Хүний наймаа гудамжнаас биш цахимаас эхэлж мэднэ

223

Холливудын алдарт жүжигчин Гвинет Пелтроу 14 настай охин Аппл Мартинтайгаа авахуулсан зургаа нийгмийн сүлжээнд тараасан нь ихээхэн шуугиан тариад байна. Охин нь цанын нүдний шил зүүсэн болохоор төрх нь тод харагдаагүй энэ зураг яагаад цахим хэрэглэгчдийн халуун сэдэв болов. Бүр 150 мянган хэрэглэгч Like дарж, магтаал, ерөөлийн урт жагсаалт үүсгэсэн байхад шүү дээ.

Гвинетийн охин “Ээж ээ, бид ярилцсан шүү дээ. Та миний зөвшөөрөлгүйгээр миний ямар ч зургийг постолж болохгүй” гэж бухимдангуй шүүмжилсэнд асуудлын гол оршиж байна. Цаашлаад энэ нь эцэг эхчүүд хүүхдийн зургийг нийгмийн сүлжээнд өөрийнхөө үзэмжээр постолж болох эсэхэд маргааныг үүсгэсэн юм.

ХҮНИЙ НҮҮРНИЙ ХЭЛБЭРЭЭР ТАНИХ СИСТЕМ

13 нас хүртлээ хүүхэд нийгмийн сүлжээнд нэрээрээ бүртгүүлэх эрхгүй байдаг. Аав, ээжүүд тэдний зургийг өөрийнхөө дураар нийгмийн сүлжээнд нийтлэх “давуу эрх” ийн үүсч байна. Гэхдээ үүний дараа ямар асуудал урган гарах вэ. Жишээ нь, таны нялх багадаа нүв нүцгэн авахуулсан зургийг Facebook өнөөдөр эргэн сануулбал та дуртай байх уу. Таны ямар нэг эмзэг хэсэг түмэнд ил болж, түүгээр таны нэр төр, сэтгэл санаанд нөлөөлөх үү.

19 настай Конрад Итурбэ ВВС-д ярихдаа “Гэр бүлийнхэн маань миний зургийг нийгмийн сүлжээнд тараасан нь намайг цочроосон. Би зургаа тараах дургүй. Одоо би ээждээ “Миний зургийг зөвшөөрөлгүйгээр постолж болохгүй шүү” гэж захидаг” гэсэн юм. Түүний зургийг хэлэлгүйгээр нийтлэх нь яг л хувийнх нь орон зайд хууль зөрчин халдаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Интернэт дэх зургийг нүүрний хэлбэр, онцлогоор нь таних систем ажилладаг нь мөрдөн мөшгих, тагнах сурвалж болно гэдгээс тэр эмээж байна.

“НЭР, РЕГИСТРИЙН ДУГААРЫГ АШИГЛАЖ БОЛНО”

Эстонийн Тарту дахь Их сургуулийн мэдээллийн судалгааны чиглэлийн профессор Андра Сийбак хэдэн судалгаа хийжээ. “Хүүхдийнхээ зургийг нийтэд тарааж байгаа эцэг эхчүүд өөрсдийгөө барьцаанд оруулж байгаагаа ч анзаардаггүй” гэж профессор Сийбак ярилаа.

“Хүүхдийнхээ төрсөн он, сар, төрсөн газар, бүтэн нэрийг нийгмийн сүлжээнд дэлгэрэнгүй бичсэнээр хэн нэгэн таны хүүхдийн нэрийг хулгайлж, элдэв хууль бус зүйлд ашиглах эрсдэлтэйг анхаарах ёстой” гэж Оксфордын интернэтийн хүрээлэнгийн захирал Викториа Наш хэлж байна. “Та өртгийн талаар эхлээд бодох ёстой. Таны хүүхдийн ирээдүйн амьдралын үнэ өртөг энд яригдаж байна. Ганцхан зураг бүхэл бүтэн ирээдүйг өөрчлөх аюултай гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж Лондоны Эдийн засгийн их сургуулийн нийгмийн сэтгэл судлалын профессор Сониа Ливингтон “theguardian.com”-д ярьжээ.

ХҮҮХДИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ ҮНЭ ТОХИРЧ ХУДАЛДАХЫГ ЗАВДЖЭЭ

Манай улсад 1.2 сая хүүхэд байна. Өсвөр насныхны 70-аас дээш хувь нь цахим орчинд үе тэнгийнхнийхээ дарамтад өртөх, хэлсэн үгийг нь эмзгээр хүлээж авах, бүр цаашлаад амиа хорлохыг завдах хүртэл эрсдэл дагуулдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “108 утасны “Цахим дарамт” төрөлд ирсэн дуудлага 2016-2017 онд эрс ихэссэн. Агуулгаар нь авч үзвэл хүүхдийн нүцгэн зургийг үнэ тохирч, эсвэл зөвшөөрөлгүй авч фэйсбүүк хуудсаар зарсан, нэр төрд нь халдаж, сүрдүүлэхийг оролдсон гэсэн дуудлага ихэссэн” гэжээ.

Түүнчлэн БЗД-ийн Цагдаагийн I хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Пүрэвсүрэн  “Өнгөрсөн жил 14-17 насны охидын үр хөндүүлсэн талаарх судалгааг үзэхэд энэ нь шууд цахим гэмт хэрэгтэй холбогдож байсан. Өсвөр насны охид нийгмийн сүлжээнд эсрэг хүйстнүүдтэйгээ танилцаж, бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болсон тохиолдлууд байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ үйлдэл бүрийг Facebook-т тавих хандлагатай байна. Эсвэл хаяг байршлаа тавьдаг. Нэг бол одоо хөдөө явлаа, тэнд байна, энд байна гээд өөрсдийгөө бүрэн тайлагнаж байна. Үүнээс болж хулгай, хүчирхийлэлд өртөх өгөөш болоод байна. Муугаар бодоход, тухайн хүүхэд хаана, ямар сургуульд сурдаг, насанд хүрсэн үү үгүй юу гээд хулгайч нар сургуулийн орчинд нь очоод дээрэм хийх, асран хамгаалагчгүй явж байхад нь бэлгийн хүчирхийлэл хийх гээд энэ бүх аюулыг дандаа тооцоолж, сэргийлэх хэрэгтэй байна” гэсэн юм.

ЦАХИМД ИДЭВХТЭЙ БАЙДАГ ХҮМҮҮС ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨХ МАГАДЛАЛТАЙ

19 настай Н.Цэлмэг “Би Facebook тэр бүр ашиглаад байдаггүй. Тиймээс ямар нэг асуудал гардаггүй. Нийгмийн сүлжээнд зургаа тавих, хүүхдийнхээ зургийг постлох нь ч бас хүний эрхийн асуудал байх. Нийгмийн сүлжээнд хэтэрхий идэвхтэй байдаг хүмүүс гэмт хэрэгт өртөх эрсдэл байх магадлалтай гэж боддог” гэж ярилаа. Тэгвэл наймдугаар ангийн сурагч Б.Батхүү “Надад таалагдахгүй зургийг постолчихвол мэдээж эвгүй шүү дээ. Миний багын жаахан халтардуу ч юм уу тийм зураг гараад ирвэл би ичнэ. Миний багадаа авахуулсан нүцгэн зургийг аав маань утасны дуудлаган дээр тавьчихсан байсан. Надад ёстой эвгүй байсан. Маш их ичсэн. Над руу залгахаар миний бага насны нүцгэн зураг гарч байсан. Тиймээс бидний нандин гэж хэлж болохоор зургууд заавал олон нийтэд харагдахаар ил байх ёсгүй гэж бодож байна” гэсэн юм.

“БИ 4000 НАЙЗТАЙ ГЭЖ СУРАГЧИД МААНЬ ЯРЬЖ БАЙНА”

“Шавь” цогцолбор сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш А.Наранцэцэг “Хүүхдүүд “Би 4000 найзтай” гэж ярьж байна. 4000 хүнтэй найз байна гэдэг маань өөрөө тухайн хүүхэд гэмт хэрэгт өртөх магадлалыг шууд бий болгож байгаа юм. Хоёрдугаарт, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ямар хүнтэй найзалж байгаа талаар нь ярилцдаг байх хэрэгтэй. Ялангуяа, өсвөр насны эрэгтэй хүүхдүүд хэнтэй ч хамаагүй чаталдаг. Хүүхэд л юм болохоор юу ч бодолгүй биччихсэн зүйлсийг нь нөгөө хүн нь Facebook-т тавьж, сэтгэл санааны дарамтад оруулж байна. 8-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд ийм сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх явдал маш их байна. Энэ үр дагавраас сэргийлэхийн тулд бид цагдаагийн байгууллагатай хүртэл хамтран ажиллаж байсан” гэж ярьсан юм. Баянзүрх дүүргийн хэмжээнд 2018 оны байдлаар 53 хүүхэд ийм гэмт хэрэгт ямар нэгэн байдлаар хохирсон гэсэн дүн гарсныг А.Наранцэцэг хэллээ. Мөн тавиул хүүхдүүд хараа хяналтгүйгээр нийгмийн сүлжээнд өөрийгөө ил тод зарлах, гэмт хэрэгт өртөх магадлал их байгааг сануулж байлаа.

“Хүүхдийг гэмт хэрэгтнүүд хараад шууд л хохирогч болгочихъё, дээрэмдчихье гэж ханддаггүй байх. Үүнийг урьдчилаад нэлээд судалдаг байх. Ингэхдээ найз нөхдөөс нь эсвэл Facebook орчноос мэдээллээ голдуу авч байна” гэж тэрээр мөн нэмж хэлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Цогзолмаа


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.