Хан-Уул дүүргийн гудамж талбайн гэрэлтүүлэгт ахиц гарчээ

Хан-Уул дүүргийн мэдэлд гудамж талбайн гэрэлтүүлгийн ажлыг хүлээлгэж өгснөөс хойш найман сар гаруй хугацаанд  дараах шинэчлэлт, сайжруулалтын ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Тухайлбал, Хариуцсан компанийн гүйцэтгэсэн ажлыг Засаг даргын орлогч М.Орхонбаяраар ахлуулсан ажлын хэсэг хүлээн авч хорооны Засаг дарга, хариуцсан хэсгийн ахлагчид хүлээлгэн өгч асалтын мэдээг 14 хоногоор гаргаж, хорооны Засаг даргаар баталгаажуулсаны үндсэн дээр cap бүрийн санхүүжилтыг олгодог зарчим тогтоосон аж.

Мөн гэр хорооллын гэрэлтүүлгийн өдөр тутмын засвар үйлчилгээ хийх ажлыг цахилгаан шугам сүлжээний техникчдэд давхар хариуцуулан гэрээгээр гүйцэтгүүлэх горимд шилжүүлжээ.

Түүнчлэн дүүргийн Засаг даргын нөөц сангаас 43.0 сая төгрөг зарцуулж VII, VIII хороонд 210 ширхэг хуучин гэрэлтүүлгийн толгойг ашиглан асалтын чадамжийг сайжруулж цахилгааны хэмнэлттэй гэрэлтүүлэх чадамж 2-3 дахин ихтэй LED маркийн лампаар солих ажлыг хийсэн байна.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар IX, XIII хорооны гэр хороололд 199 ширхэг, I, II, III хорооны орон сууцны болон нийтийн эзэмшлийн зам талбайд 128 ширхэг гэрэлтүүлгийг тус тус шинээр тавьсан аж.

Дээрх арга хэмжээний үр дүнд гудамж талбайн болон орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн асалтын дундаж 94.7 хувь болж эрс өссөн ахиц гарчээ. Эдүгээ Хан-Уул дүүргийн хэмжээнд гэр хороолол 87.9, орон сууцны хороолол 97.3, нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэг 98.8 хувь нь гэрэлтүүлэгтэй байгаа аж.

Б.Нэргүй


URL:

Сэтгэгдэл бичих