Монголын газар шороо ”халтар царайт” шиг болчихлоо”

Монголын байгаль орчны салбарын үндэсний чуулганы нээлт өнгөрсөн бямба гарагт Төрийн ордонд боллоо. Монгол Улсын бүх аймаг, сумын төлөөлөл оролцсон нийт 1000 орчим хүн чуулга уулзалтад оролцов. Энэ үеэр “Тогтвортой хөгжил-Байгаль орчны засаглал” үндэсний чуулган болсон юм.

Чуулгын үеэр уул уурхай, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаар санал солилцсон. Чуулганыг нээж Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч  Л.Гансүх болон УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл нар нээж, оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тогтвортой хөгжил, стратегийн төлөвлөлтийн газрын дарга Ц.Банзрагч, Байгаль орчны салбарын ахмад ажилтан Т.Энэбиш нар өөрсдийн хийсэн судалгаа, дүгнэлтээ тусгасан сонирхолтой илтгэл тавив. Илтгэлдээ байгаль орчныг хамгаалах, бодлогын шинэчлэл, байгаль орчны стратеги болон мастер төлөвлөгөөний талаар тусгасан байлаа.

Монголын эдийн засаг хурдацтай өсөж байгаагийн гол хөшүүрэг нь байгаль орчин, уул уурхай. Гэтэл олборлох эрх авсан олон зуун уул уурхайн компаниуд мөнгө ууталсан тэр газартаа дахин нөхөн сэргээлт хийдэггүй, өөрсдийн ажил бүтэж байвал болох нь тэр гэх янзаар хэрэгтэй зүйлээ авчихаад сураг алдардаг болсон талаар мөн онцолсон. Үүнд УИХ-ын гишүүд, холбогдох яамдын төлөөлөл нэг саналтай байсан юм. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Оюун Нөөц ашигласны төлбөрийн таван хувийг хуримтлуулах тухай хуулийн төслийг танилцуулж байв. Хуулийн төсөлд тусгаснаар ойрын дөрвөн жилийн дотор уул уурхайн чиглэлийн төсөв дөрөв дахин нэмэгдэх боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ салбараас орж ирж байгаа орлогыг тодорхой санд хуримтлуулна гэсэн үг. Ингэснээр ойрын гурван жилийн дотор 100 тэрбум төгрөгийг хуримтлуулах аж.


URL:

Сэтгэгдэл бичих