Дундговь аймагт байрлах уурхайн хятад эздийн маргаан “гаарч” байна

chinhash

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутаг дэвсгэрт БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалт бүхий “Чинхаш” компани 2014 оноос хойш одоог хүртэл төмрийн хүдэр олборлох Улсын бүртгэлийн гэрчилгээ аван одоог хүртэл олборлолтоо үргэлжлүүлэн хийсээр байгаа аж. Уг компанийн захирлаар хятад улсын иргэн Дуан Зин Жу гэх хүн байдаг бөгөөд Говь-Угтаал суманд ашигт малтмал ашиглалт хийх тусгай зөвшөөрлийг 2042 онд хүртэл авчээ. Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй компани болон жижиг дунд үйлдвэр эрхлэгч байгууллага бүр Монгол улсын хууль дүрэмд заасанчлан ашиг орлогынхоо тодорхой хувь хэмжээг татвар хэмээн тушаадаг хууль дүрэм манай улсад хэрэгждэг. Бусад гаднын хөрөнгө оруулалттай компаниуд ч энэ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

Гэвч хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Чинхаш” компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа Монгол улсад мөрдөгдөх хууль, дүрэм журмыг үл тоон татвар төлөхөөс зайлсхийж байна гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Татварын байгууллага уг компанид Монгол улсын татварын хуулийг биелүүлэх шаардах хуудас удаа дараа хүргүүлсэн боловч эрх дархтай хятад компани төлөхгүй эсэргүүцэж улмаар хууль, шүүхийн байгууллагад хандаж байжээ.

“Чинхаш” компанийн төв оффис Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрладаг байна. Тус дүүргийн Татварын хэлтсээс “Чинхаш” компанийн татварын өрийн асуудлаар мэдээлэл авах гэсэн боловч компанийн нэр хүндийн асуудал хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Улмаар Дундговь аймгийн татварын хэлтсээс тус компанид татварын өрийг барагдуулахыг шаардсан хуудсыг 2019 оны хоёрдугаар сарын 1-нд хүргүүлсэн аж. Уг бичигт “Танай компани татварын өрийг бууруулахаар Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шүүх, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны шүүхэд хандсан боловч, татварын өрийг хэвээр үлдээж төлүүлэх, шат шатны шүүхийн шийдвэр гарсан. Иймд заасан хугацаанд татвараа төлөхийг шаардаж байна” хэмээн бичигт явуулсан  боловч Монгол улсын татвар төлөгчдийн хууль дүрэм журмыг уландаа гишгэлэн одоог хүртэл татвар төлөхөөс зайлсхийсээр байна.

“Чинхаш” компани Татварын өрнөөс зайлсхийснээс гадна БНХАУ-ын өөр нэгэн компаниас их хэмжээний хөрөнгө оруулалт аван зээлээ төлсөнгүй хэмээн шүүхэд дуудагдаж байсан удаатай аж. Тодруулбал, Уул уурхайн үйл ажиллагаагаа өргөтгөхийн тулд БНХАУ-ын ”Тиан Жэн Шиэн Шин Ий” гэх компанитай хамтран 12 сая юань буюу 4 тэрбум 560 сая 374 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хүсэн уул уурхайн хөрөнгө оруулалтдаа зарцуулж байжээ. Улмаар Хөрөнгө оруулалтаа төлж чадаагүйгээс тус компани хоёр хятад эзэнтэй болсон бөгөөд уурхайд өөр өөрсдийн хамгаалалтын албыг байрлуулсан гэлээ.

“Чинхаш компанийг 2014 онд олборлолт хийх болсныг дуулсан нутгийн иргэд анхнаасаа эсэргүүцэж байсан бөгөөд нутгийн иргэдтэй хэд хэдэн удаа уулзалт хийж худаг гаргаж өгнө, сар бүр нөхөн төлбөр олгоно, уул уурхайн бүс нутагт байгаа малчин иргэдийн оюутны төлбөрийг даана” гэхчлэн олон сайхан амлалтуудыг өгч үйл ажиллагаагаа эхэлж байсан аж. Гэвч өгсөн амлалтуудаас биелсэн нь 10 худгаас өөр зүйлгүй үлдсэн хэмээн Дундговь аймгийн нутгийн иргэд дургүйхэн байлаа. Өмнө Мэргэжлийн Хяналтын Байгууллага болон “Уул Уурхайн яам”-аас “Чинхаш” компанийн уул уурхайн ТЭЗҮ, зураг төслөөсөө хазайсан анхнаасаа үйл ажиллагаагаа буруу явуулсан хэмээн дүгнэлт хийж алдаагаа засах үүрэг чиглэл  өгсөн ч биелүүлээгүй байна.

Түүнчлэн “Чинхаш” компанийн үйл ажиллагаа болон татвар төлөлтөөс зайлсхийсэн тухай мэдээллийг бэлтгэх үед хэвлэл мэдээллийн байгууллагуудруу хандан мэдээллийг гаргаж өгөхгүй байхыг хүсэн шаардлагатай тохиолдолд авилга өгч болох юм хэмээсэн ажээ.

Энэ мэт Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд Монгол улсын газар нутагт дур зоргоороо авирлаж, Монгол улсын үндсэн хууль дүрмийг уландаа гишгэж байгаад, яагаад хэн ч дуугарахгүй байна вэ? Татвар төлөхөөс зайлсхийж, Монгол улсын газар нутгийг булаацалдан шүүхдэж, хэвлэл мэдээллийн байгууллагыг мөнгөөр худалдаж авч болно гэсэн бодолтой Хятад компаниудаар хэдий болтол газар нутгаа ухуулж, сэвтүүлж суух улс вэ?

Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих