Чанаргүй зээл сүүлийн нэг жилд 45.7 хувиар өсөв

olloo_mn_1431574962_olloo_mn_1421376239_zeel1Чанаргүй зээл энэ оны хоёрдугаар сарын байдлаар 1.8 их наяд төгрөг болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж байна. Сүүлийн нэг сарыг харвал чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас 3.2 хувиар буурсан ч сүүлийн нэг жилд өсөлт нь 45.7 хувьд хүрээд байгаа аж. Салбараар нь авч үзвэл боловсруулах үйлдвэрлэл, уул уурхай, барилгын салбарын чанаргүй зээл өндөр байна.

Эдийн засгийн хүндрэлээс үүдэж чанаргүй зээлийн хэмжээ 2013 оны дундаас тасралтгүй өссөн нь зээл олголтыг бууруулан, эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлжээ. Энэ нь эргээд зээлийн эргэн төлөлтийг доголдуулах хамаарал хүчтэй ажиглагдаж байгааг төв банкны судлаачид онцолсон байна.

Цаашид чанаргүй зээл нэмэгдвэл 2019-2020 он хүртэл эдийн засагт идэвхжил гарахгүй байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Нөгөөтэйгүүр чанаргүй зээлийн хэмжээ огцом өссөн нь “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлуудтай холбоотой гэж Монголбанк тайлбарлаж байна.

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл “Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг”-ийг боловсрууллаа. Энэ хүрээнд ойрын гурван жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргасан аж. Мөн Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгаснаар актив удирдлагын мэргэшсэн институц байгуулахаар ажиллаж байна. Үүний эрх зүйн орчныг нь бэлдэх актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д энэ хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байна.

“Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.