Г.Зандаршатар: Утга учиргүй улстөржилт, талцал хуваагдлыг өнөөдрөөс эхлэн эцэс болгоё

65

УИХ-ын хаврын чуулганыг нээлээ. Чуулганы нээж УИХ-ын дарга Г.Занданшатар  үг хэллээ. Тэрбээр:

-Энэ удаагийн чуулган иргэд олон нийтийн хүсэн хүлээсэн, нийгмийн анхаарлыг татсан олон асуудлыг хэлэлцэн шийдэх гэж байгаагаараа онцлог. Хэлэлцэх асуудлыг гурван бүлэгт хуваасан.

Нэгдүгээрт: Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, иргэний эрх болон улс төрийн эрхийн ОУ-ын факт, эрүүдэн шүүх болон хэрцгий хүнлэг бусаар  хүний нэр төрд халдаж шийтгэхийн эсрэг конвенц болон түүний нэмэлт протоколоор Монгол Улсын хүлээсэн үүрэг түүнийг биелүүлэхийг талаар зохих хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн асуудал олон нийтэд ил болсон. Энэ нь шүүх эрх мэдлийн тогтолцоонд ноцтой байдал үүссэнийг илтгэж байна. Хүний эрхийг хангах үүргээ төр хэрэгжүүлж чадахгүйд хүрлээ. Иймээс хүний ёсноос гадуур доромжлон шийтгэх явдлыг үндсээр нь устгахын эсрэг УИХ хатуу тэмцэх болно.
Хаврын чуулганы эхэнд иргэдийн шударга шүүхээр шүүлгэх  эрх хангах, шүүх эрх мэдлийн тогтолцоог Үндсэн хуульд заасан үзэл баримтлалд нийцүүлэн  улс төр эдийн засгийн бүлэглэл нөлөөллөөс ангид, хараат бус зөвхөн хууль дээдэлж хариуцлагатай ажиллуулах эхлэлийг тавина гэж төлөвлөж байна. Бид хэдхэн хоногийн өмнө ардчилал, хүний эрхийг хамгаалах, шүүх, эрхзүйн тогтолцоонд шинэтгэл авчрах зорилгоор хуульд өөрчлөлт оруулсан. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд хийсэн өөрчлөлтөөр  ҮАБЗ нь  монгол хүн, хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудлаар ШЕЗ-д зөвлөмж гаргах эрхийг олгосон. Гэтэл ҮАБЗ шүүгчийн асуудлыг шийддэг боллоо гэсэн ташаа ойлголтыг түгээж байгааг үүгээр залруулж байна.
Хоёрдугаарт: Хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах нэрээр хариуцлагагүй, сахилга, дэг журамгүй, хуулиар халхавчилсан шударга бус тогтолцоог Үндсэн хуулийн хүрээнд халах шаардлага зүй ёсоор урган гарч байна. УИХ-ын хяналттай хариуцлагатай, Засгийн газрыг хариуцлагатай тогтвортой, шүүх эрх мэдлийг хараат бус хариуцлагатай болгох зорилготой Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болжээ. Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах төслийг бүх талаас нь сайтар нягтлан хэлэлцэн батлахад онцгой анхаарч ажиллахыг хүсье.
Гуравдугаарт: Хуулийн хугацаатай хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн баталдаг бодлогын чухал баримт бичгүүд биднийг хүлээж байна.УИХ-ын гишүүд бид төрийн ёс зүй, сахилга хариуцлага бүхнээс дээгүүр байх учиртай.  Иймд тендер, концесс, хөрөнгө оруулалт, бизнес зээл зэрэг хувийн ашиг сонирхлын зөрчилтэй аливаа асуудалд оролцохыг хориглосон УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагын дүрмийг шинэчлэн боловсруулахыг чиглэл болгож байна.
Учир утгагүй улстөржилт, талцал хуваагдлыг өнөөдрөөс эхлэн эцэс болгож, баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээнээр хууль тогтоох ажилдаа хариуцлагатай хандъя, хамтдаа бурууг засаж, зөвийг засах үйлсэд хүчин зүтгэе гэж уриалж байна аа.

УИХ-ын гишүүд ээ, хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаандаа идэвхтэй оролцохыг хүсье. УИХ-ын хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа нээснийг мэдэгдье хэмээлээ.

Ийнхүү УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийв.

П.ГОО
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.