Бурхан Бургас хоёрын ялгаа

Онигоо: …Бат хааны цэргүүд хойд зүгийг чиглэн явсаар нэг газар иржээ. Тэнд их хүйтэн байсан тул бүгд ханиад хүрэв. Тэр газрыг “Ханиад” гэж нэрлэсэн нь одоогийн Канад болсон аж. Манай цэргүүд тэр үед ханиадаа яаж эдгээсэн нь маш маргаантай асуудал бөгөөд зарим эрдэмтдийн үзэж байгаагаар анхны пенициллинийг Монголчууд тэгэхэд нээсэн байж болох талтай. Ингээд үүнийг үл өгүүлэн манай цэргүүд асар их хохирол амсан байж нэг их хүйтэн цас мөстэй асга хадтай газар очжээ. Тэнд буудаллаад цай ууж байх зуур цэргүүдийн ахлагч энэ олон асга хадны аль асгыг нь чиглэж явах вэ гэж дуу алдаж, үүнээс үүдэн “Аль асга” буюу Аляска нэр үүссэн гэдэг. За тэгээд л далайгаар явж байгаад нутагтаа ирсэн юм байх. Ирэх замдаа далайдцэргүүд ихээр бээрч, бие биенээ бээрэнгэ бээрэнгэ гэж дооглосоор уг тэнгисийг Берингийн тэнгис болгосон байна…

Энэ хэдийгээр онигоо боловч онигоо оргүй хоосноос гараагүй бололтой.

Нэлээд хэд хоногийн өмнө манай төрийн томчууд байсхийгээд л бидэндээ барьж байдаг сюрпризүүдийн нэг нь яах аргагүй төрийн тулганы гал бадраах ёслол бөгөөд “за яахав хэдэн нөхөр галаар жаахан тоглоо л биз” гэж монгол хүний уужуу ухаанаар хүлээж авч болох болов чиг гал бадраах ёслолдоо эмэгтэй хүн оруулахгүй энэ тэр болж уг ёслолд оролцогсдоос бусдынх нь нүдийг орой дээр нь гаргачихсан юмдаг. За энэ талаар манай бичдэг, нийтэлдэг болгон шахуу л бичсэн болохоор энэ удаад би илүүг эс нэмсүү.  Энэ нийтлэлүүд дотроос Баабарын ТЭНЭГҮҮДИЙН ХӨЛӨГ ОНГОЦ БУЮУ МОНГОЛЫН БУЗАРТСАН ХҮҮХНҮҮД –д бичигдсэн зарим “баримт” –ууд  миний хувьд төрийн гал бадраах ёслолд эмэгтэй хүн орохыг хорьсноос илүү том сюрприз болов оо. Зарим үед “ургуулаад”, зарим үед “тайраад”  бичих нь тухай нийтлэлчийн фантаазын асуудал боловч бурхныг бургастай холих нь нийтэд түгэх нийтлэлийн хувьд арай л дуугүй өнгөрч боломгүй санагдав. Жишээ нь:

“… Овоо тахих ёс бол нүүдэлчдийн нэн эртний заншил. Төвдийн шашин орж ирүүтээ үүнтэй ихэд тэмцсэн боловч дийлээгүй юм. Овоо тахивал тэдэн бодоор торгоно гэх мэтийн Алтан ханы зарлиг гарч л байсан. Сүүлдээ лам нар дийлэхээ болихоороо өөрснөө очиж ёслолыг нь удирдах болжээ. Бөөгийн ёсоор овоо шүтэхэд бургасыг их голчилдог. Бургас аваачиж өрөн шовойлгоно. Бургас гэдэг нь олон тоо, ганц тоон дээр “бурган”. “Бурхан” гэсэн үг эндээс үүдэлтэй гэж доктор С.Дулам нотолдог нь үнэний хувьтай болов уу…”

Би нийтлэлч биш, хэлний мэргэжилтэн бас биш тул миний энэхүү бичлэгийг хэрхэн, аль өнцгөөс хүлээж авах нь уншигч таны л асуудал.

Англи хэл буддын шашны нарийн нэр томьёонуудыг шууд санскрит хэлнээс нь авсан байдаг. Энэ ч ёсоор санскрит хэлэн дэх Будда гэсэн үгийг яг тэр бичигдэх хэлбэрээр нь буюу Buddha гэж англи хэлэнд буулгасан байна. Үүнийг интэрнэтээс Санскрит-Англи хэлний толь бичгээс лавлаж харав. Энэ толь санскрит үсгийг шууд латин үсэгт буулгасан байсан тул хэдийгээр би санскрит хэл мэдэхгүй ч гэлээ үсгийн дарааллаар гүйлгэхэд

-          buddha = awakened, awake; conscious, intelligent, clever, wise…  сэрсэн, сэрэх, ухамсартай, ухаалаг, ухаантай, ухаант мэргэн… гэсэн  тайлбарыг олов. Ганц эх сурвалж хангалтгүй санагдсан тул хайлтаа цааш дэлгэрүүлж дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн дараах толь бичгүүдэд хайж үзлээ.

-          Британника толь:-  Buddha, (Sanskrit: “awakened one”-сэрсэн хүн);

-          Марриам-Вэбстэр толь: Bud·dha – (Sanskrit, enlightened –гэгээрсэн хүн);

-          Оксфорд толь: Buddha – (origin:Sanskrit, literally ‘enlightened’ – гэгээрсэн гэсэн утгатай санскрит үг)

Будда нь – сэрсэн, гэгээрсэн хүн гэсэн утга бүхий санскрит үг гэдэг тайлбарыг эдгээр толь бичгүүдээс харж болох мэт.

Түүхчид Бурхны шашин Монголд гурвантаа дэлгэрснийг нотолдог гэдэг бөгөөд энэ шашин Монголд нэвтрэхэд олон нэр томьёог бидний өвөг дээдсүүд санскрит хэлнээс шууд авсны нэг нь санскрит хэлний Буддха буюу Бурхан юм. Ер нь шашин, судар, дандар, очир гэх мэт монгол хэлэнд санскрит хэлнээс шууд авсан үгс маш олон болой.

Гэтэл санскрит хэлний “Будда” гэсэн үг чухам яагаад монгол хэлэнд “БУРХАН” болсон талаар нэгэнтээ ийм тайлбарыг би уншиж байсан юм. Санскрит хэлэнд дараалсан хоёр “дд” үсэг “р” үсгээр дууддаг бөгөөд энэ ч ёсоор Бу“дд”ха гэсэн үг нь Бу“рх”а болж дуудагддаг. Ингээд “Буддха” нь монгол хэлэнд  “Бурха” буюу энэ үг хувирч “Бурхан” болсон гэдэг юм билээ. Энэхүү тайлбар надад нэлээд үндэслэлтэй санагддаг. Зөвхөн ганц эх сурвалжаас авсан мэдээлэл хэт өрөөсгөл байх явдал олон тул энэ тайлбарын тухай өнгөрсөн жил би Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхны Шашны дээд сургуулийн хичээлийн эрхлэгч, багш Х. Бямбажав ламаас лавлаж асуухад энэхүү тайлбарыг баталж байсан.

Ер нь бидний өвөг дээдэс хэчнээн доройтож мунхарч байсан ч бургас шүттэлээ мунхарч яваа нь үгүй. Нийтлэлчийн бүдүүлэг мунхгаар нь дуудсан бөөгийн шашинтай байхад ч овоон дээр бургас хатгахдаа бургасанд нь бус тухайн газар орны эзэн, лус савдгийг тахидаг гэдгийг бодоход бурхныг бургастай холих шалтгаан болох уу? Үгүй л болов уу!

Бурхан гэсэн үг бургас гэсэн үгнээс үүссэн нь “… үнэний хувьтай болов уу” гэж “үзэгч” нь хэдийгээр төрийн гал бадрааж түүндээ эмэгтэй хүн оруулахгүй гэж балайрагчдаас ордны гадна нь байснаараа ялгаатай боловч солиорлын агаар нь нэг л юм шиг надад харагдах юм.

Нэрт нийтлэлч эрхэм Британника толиор Монголд бизнес хийдэг гэдгээ байн байн ярих бас Британникаг монгол хэлэнд буулгаж, Британникад Монголын тухай мэдээлэл орууллаа гэж ирээд л сайрхах юм билээ. Мэдээж энэ бол маш их хүч, нөр хөдөлмөр зарсан монгол хүний оюунд оруулж байгаа асар их хөрөнгө оруулалт ч гэлээ хэрэв Британика шиг алдартай толиос ганц үг хайгаад харчих, учир утгыг нь зөвөөр ойлгохгүй бурхан бол бургас гэж ирээд л донгосох байсан бол мянган Британикаг Монгол хэлэнд буулгаад хэрэг юун. Би энд Британикаг монгол хэлэнд буулгах нь буруу гэж огтхон ч буруутгах гээгүйг уншигч эрхмүүд ойлгоно биз.

Сүүлийн үед манай зарим Христийн шашинтнууд англи хэлний God гэсэн үгийг бас бурхан гэсэн үгээр шууд орчуулаад л хэрэглэж байгаа тохиолдол их байна. Англи хэлэнд Buddha-г хэзээ ч God гэж орчуулдаггүй. God-ийг бурхан гэж орчуулагсад “Бүтээгч эзэн”, “Сүпэр хүчин”,”Бүхнийг мэдэгч”-ийг гэгээрсэн хүн гэж дуудах нь нөгөө бүхнийг бүтээгч, супер хүчнээ доромжилсон болдгийн байгаа биз дээ.

Бас нэг бөө нөхөр юүтүбэ дээр бурхан гэдэг үгийг ингэж тайлбарлаад сууж байх юм. “Жишээ нь халуун гэсэн үгэнд дээр хан залгахаар халуухан болдог, хүч гэдэг үгэн дээр хан залгах юм бол хүчтэйхэн болдог тэгээд бур буюу худлаа хэл гэсэн үгэн дээр хан залгахаар бурхан болдог. Тэгээд бурхан гэхээр нэг тийм худлаа ярьдаг сүнс байдагийм шиг байгаан…” Хэ хэ хэ хөөрхөн ч юм аа даа.

Би энэ нийтлэлээрээ хэн нэгний алдаа олж хараад түүгээрээ бусдын мууг хайх гэсэнгүй худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэгчлэн энэ мэтчилэн буруу ташаа мэдээлэл нь шинээр үзэл бодол нь төлөвшиж буй залуу хойч үеийнхний маань мэдлэгт анхнаасаа буруугаар бүү суугаасай билээ гэсэн сэтгэлээр бичлээ.

Хэдийгээр би хэлний мэргэжилтэн биш боловч  бурхан гэдэг үгийн гарал, үүслийн талаар бүдүүн зориг гаргаж бага зэрэг бичиглэхийг оролдсонд Монгол хэлний эрдэмтэд, мэргэдээс уучлал эрье.

Ноён цорос Н.Даваасүрэн

Лос Анжэлэс

2012 -1-17


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих