Монголын хууль гурав биш нэг хоног

FG_ewYoZfqМонголын хууль гурав хоног гэх нь бий. Хууль батлагдсаны дараа нэг хэсэг овоо хэрэгжиж байгаад мартагддаг гэсэн утгатайлдаа. Хэрэгжих хугацааг нь гуравхан хоногоор зүйрлүүлсэн гэсэн үг. Гэтэл сүүлийн үед батлагдсан зарим хуулийн тухайд гурав хоног ч ихдээд байдаг боллоо. Ерөөс огт хэрэгждэггүй хууль өч төчнөөнөөрөө байна, цаана чинь. Хамгийн ойрын жишээгээр гялгар уутны хэрэглээг хязгаарласан хуулийг нэрлэж болно. Энэ хуулиар арай зузааныг нь хэрэглэхийг зөвшөөрч, нимгэн, хальс шиг хэдийг нь бүрмөсөн хорихыг хичээсэн юм. Гэхдээ энэ шийдвэр бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа билүү. Захын нэг дэлгүүр, цайны газраар ороод хараарай. Өнөөх нимгэн гялгар уутаа аанай л хэрэглэсэн хэвээр байна. Үнэндээ гялгар уутаар үйлчилсээр байгаа эдгээр газрын буруу биш л дээ. Харин орлох зүйлийг нь бэлдээгүй байж хууль баталж, хүчээр тулгахаар муйхарласан тэр хэсэг нөхөд л гол буруутан нь.

“Төмс авах бүрт 100-гийн торонд хийж өгөөд байх хэцүү. Эсвэл энэ шороотой төмсийг чинь гарт нь бариулаад гаргах болж байна уу. Тэр цаасан уут гээд байгаа юм нь жигтэйхэн үнэтэй юм билээ. Жаахан амьдралд нийцсэн хууль баталмаар юм” гэх худалдагчтай таарч л байлаа.

Уг нь энэ хуулийг зөрчвөл иргэнийг 300 мянга, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгоно гэсэн сүржин заалттай. Хуулийн заалтыг хэрэгжүүлвэл хагас кг төмс нимгэн гялгар уутанд аваад явж байгаа хүнийг 300 мянгаар, зарсан худалдагчийг нь гурван саяар торгох нь. Гэвч энэ заалт хэрэгждэггүйг хүн бүр мэдэрч, ам уралдан муу хэлсээр. Нэгэнт хэрэгжүүлж чадахгүй байсан юм бол яах гэж болсон болоогүй хууль баталдаг байна аа. Энэ мэт амьдралд нийцээгүй хуулиудаас болоод Монголын хууль, дүрэм, журам улам үнэгүйдсээр байна.

Бас тамхины хяналтын тухай хууль гэж юм бий. Нэг хэсэг овоо хэрэгжсээн, үүнийг үгүйсгэж болохгүй. Харин одоо бол бар, ресторанд тамхи татаж болохгүй гэх хэсэг нь л овоо хэрэгжиж байх шиг. Бусдаар бол гудамж талбайн хаа сайгүй тамхи баагиулсан залуус. Бүр автобусны буудалд дээр түмэн олныг утаад зогсож байхад тоодог хүн, хариуцлага тооцдог хууль хяналтыхан ч гэж байхгүй.

Уг нь хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй болгохын тулд хэрэгжих орчин, нөхцөлийг нь бэлдэж өгөх ёстой юм. Энэ хуулийн тухайд тамхи татах цэгүүдийг хаа сайгүй байгуулчих хэрэгтэй. Харин үүний дараа олон нийтийн дунд тамхи татаад зогсож байгаа нөхрийг барьж аваад торгоход буруудах зүйл алга. “Таниас 10 алхмын зайд зориулалтын тамхи татах цэг байхад яагаад энд татав” гээд бариад авахад нөгөө нөхөр эсэргүүцэх эрхгүй. Энэ мэтээр хууль амжилттай хэрэгжих орчныг нь бий болгоогүй цагт торгоно, хорино гэж мянга хашхираад нэмэргүй. Бидний үлгэр жишээ авах дуртай гаднын хөгжилтэй орнууд ядаж л тамхины зориулалтын цэгээ энд тэндгүй байгуулчихдаг юм. Нэгэнт ийм цэгтэй бол хүмүүс тэнд нь татахаас өөр сонголтгүй болно. Харин манайд тамхи татах цэгийн тоо хэд байгааг тоолоод үзээрэй. Байдал ийм байхад хуулийн хэрэгжилт яриад ч утга алга. Ер нь тэгээд санаачлан батлуулсан гишүүн нь төрийн ордонд бор дарс хүртэж, тамхи татаж байгаа бичлэг алдагдсанаас хойш тамхины хяналтын тухай хуулийн нэр хүнд навс унасан даа.

Энэ хуульд сургууль, цэцэрлэгээс 500 метр зайд тамхи зарахыг хориглоно гэх марзан заалт бий. 500 метр гэдэг зайг хэн гэдэг нөхөр ямар тооцоо судалгаан дээр үндэслэн гаргаж ирсэн юм, бүү мэд. Хуулиа ягштал баримтлах юм бол хотын төв хэсгээр тамхи зарах зөвшөөрөлтэй ганц ч газар олдохгүй. Тиймээс тамхи олж татахын тулд хотын захын гэр хороолол руу явах шаардлагатай болно гэсэн үг. Хүмүүс сургууль, цэцэрлэгээс 500 метр зайд байрладаг дэлгүүр хайж доншуучлан тэндээс тамхи худалдан авч байна гээд төсөөл дөө. Үнэхээр санаанд буухгүй байгаа биз.

• Сургууль, цэцэрлэгээс 500 метр зайд тамхи зарахыг хориглоно гэх марзан заалт бий.

• Энэ шороотой төмсийг чинь гарт нь бариулаад гаргах болж байна уу. Амьдралд нийцсэн хууль баталмаар юм” гэх худалдагчтай таарч л байлаа.

• Хүүхдээ оронд нь унтуулахдаа заавал үлгэр ярьж өгөх ёстой гэсэн хөх инээд хүргэсэн хууль хүртэл бий гээд бод доо.

Жижгэвтэр сумын төв бол тэр чигээрээ тамхи зарах, татахыг хориглсон цэг болчихоод байна гэж ярьдаг нь оргүй зүйл биш. Энэ тохиолдолд яах ёстой байсан, тэр л жишгийн дагуу тамхины худалдаа нууц хэлбэрт шилжсэн. Лангуун дээр ил өрөөд тавихгүй ч доогуураа бол төрөл төрөл, хайрцаг хайрцгаар нь бэлдээд тавьчихсан байгаа. Тамхи тэдний хувьд орлогын нэг чухал хэсэг болохоор шууд татгалзахад хэцүү байгаа л даа. Тэгээд ч сургуулиас хагас км-ын зайд тамхи зарлаа гээд хэн хохирч, хэний эрх ашгийг хөндөх гээд байгаа юм бол. Ийм нэг хэрэгжсэн гэхэд хэцүү, хэрэгжээгүй гэхэд бүр хэцүү нэгэн хуультай болсон.

Гарцгүй газраар зам хөндлөн гарвал Зөрчлийн хуулийн дагуу 19 мянган төгрөгөөр торгуулна гэдгээ та мэдэх үү. Ихэнх нь мэдэж байгаа. Сонсоогүй хүн нэн ховор байх. Гэсэн хэдий ч дуртай газраараа хөндлөн гүйчихдэг нөхөд хаа сайгүй байсаар. Бүр замын цагдаагийн нүдэн дээр машинд дайруулчих шахан гүйж байгаа хүн олныг харж байлаа. Ингэлээ гээд 19 мянгаар торгууллаа гэж сонссон уу. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш эхний хэдэн сард ганцхан хүн торгууллаа гэсэн мэдээ байгаа харагдсан. Цагдаа нар замын түгжрэл, дүрэм зөрчдөг жолооч нартайгаа зууралдаад явган зорчигчийг анхаарах сөхөөгүй байдаг нь үнэн л дээ. Сайндаа л “дараа дахиж дүрэм зөрчиж болохгүй шүү” гэж сануулаад өнгөрнө. Тиймдээ ч нөхдүүд “Цагдаа нар торгодоггүй юм чинь” гээд аль дуртай газраараа хөндлөн гулд гүйсэн хэвээр байна. Гүйсэн болгоныг торгоод байх хэцүү, торгохгүй байх бүр хэцүү бас нэг хууль байна, цаана чинь. Бүр цаашилбал, дөрвөн замын уулзвар дахь шар тэмдэглэгээтэй хэсэгт зогсож болохгүй гэсэн заалт түгжрэлээс болоод огт хэрэгждэггүй. Ажилдаа яарч яваа, түгжрэлд бухимдаж яваа нөхөд юун тэр заалтыг тоохтой манатай. Ингээд өнөөх шар зураасан дээр хэдэн арваараа түгжрээд зогсчихно. Харин энэ болгоныг торгоод байвал юу болох вэ. Мөн авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж болохгүй гэсэн заалт зөвхөн камертай хэдэн газарт л үйлчилдгийг бид мэднэ.

Ойрын жилүүдэд батлагдсан зарим хууль, дүрмийн талаар цухас дурдахад ийм байна. Үүнээс гадна батлагдсан цагаасаа хойш амьдралд огт хэрэгжээгүй, батлах шаардлагатай байсан, эсэх нь эргэлзээтэй, иргэд огт сонсоогүй цаасанд мөнхөрсөн хууль олон бий. Тэр ч байтугай хүүхдээ оронд нь унтуулахдаа заавал үлгэр ярьж өгөх ёстой гэсэн хөх инээд хүргэсэн хууль хүртэл бий гээд бод доо. Эртнээс уламжилж ирсэн, ээж, аавууд өөрсдөө зовох юмгүй зохицуулсаар өдийг хүрсэн зүйлийг заавал хуульчлах шаардлагатай байсан уу.

Энэ мэт олны элэг доог болсон, бодит амьдралаас тасарсан хууль баталсаар байгаа нь харамсалтай. Түүнийг нь тоож байгаа хүн ч алга. Энэ мэт хууль үйлдвэрлэсээр байвал Монголын хууль гурав биш, нэг хоног гэсэн доог тохуу хийсэн үг бий болох нь.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.