Эрүүдэн шүүлгэсэн ЭЗЭН нь хэн юм бэ

olloo_mn_1485752429_olloo_mn_1483495196_ZORIGС.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэгт ял тулгаж, хоёр хүнийг хэлмэгдүүлжээ. Бүр эрүүдэн шүүж байгаад тэднийг хэлмэгдүүлж, амьдралыг нь, нэр төрийг нь, сэтгэл санаа бие махбодийг нь хэлмэгдүүллээ. Мэдээж тэднийг цагаатгаж, төр зохих үйл явцаа хэрэгжүүлнэ байх.

Тэгвэл гол асуудал. Эрүүдэн шүүх үүргийг хэн өгөв? Эрүүдэн шүүлгэсэн ЭЗЭН нь хэн юм бэ. Энэ асуултыг тойрч, хаа хол хадуураад байгаагийн шалтгаан юу вэ?

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Тэр видео бичлэгт гарч байгаа “баатруудыг” тогтооно. Нэртэй устай хүмүүс байгаа шдээ. Шинээр эрүүдэн шүүсэн тухай эрүүгийн хэрэг үүсгээд бүх оролцогчдын гэм бурууг тогтоож байж шүүхийн шийдвэр эргэнэ” гэж ярив. Хэлмэгдүүлсэн гээд Б.Содномдаржаа, Ч.Чимгээ нарыг яаран суллахгүй гэсэн үг аж.

Нөгөөтэйгүүр энэ үгийг мушгиж үзвэл зөвхөн бичлэгт гарч байгаа хүмүүс тогтоож, хариуцлага хүлээлгэх үү гэсэн асуулт гарна. Байцаалт явагдаж байгаа өрөөнд орж гарч, эрүүдэж байгаа тэр зоригт “баатруудыг” л шүүх үү. Цаазын ялыг халсан, эрүүдэн шүүхийн эсрэг хууль дүрэмтэй, ардчилсан улсад хүнийг тамлан зовоосон тэр хүмүүс л ял үүрэх үү. Харин тэдэнд эрүүдэн шүүх эрх өгсөн хүн нь яах вэ?! Тэр ялаас мултарч, ард нь чимээгүй үлдэх үү, эсвэл түүнийг ч олж тогтоон эрүү шүүлтийн өмнө аваачих уу. Харин тэр нь хэн бэ. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэгэн үү. Эсвэл хуулийн байгууллагын удирдлага уу. Хэдэн арван жилийн өмнө үйлдэгдсэн энэ хэргийн гол эзэн илрэх гээд хэрэг нь байвал эзэн нь олдоно сандарсандаа үүрэг чиглэл өгч, бусдыг хэлмэгдүүлэв үү. Үгүй бол хуулийн байгууллагын хэн нэгэн дарга ажлаа сайн хийсэн, хуулийг мундаг хэрэгжүүлсэн нэр зүүхийн тулд тэдэнд ял тулгав уу гэх мэтээр олон асуулт бий.

УИХ-ын гишүүд бичлэг үзээд ухаан алдах шахсанаа ярьж байсан. Бас олон нийтэд үзүүлэх, эс үзүүлэх талаар цэц булаалдаж буй. Бичлэгийг хэн үзэж, үзэхгүй байх нь чухал биш. Зөвхөн бичлэг гаргаж ирж, тэрийг үзүүлэх, үзүүлэхгүйн тухай ярьсаар цаг хугацаа хожоод, гол гогцоог мартагнуулах гээд байгаа юм биш биз. Эрүү шүүлтийг гардан гүйцэтгэсэн хүмүүс эхнээсээ хоригдсон гэж дуулдсан. Цаашид ч хоригдох, ял авах хүмүүсийн тоо нэмэгдэнэ биз. Гэхдээ гол эзэн.

С.Зоригийг хөнөөсөн гэж гурван хүнийг шүүж байхад хэргийн ЗАХИАЛАГЧ хэн бэ гэх эрэл сурал гарсан. Гэхдээ хуулийн байгууллагаас энэ асуултад хариулаагүй, хэрэгтэн гэх гурван хүнийг шоронд аваачсан. Одоо ч ялгаагүй, бичлэгт дүр нь гарч байгаа хэдэн хүнд хэрэг үүрүүлж, шоронд хийгээд өнгөрч болзошгүй. Захиалагч нууц хэвээр үлдсэнтэй адил үүрэг өгөгч ч далд хоцрохыг үгүйсгэх аргагүй.

М.Болд

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих