүхийн байгууллагын хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх гаж буруу тогтолцоог хэвшүүлэх, Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд халдаж байна гэж үзэж байгаа тул хуулийн төслүүдийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна гэжээ.

Ийм учраас АН-ын гишүүд Үндсэн хууль зөрчсөн асуудлаар хуульд оролцох боломжгүй гэж үзэж хуралдааныг орхин гарлаа.


URL:

Сэтгэгдэл бичих