Хичнээн “согтуу” залуус амиа хорлосны дараа ажлаа өгөх вэ, Д.Жигжиднямаа дарга аа

ршаршбинйтййМонгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам”-д жил дарааллан, хэдэн арван осол бүртгэгдлээ. 2017 онд төмөр замын салбарт нийт 28 осол гарч, эндээс үйлдвэрлэлийн осол 13 бүртгэгдэж байжээ. Хоёр ажилчин нас барж, 10 гаруй ажилтан нь хөдөлмөрийн чадвараа алдсан байдаг. Энэ нь зөвхөн төмөр замын салбарт ажиллаж буй ажилчидтай холбоотой осол. Нөгөө талд энгийн иргэд төмөр замд дайруулж амиа алдсан гэмт хэргийн тоо замаа алдсан. Харин 2018 онд хоёр ч удаагийн том хэмжээний осол гарч, хоёр ажилтан амиа алдаж, мөн тооны ажилтан түлэгджээ.

Тэгвэл хамгийн сүүлд буюу энэ сарын 02-ны өдөр 10.30 цагийн үед УБТЗ-ын хоёрдугаар ангийн есдүгээр хэсгийн бригадын дарга 25 настай Ө гэгч нь зам шалгаж явахдаа вагонд дайруулж амиа алдлаа. Түүнийг ачааны вагон дайрчээ. Осол гарах үед талийгаач тухайн хэсгийн замын аюулгүй байдлыг шалгаж явсан бөгөөд 25-хан насандаа бригадын дарга болно гэдэг нь ажилдаа хэчнээн үнэнч гэдгийг харуулах биз. Эх сурвалжуудын өгсөн мэдээллээр залуу бүдэрч унаад, эргээд босч амжаагүй аж. Энэ салбарт ажилд орсон залуус цэл залуугаараа амиа алддаг ч ослыг нь “амиа хорлолт”, эсвэл ажилдаа хойрго хандсан учраас гэх мэтээр булзааруулаад өнгөрдөг жишиг тогтов.

Тухайлбал, 2018 оны наймдугаар сарын 27-нд Замын-Үүдийн “Өртөө-2” гэдэг газарт төмөр замын ажилтан Б гэгч ажлаа хийж явахдаа вагонд дайруулж амиа алдсан байдаг юм. Талийгаачийн хамгийн сүүлд ажлаа хийгээд явж байгаа бичлэг цахим орчинд цацагдсан бөгөөд бичлэгт залуу хүрз бариад замын хажуу талыг цэвэрлэж байдаг. Гэнэтхэн вагон орж ирэхэд замын хажуу руу бултах гэсэн ч амжилгүй дайруулж буй бичлэг байдаг билээ. Гэтэл энэхүү хэргийг прокурорын байгууллагаас “амиа хорлолт” буюу гадны нөлөөгүй хэмээн хаажээ. Хамгийн эмгэнэлтэй нь залуу хүрз бариад, зам цэвэрлэж явахдаа амиа хорлох уу.

Хэрвээ амьдралаас уйдсан бол ядахдаа л вагон орж ирэхэд хажуу тал руу зугтах гэж бус харин ч урдуур нь үсэрч ороод хорлоно биз дээ. Талийгаач Б нь тухайн оны долдугаар сард Төмөр замын сургууль төгсөж, долдугаар сард ажилдаа орсон байдаг. Ингээд нэгхэн сарын дараа харамсалтайгаар амиа алдсан. Тэрээр УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн тушаалаар замын даргын нэрэмжит үзлэг хийж яваад Олон улсын 112 дугаар вагонд дайруулсан, тэр ч байтугай машинист нь ажилдаа ороод нэгхэн жил болж байсан туршлагагүй нэгэн байсан учраас вагоны дуут дохиог холоос өгөөгүй, эсвэл хурдаа сааруулж чадаагүй гэх. Гэтэл үхсэний хохь, амьдын зол гэсэн өнцгөөр УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа асуудалд хандаж, ажлаа хийж явсан залуугийн буруу буюу амиа хорлох гэж ажилд гарсан болгоод хэргийг хааж орхив.

Талийгаачийн ахын хэвлэлд өгсөн ярилцлагаас харвал тухайн өдөр хамт ажиллаж байсан хүн нь зааварчилгаа өгөхдөө Олон улсын вагон цагаасаа 12 минутаар хоцорч ирэх тухай мэдээлэл өгөөгүй аж. Вагон хоцорч ирэхийг хэлчихсэн бол талийгаач байнга анхааралтай хандаж, зам ширтээд ажлаа хийж болох байжээ. Гэтэл Д.Жигжиднямаа дарга талийгаачийн ар гэрээс уучлалт гуйхын оронд “Талийгаач өөрөө вагоны урдуур орчихсон. Тухайн үед согтуу байсан юм билээ” гэсэн тайлбар өгсөнд талийгаачийн Б-гийн ах Ш.Лувсансүрэн туйлын гомдолтой яваагаа хэлж байна. Монтёр залуу 09.54 минутын үед зааварчилгаа аваад ажилдаа гардаг бөгөөд 12 минутын дараа амиа алджээ. Гэтэл тухайн үеийн бичлэгийг үзүүлдэггүй, зөвхөн зам дээр хүрз бариад зогсож буй гуравхан секундын бичлэгийг л ар гэрийнхэнд нь үзүүлжээ.

Хэргийг өнгөрөгч гуравдугаар сарын 22-ны өдөр хаахдаа “Талийгаач Б нь удирдагчгүйгээр ажиллуулсан болох нь тогтоогдохгүй байх ба хоёр шалтгаан нь осол болоход нөлөөлсөн шалтгаан болоогүй байна” гэсэн дүгнэлт гаргаж өгчээ. Талийгаач залуу архи уусан байсан ч энэ нь түүнийг буруутгах шалтгаан огтхон ч биш. Яагаад ажлын байрны шалгалт явагдаагүй, аюулгүй ажиллагааны дүрмийг удирдлагууд нь мөрдөөгүй хэрэг вэ. Хэн дуртай согтуу этгээд төмөр замын салбарт ажиллаж болдог гэж ойлгогдож байна. Д.Жигжиднямаа гэж хүний удирдаж буй төмөр замын салбар тухайн жил буюу 2018 оныг “Сахилга хариуцлагын жил” болгон зарлачихсан байсан.

Тэгсэн атал согтуу этгээд ажлын байранд очиж, бүр замын даргын тушаалаар аюулгүй байдал шалгаад явж байсан гэхээр сахилга хариуцлага дээд зэргээр алдагдсаныг нотлох хамгийн том жишээ мөн юм биш үү. Үүнийхээ төлөө нас барсан ажилчин чинь биш харин та огцрох ёстой. Согтуу байсныг нь зааварчилгаа өгсөн этгээд мэдсэн бол ажилд гаргахгүй ёсгүй байсан юм. Гэтэл хүрз бариулаад, вагоны зам руу гаргаж байгаа нь шууд утгаараа түүнийг амиа хорло хэмээн хөөж явуулснаас ялгаагүй. Хэрэг гарах үеийн гэрчүүдийн хэлж буйгаар олон улсын вагон залууд тулж ирсэн хойноо дуут дохиогоо өгчээ. Тиймээс л холдож чадалгүй нас барсан байтал өөрийнх нь шууд удирдлага дор хэдэн жил болсон, өөрт нь ёслодог Төмөр замын цагдаагийн газраар хэргийг шалгуулж, эцэст нь “Баяраа өөрөө ширээнээс уначихсан юм билээ” гэдэг дүгнэлт гаргуулаад хэргийг хааж орхив.

Ерөөс УБТЗ-ын салбарт Д.Жигжиднямаа ба түүний дор ажилладаг хэдэн дарга шиг буруугүй хүн байхгүй. Тэд амьтай хүн байтугай, амьгүй биетийг ч буруутан болгож чаддаг гэдгээ мөн л өнгөрөгч онд гарсан том ослын үед харуулж байлаа. Тодруулбал, өнгөрөгч оны тавдугаар сард Дарханы замд төмрийн хийц, үр тариа ачиж явсан олон улсын галт тэрэгний найман вагон 15:15 минутын орчимд замаасаа гарч, онхолдсон юм. Золоор хүний амь эрсдээгүй. Гэвч энэ хэргийг УБТЗ-ын дэргэдэх Төмөр замын цагдаагийн албанаас шалгаад “дэр модны буруу” буюу БОАЖ-ын яамнаас дэр мод бэлтгэх зөвшөөрөл өгөөгүйгээс болж хуучирч муудсан гурван дэр мод задарсан гэх дүгнэлт гаргаж байв.

Гэтэл Монгол Улсын Төмөр замын Зөвлөх инженер Б.Лханаасүрэнгийн хэвлэлд өгсөн ярилцлагаас харвал “Дэр мод гэхээс илүү бага радиустай тахирт зогсох гэж хүчтэй тоормоз гишгэж, огцом хүчтэй угзарч татсанаас үүдэн вагонууд дундаасаа бүлтэрч, замаас гарсан” хэмээн дүгнэжээ. Гурван дэр мод алгасаад нэг бетон дэр тавьж хүчжүүлсэн учраас дарга нарын яриад байгаа шиг ялзарч муудсан гээд байгаа гуравхан дэрнээс болж вагоныг замаас гаргах хэмжээнд зам төмөр тахийж тэлэхгүй, тахирын гаднах зам төмрийн өндөрлөлт ямар нэг хэмжээгээр хийгдсэн газарт солбиу суулт байсан ч 25 км/цагаас бага хурдтай явахад вагон замаас гарахгүй гэнэ.

Шуудхан хэлэхэд, галт тэрэгний диспетчер, өртөөний жижүүрийн буруу үйлдэл, машинчийн ур чадвар дутсанаас болсон осол аж. 2016 онд дарга болсноос хойш Д.Жигжиднямаа гэж хүний хийж хэрэгжүүлсэн ажил гэхээс илүү осол аваар нь илүүтэй бүртгэгдэж, үүндээ өөрөө огтхон ч буруугүй харин ажилтан нь буруутан болоод өнгөрч байна. Акумляторын батарей дэлбэрч хүн амиа алдсан ч аюулгүй ажиллагааг мөрдөөгүй ажилтны буруу болно.

Түүнчлэн, 2017 онд УБТЗ-ын Толгойт өртөөн дахь Зам засварын машинт станц “ПДМС”-ийн сэлгээний зам дээр вагон найруулагч хоёр суудлын вагоныг холбох үеэр завсарт нь хавчуулагдан нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хохирогч 52 настай байсан бөгөөд УБТЗ-д олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэн байжээ. Харин тухайн хэргийг УБТЗ-ын ослын дүгнэлтэд тайлбарлахдаа “Ажил удирдагч хяналт тавиагүй, бригад бүрэн бус байснаас” хэмээгээд хэргийг хааж байжээ. Энэ мэтээр хариуцлагагүйн зуд нүүрлэсэн салбарт жил бүхэн хүний амь эрсдэж, үхсэн нь хохь болоод өнгөрч байх юм.

Хэдхэн өдрийн өмнө амиа алдсан залууг ч төд удахгүй “амиа хорлосон” гэж үзээд хэргийг нь хаачихвал гайхах зүйл алга. Д.Жигжиднямаа гэж хүний удирдсан салбарт осол гарч, 328 хүнтэй вагон осолдоход тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд болон дэд сайд нь ажлаа өгч байсан. Гэтэл ажилтан залуус нь ар араасаа амиа алдаж, вагон нь мөргөлдөж, замаас гараад байхад суудлаасаа ховхордоггүй энэ дарга яагаад буруугүй байдгийг олон хүн гайхдаг.

Магадгүй ОХУ-ын хэвлэлээр нэгэнтээ гарч байсан, орос дарга нарт хахууль өгчихсөн, өнөөдүүл нь түүнийг хамгаалдаг гэх дэл сул яриа ч үнэнд ойрхон сонсогдох болов. Тухайлбал, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч А.С. Мишаринд авлига өгсөн үү гэх яриа ч үнэнд ойрхон сонсогдох болсон учраас Ерөнхий хорооны хурлаа яаралтай хийж, энэ салбарт хариуцлага ярих цаг нэгэнт болсон байна. Учир нь Монгол Улс энэ салбарт хувь эзэмшдэг учраас үнэ цэнгүй болсон төмөр замын ажилтан монгол залуусынхаа амийг ОХУ-ын талаас нэхэх эрхтэй юм.

Dardas.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.