Нинжа нар их хэмжээний алт байгаа гэх цуу үгэнд итгэн дээрэм хийжээ

Эндээс бичсэн камер дээрэмчдийг илрүүлжээ.

Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын зааг нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монполимет” ХХК-ийн алтны уурхай руу нинжа нар халдсан хэрэг энэ сарын 12-нд гарчээ. Өнгөрсөн намраас хойш үйл ажиллагаа нь зогсоод байгаа уурхай руу баг өмссөн залуус гэнэт дайран орж хамгаалагч, дотоодын цэргийн харуулуудын хоолойд хутга тулган сүрдүүлж, хагас боловсруулсан алттай шорооноос хоёр шуудайг дээрэмдсэн байна. Энэ талаар сурвалжлахаар Заамар суманд очлоо. Бид эхлээд тус сумын Засаг даргын Тамгын газрын байранд очсон юм. Сумын Засаг дарга Г.Болормаа хөдөөгүүр шалгалтаар явах гэж байхад нь таарлаа. Түүнээс хэргийн талаар тодруулахад, “Манай нутгийн зааг Булган аймгийн Бүрэгхангай суманд айхтар хэрэг гарсан байна лээ. Одоогоор бидэнд мэдэгдсэн зүйл алга байна. Манай нутагт хувиараа алт олборлож байгаа газар газрын хүмүүс бий. Тэдний дотор гэмт хэрэг үйлдэж болзошгүй хүмүүс олон байдаг. Үүнээс өөр мэдэх зүйл алга. Энэ хэрэгтэй холбогдуулан сумын захиргааныхан ажлын баг гарган алтны компаниудад шалгалт хийх гэж байна. Заамар сумыг тойроод 17 алтны компани үйл ажиллагаа явуулж байгаа” гэв.

Ингээд хэрэг гарсан газар руу явлаа. Сумын төвөөс чанх хойшоо явсан замаар давхисаар 30 гаруй  километр яваад “Монполимет” ХХК-ийн алтны уурхай дээр очлоо. Үүдэнд нь Дотоодын цэргийн гурван албан хаагч, гурван хамгаалалтын хувцастай залуус зогсож байлаа. “Уурхайд хамгаалагч нараас өөр ямар ч хүн байхгүй. Дарга, ажилчид нь хот руу явсан” гээд дотогш нэвтрүүлсэнгүй.

2006 оны наамдын өдрүүдэд мянга гаруй нинжа жагсаж, тус алтны уурхайн орд газарт нэвтэрч, улмаар эд зүйлсийг эвдэлж,  Монголын хүчний байгууллагуудыг хөдөлгөж байсан түүхтэй. Мөн үймээн самууны үеэр “Монполимет” ХХК-ийн хамгаалалтын ажилтнууд хоёр хүнийг газар дээр нь нам  буудаж байсан билээ. Заамар сумын хойд зүгт орших нэг уулын ам, хэд хэдэн уулын бэлийг нэлэнхүйд нь  уул уурхайн чиглэлээр ухаж, шар шороо бүхий “вант улс” бүтээжээ. Мөн нэлээн том хашаатай аж. Хөрс хуулалт, шороон орд ухах ажил хийгдсэн болохоор нөхөн сэргээлтийн ажил огт хийгдээгүй юм байх.

ДЭЭРЭМДСЭН ШОРООНООС НЬ 200 МЯНГАН ТӨГРӨГИЙН АЛТ ГАРЧЭЭ

Энэ сарын 12-ны орой Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуул, ахлах дэслэгч Б.Наранбаатар обьектын хамгаалагч О.Сэргэлэн, Ж.Эрдэнэбулган нар харуулд гарчээ. Хуваарийн дагуу оройн хоолоо идчихээд харуулд зогсож байтал гэнэт л  толгойдоо багтай үл таних найман залуу ороод  ирсэн гэнэ. Дээрэмчид шууд л хутга гаргаж ирэн хамгаалагч нарын хоолойд тулгаад “Эвгүй хөдлөх юм бол ална шүү. Аятайхан зогсож байгаад хүлүүлчих” гээд өндөр биетэй залуу уяа гаргаж ирээд хамгаалагч нарын хөл гарыг нь тайлагдахааргүй хүлээд, уурхайн обьект хэсэгт асгасан дутуу угаасан шорооноос шуудайлж аваад зугтаасан аж. Дээрэмчид явсны дараа хамгаалагч нар хүн дуудаж хүлээсээ тайлуулаад Булган аймгийн Бүрэгхангай сумын цагдаад болсон явдлын талаар мэдэгджээ. Дуудлага өгснөөс гурван цагийн дараа Булган аймгийн цагдаагийн хэлтсээс баг гарч хэргийн газарт үзлэг хийх ажлаа эхлүүлсэн байна. Эхэндээ цагдаа нар тус уурхайн хамгаалалтын хэсэг камертай гэдгийг мэдэлгүй хамгаалагч залуусаас хэрэгтнүүд өндөр нам, биеийнх нь онцлог, ямар дуутай байсан гээд л байцаалт авч гарчээ.  Харин  хамгаалагч залуусын нэг “Манайх чинь камертай шүү дээ” хэмээн хэлснээр хэрэгтнүүдийг шууд олжээ. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар дээрэмчин залуус тус уурхайг камертай гэдгийг нь мэдэлгүй хамгаалагч залуусыг хүлж нэг өрөөнд оруулчихаад л багаа авсан юм билээ. Ингээд л тэдний хэн болох нь камерт бичигдэн үлдэж өөрөө өөрсдийгөө цагдаа нарт бариад өгсөн аж.

Тэд цагдаа нарт “Шүүгээгүй шорооноос нь авъя, харуул болон бусад хүнд ямар нэг гэмтэл учруулахгүй шүү гэж тохиролцсон. Гэвч бидний хулгай хийсэн шорооноос бараг юм гараагүй. Хоёр шуудай шороог угаагаад 200 мянган төгрөгтэй л болсон. Алтаа тушаачихаад зогсож байхад цагдаа ирээд баривчилсан” хэмээн мэдүүлжээ. Баригдаад байгаа залуус Заамар суманд олон жил нинжа хийж байгаа юм байна.  “Монполимет” ХХК-ийн алтны уурхайг дээрэмдсэн хэрэгт 19-26 насны найман залууг сэжиглэн саатуулжээ. Хэргийг Булган аймгийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. Бидэнд олдсон мэдээллээр Заамар сумын төвд амьдардаг гурван залуу, Хайлааст баг буюу алтны компаниудын төв болох Сов гэх газарт амьдардаг гурван залуу, Дархан-Уул аймгийн хоёр залуу хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа аж. Тэд хэргээ хүлээгээд байгаа бөгөөд “Монполимет” ХХК-ийн алтны уурхайд дутуу угаасан их алттай шороо байна гэж хамгаалагч залуугаас нь сонссон аж. Тэгээд л их мөнгөтэй болж магадгүй хэмээн дээрэм хийжээ.

ninjaТэд цагдаа нарт мэдүүлэхдээ “Их хэмжээний алт байгаа талаар сонсоод дээрэмдээд зугтаая гэж хоорондоо ярилцсан. Уг нь бол “бух” гарах байх гэж бодсон юм. Даанч бидний авсан шорооноос бараг юм гараагүй. Хоёр шуудай шороог угаагаад 200 мянган төгрөгтэй л болсон.  Тэгээд мөнгөө үрж дуусгачихаад гэр гэртээ харьчихсан зогсож байхад цагдаа нар ирээд л бариад авсан. Бид хамгаалагч залуусыг огт сүрдүүлж, эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй шүү дээ. Мөнгө олдохгүй хэцүүхэн л байна. Үүнээс болоод л ийм юм хийчихлээ” гэх мэдүүлэг өгсөн гэнэ.   Хэрэгт сэжиглэн шалгагдаад байгаа залуус Заамар суманд олон жил алт ухаж байгаа гэсэн.  Бүгд л амьдралын боломж тааруу айлын хүүхдүүд гэдгийг тус сумын цагдаа нар онцолж байсан.

ЗАЛУУС МӨНГӨ ОЛОХ ГЭЖ “УЛААН МАЛГАЙТ”-УУДТАЙ ҮЗЭЖ ТАРЖ БАЙНА

Заамар суманд газар газрын 2000 гаруй нинжа нар алт ухаж байна. Өвлийн улирал болсонтой холбогдон нинжа нарын тоо эрс буураад байгаа нь энэ аж. Харин зун болохоор нинжа нар өт шиг л ярзганаж байдаг аж. Сүүлийн жилүүдэд нинжа нарыг шахаж эхэлсэн гэнэ. Үүнээс болж  тэдний зүгээс хууль бус үйлдэл олон гарах болжээ. Нүхээ булаацалдан зодолдох, нэгнийхээ алттай шороог дээрэмдэх, алтны компаниудын эзэмшил газар руу халдах болжээ.

Энэ талаар Бичил уурхайчдын эрхийг хамгаалах ТББ-ын тэргүүн Г.Ганболдтой ярилцлаа.

-”Монполимет” ХХК-ийн уурхайгаас залуус дээрэм хийсэн хэрэг гарсан байна лээ. Энэ талаар сонссон уу?

-Харин тийм ээ.  Харамсалтай хэрэг гарсан байна лээ. Хэдхэн төгрөгийн төлөө залуус шоронд суух дээрээ тулаад байгаа. Худлаа мэдээлэл аваад л дээрэм хийчихсэн юм билээ. Энд ер нь гар аргаар алт олборлож байгаа хүмүүс байж болохоо байгаад байгаа. Алтны судлууд нь дуусаад байгаа. Тэгээд мөнгө олох гэж улаан малгайтуудтай үзэж тарж байна. Улаан малгайт гэж хамгаалагч, дотоодын цэргийн албан хаагчдыг хэлж байгаа юм. Тэд хүн хайрлана гэж байхгүй. Бороохойдож, давсан сумтай буугаар буудаад зодож нүдээд хэцүү байдаг юм.

-Зүгээр байхад нь тэгнэ гэж байхгүй шүү дээ?

-Уг нь тийм л дээ. Даанч энд зохион байгуулалт гэж алга байна. Сая залуусын алт олборлоод байгаа газар гэхэд л их хэмжээний алтны судалтай газар байдаг юм. Харин энгийн  иргэн бид өдөржин ухаад л багахан хэмжээний алт олж байна шүү дээ.

-Заамар суманд шороонд даруулсан хүмүүс олон бий юу?

-Зөндөө олон байгаа. Өвөл гайгүй байдаг юм. Дулаан ороод ирэхээр л хэцүүднэ. Өнгөрсөн жил гэхэд 20 гаруй залуус шороонд дарагдсан байна лээ. Заамар суманд цаашдаа алтны компани иргэдийн дунд 2006 онд болсон айхтар мөргөлдөөн шиг зүйл давтагдахад ойрхон байгаа. Үүнд сум орон нутгийнхан огт зохицуулалт хийхгүй байна.

Э.ХҮРЭЛБААТАР


URL:

Сэтгэгдэл бичих