Оюутнууд тайван жагсаал хийхээ мэдэгдлээ

21

Монголын оюутны байгууллагууд нэгдэж сургалтын төлбөрийн нэмэгдлийн асуудлаар болон автобусны хөнгөлөлтийг бууруулж буйг эсэргүүцэж өнөөдөр /2019.04.03/ хэвлэлийн хурал хийлээ. Ардчилсан оюутны холбооны ерөнхийлөгч Н.Лхагвадорж “Сүүлийн жилүүдэд төрөөс оюутанд олгодог тэтгэлгийн хэмжээ хумигдаж байна. Бид өнөөдөр дөрвөн асуудлыг эсэргүүцэж шаардах бичиг, албан тоотыг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.
Нэгдүгээрт, 2003-2013 оны хооронд оюутнууд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог байсан. 2015 оноос хойш зорчих эрх хязгаарлагдаж 44 болсон. Дараа нь зорчих эрхийг 22 болгож буурууллаа. Энэ хөнгөлөлтийн эрхийг буцаан сэргээж, 40 болгох шаардлага хүргүүлж байна. Хоёрдугаарт, “Оюутан цэрэг” хөтөлбөрт жилд дунджаар мянган оюутан хамрагддаг. Дээрх тоог нэмэх буюу оюутан цэргийн квотыг нэмэгдүүлэхийг хүсч байна. Гуравдугаарт, Үндэсний тэтгэлэг буюу 70 мянга 200 төгрөгийг сэргээж олгохыг шаардаж байна. Энэ оны нэгдүгээр сараас МСҮТ-д суралцагчдад 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно гэсэн боловч өнөөдрийг хүртэл олгоогүй юм.
Дөрөвдүгээрт, сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж байна. Нийт их, дээд сургуулийн удирдлагууд өнгөрөгч оны наймдугаар сард төлбөрийг нэмэхгүй хэмээн гурван талт зөвшилцлийн гэрээ хийхээр ам гарсан. Дээрх амлалтдаа хүрэхгүй юм бол тэдгээр сургуулийн удирдлагуудын албан тушаалтай бид тэмцэнэ. Иймд бид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж, нийт оюутан залуустаа энэ сарын 5-ны өдрийн 09.00 цагаас Сүхбаатарын талбайд тайван жагсаалд нэгдэхийг уриалж байна” гэж ярилаа.


URL:

Сэтгэгдэл бичих