“Шар хантаазтнууд” дахин жагсжээ

157

ПАРИС. /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны засаг захиргааны бодлогыг эсэргүүцэгч “Шар хантаазтнууд” өнгөрсөн бямба гарагт нийслэл Парис болон бусад олон хотод 21 дэх долоо хоногтоо дараалан жагссан байна.

Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, улс даяар өрнөсөн жагсаал цуглаанд 22300 хүн оролцсоноос Парист 4 мянга гаруй хүн жагсжээ. Өнгөрсөн долоо хоногт энэ тоо 33700 байжээ. 2018 оны 11 дүгээр сард хамгийн олон буюу 287710 хүн жагсаж байсан ба тэр цагаас хойш энэхүү тоо аажмаар буурсаар байгаа юм.

“Шар хантаазтнууд” таван сарын турш жагсаал цуглаан өрнүүлээд буй энэ үед Ерөнхийлөгч Э.Макроныг дэмжигчдийн хувь урьд байгаагүй хамгийн бага хэмжээнд хүрчээ.

“Elabe” цахим судалгааны төвөөс гаргасан тайланд мэдээлснээр, 1000 орчим хүний дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд тэдний дөнгөж 28 хувь нь “Э.Макроныг нийгэм, эдийн засгийн хямралыг зохицуулж чадна гэдэгт итгэж байна” хэмээн хариулжээ. Энэ үзүүлэлтийг сарын өмнөх санал асуулгын дүнтэй харьцуулахад 3 хувиар буурсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих