Галт тэргэндээ ачаагаа “дайх” гэж үйлээ үзэж буй Монголчууд

15547860745cac271aa9169Далайд гарцгүй Монгол орны ачаа тээврийн үйлчилгээ галт тэрэг, автомашин гэсэн хоёрхон хэрэгслээр явагддаг. Энэ хоёр тээврийн хэрэгслээр арьс, шир, ноос, ноолуураас эхлээд алт, зэс, нүүрс, төмрийн хүдрээ олон улсын зах зээл дээр хүргэн Монгол Улс амжиргаагаа залгуулж төсвөө бүрдүүлнэ. Олон зууны турш монголчууд малын болон байгалийн гаралтай түүхий эдээ ганзагалан шогшиж будаа гурил, цай, даалимбаар сольж ирсэн тогтолцоо бараг хэвээрээ юм.

ОХУ-ын Засгийн газраас өөрийнхөө төмөр замаар нүүрс тээвэрлэх зөвшөөрөл манай аж ахуйн нэгжүүдэд өгсөн нь хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн ачаа тээвэрлэлт огцом өсөхөд нөлөөлсөн байна. Төмөр замаар явах ачаа бараа нэмэгдэхийн хэрээр ашиг орлого дээрдсэн ч авлига, хүнд суртал араас нь дагажээ. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээр өдөрт 700 ширхэг чингэлэг бүхий ачаа БНХАУ руу зөөхөөр хүчин чадлаа нэмэгдүүлсэн ч Монголчуудын хувьд байдал эрс дордсон байх юм.

ОРОСУУД ЯВЖ ӨНГӨРӨХИЙГ МОНГОЛЧУУД ХҮЛЭЭДЭГ 

Монгол, Орос, Хятадын төмөр замын байгууллагууд БНСВУ-д хуралдаад өдөрт явах 700 ширхэг вагоныг талуудад хуваариласан байдаг юм. 700 вагоныг 14 болгон багцлаад юу юу тээвэрлэхийг тохиролцсон байна. Төмрийн хүдэр дөрвөн цуваа (200 ширхэг вагон), нүүрс хоёр цуваа (100 ширхэг вагон), оросуудын ачаа дөрвөн цуваа (250 вагон), бусад ачаа гурван цуваа (150 ширхэг вагон) болгон хуваарилан өгчээ. Оросуудын тухайд урьд өмнө дөрвөн цуваа буюу 200 вагон мод, нефтийн бүтээгдэхүүн БНХАУ руу гаргасаар иржээ.

Гэтэл Зам тээвэр, хөгжлийн яамны дэд сайд асан Б.Цогтгэрэл, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нарын оролцоотойгоор ОХУ-аас БНХАУ руу зөөх трансит чингэлэгийн тээврийн тарифын хямдралтай нөхцлийг ашиглан Владивосток хотын боомтоор далайгаар тээвэрлэдэг ачаагаа Монголоор тээвэрлэх сонирхол оросын аж ахуй, хувь иргэдэд эрс нэмэгджээ. Энэ сонирхол нэмэгдэхийн хэрээр галт тэргийн олдоц муудаж ар өврийн хаалга нэмэгдсэн юм билээ.

Нэг талаасаа УБТЗ-ын жилд тээвэрлэсэн ачаа тээвэрлэлт нэмэгдэж сайн ажиллаж байгаа мэт боловч ОХУ-ын талаас 250 ширхэг чингэлэг ачаа Монголын нутагт ирээд зөрлөг бүрт таг гацчихна. Улаанбаатар хотод буух ачаа гэж бараг байхгүй учраас үхсэн могой шиг урт вагонууд тэгнээд зогсчихдог. Галт тэргийн эргэлт, зөрлөг бүрт удааширч хөөрхий Монголчууд нүүрс, төмрийн хүдрээ бариад “гэрлэн дохио” дээр 7-14 хоногоор хүлээдэг болсон байх юм. Оросуудын ачаа бараа тээвэрлэлт таван цуваа (250 чингэлэгтэй вагон) дуусахгүй бөгөөд бусад ангилал багтдаг гурван цуваа (150 вагон) хүртэл нэмэгдэж улам их түгжээ үүсгэж монголын экспорт гацаж байна.

ОРОСУУДАД, ХЯМД МОНГОЛЧУУДАД ҮНЭТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Орос, Хятадыг холбосон Монголын төмөр зам 1111 км урттай. Оросууд 40 тоннын чингэлэг ачаагаа БНХАУ-д хүргэхэд 370,63 швейцарь франк төлдөг. Нэг швейцарь франк нь ойролцоогоор 2580-2590 төгрөгийн хооронд хэлбэлздэг юм билээ. Монголчууд 40 тоннын чингэлэг ачаагаа БНХАУ-д хүргэхэд 544,84 швейцарь франк төлнө. Монголчуудынхаа ачааг ийм өндөр үнэтэй урагшаа зөөдөг байхад УБТЗ-ынхан маань оросуудыг сард 200 чингэлэгээс дээш ачаа зөөвөл 25 хувийн хөнгөлөлт эдлүүлдэг гэнэ шүү.

Монголчуудад огт өөр үнэ тариф үйлчилнэ. Тухайлбал ОХУ-аас БНХАУ хүртэл 40 тонны ачаа тээвэрлэхэд 1,810,700 төгрөг төлнө. ОХУ-аас Улаанбаатар хүртэл 393 км төмөр замаар 40 тоннын ачаа зөөхөд бараг 800 орчим мянган төгрөг болно. Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг зэрэг өртөөнөөс БНХАУ-ын Эрээн өртөө рүү нүүрс гаргахад ойролцоогоор 1,7 сая төгрөг болж байх жишээтэй. Урд хилээс 400 орчим км-ийн зайд зөөхөд шүү дээ.

ТӨМРИЙН ХҮДЭР ХИЙГЭЭД НҮҮРС

Монголчуудын хувьд гол валют олж байгаа бүтээгдэхүүн бол нүүрс гэдэгтэй маргахгүй болжээ. Төмөр замаар Дорноговь аймгийн Даланжаргалан сум орчмын нүүрсний уурхайгаас нүүрсээ Хятад улсын Эрээн хотод хүргэдэг. Хоногт 200 вагон нүүрс гаргах төмөр замын хэлцэл, гэрээтэй ч нүүрсээ ачих гэж 7-10 хонохоос гадна олдоц муутай. Нүүрсээ ачуулаад Эрээн хотод очиход ачиж буулгах талбай нь гологдол нүүрсээр дүүрч зай талбайгүй болжээ. Бас тэнд ачиж буулгах талбайд мөнгө төгрөг төлдөг л байлгүй дээ.

ХЯТАДУУДЫН ЗОВЛОН ОРОСЫН ГАЛТ ТЭРЭГ БОЛЖЭЭ

БНХАУ-ын талд ч гэсэн ОХУ-ын галт тэргийн тоо, ачаа барааны хэмжээ ч хүнд дарамт, ачаалал болчихоод байгаа юм байна. Тэдний талаас манайх руу урьдын адил ОХУ-аас 4 галт тэргээ (200 чингэлэг) явуулаач ээ. Оросуудын их ачаа төмөр замын бараа эргэлт, ажлын ачаалал нэмээд байна гэсэн хүсэлт, гомдлыг манай талд тавьдаг юм билээ. Гэвч манай тал ОХУ-ын тээвэр зуучлалын томоохон компаниудад үйлчилсээр байгаа юм. Үйлчлэх шалтгаан юу вэ? 1-рт ОХУ-ын талтай (СОВЕТ) зөвшилцөн Д.Жигжиднямаа мэтийн нөхдийг тавьдаг. Хоёрдугаарт ОХУ-ын тээвэр-зуучлалийн компаниуд, ачаа бараа зөөх сонирхол нэмэгдсэн нь тодорхой албан тушаалтнууд “илүү” орлого олох нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

ЖИГЖИДНЯМААГИЙН ХЭРЭГ ПРОКУРОР ДЭЭР ГАЦАХЫН УЧИР…

Ахмадын холбооны Г.Баасан Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа, Зам тээвэр, хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл нарыг байсхийгээд хуулийн байгууллагад өгч шалгуулдаг. 78 тэрбум төгрөгийн бараа материал нийлүүлсэн, 977 ширхэг эвдэрч гэмтсэн вагон өндөр үнээр шахсан хэмээн АТГ-т өгч шалгуулаад хэрэг явдал Прокурорт хүргэгдсэн. Прокурорт хүргэгдсэн Д.Жигжиднямаа тэргүүтэй хүмүүсийн хэрэг яагаад одоо хүртэл дарагдав гэдэг талаас тайлбарлая.
Ерөнхий Прокурор асан Д.Энх-Амгалангийн дүү Д.Бат-Амгалан Монголын Төмөр замын (Монголын Засгийн газар өөрийн төмөр зам тавихаар байгуулсан компани) 185 ширхэг вагоныг түрээслэн бусдын ачаа зөөдөг. Монголын төмөр зам компани ямар нэг зуучлалгүй, давхар түрээслэхгүйгээр үйл ажиллагаа явуулж болох байсан ч Ерөнхий Прокурорын дүүг техник хэрэгсэл, вагон зэрэг бүхий боломжоор хангаж буйг ахтай нь холбон ойлгож болно.

Монголчууд хэрэглэгч биш үйлдвэрлэгч болох цаг хугацаа ирнэ. Тийм учраас төмөр замын үйлчилгээг монголчуудад үйлчилдэг, тэдний эрх ашиг нэгдүгээрт тавьдаг болмоор байна. Бусдын унаа шиг төмөр замд ачаа дайх гэж үйлээ үздэг байдлыг зогсооё. Оросуудын ачаа бараа тээвэрлэлтийн үнэ тарифыг 1-2 дахин нэмье. Дэлхийн битгий хэл Монголын үнэ тарифаас хэд дахин доогуур үнээр оросууд ачаа зөөж байна. Оросын талд бялдуулчилан албан тушаалтай зууралддаг, шан харамж хүртдэг албан тушаалнуудтай хариуцлага тооцьё. Хувь нийлүүлсэн галт тэргэндээ монголчууд эн тэнцүү үйлчилгээ авах, ачаа зөөх бололцоо олгохыг Засгийн газраас шаардъя.

Б.ЖАРГАЛСАЙХАН

https://www.facebook.com/b.jargalsaikhand/?epa=SEARCH_BOX


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.