Н.Батбаяр: Солонгосын лигт тоглох мөрөөдлөө биелүүлэхийн тулд иргэншлээ сольсон

269

Тивдээ чансаа өндөртэй, БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лигт монголчуудаас анх удаа тоглож буй Нарангэрэлийн Батбаяртай ярилцлаа. 24 настай, 192 см өндөр тэрбээр тус улсын “Сөүл Самсунг тандер” багтай нэг жилийн гэрээ байгуулсан юм. Монголоос Гавьяат тамирчин Ц.Шаравжамц, ОУХМ Т.Санчир нар анх гадаадын лигт хүчин зүтгэж байв.

-Эх орондоо хэзээ ирэв. БНСУ-ын дээд лигийн тоглолт дууссан болохоор Монголдоо ирэх боломж, зав гарав уу?

-Тэгсэн. БНСУ-ын дээд лиг дуусаж, хоёр сар амарсан. Өнгөрсөн улиралд манай багийнхан гавьтай амжилт гаргаагүй. Аав, дүү бид гурав Солонгост, ээж энд амьдардаг. Шинэ улирал эхлэхээс өмнө ээжтэйгээ уулзах, амрахаар эх орондоо ирээд 10 гаруй хонож байна. Мэргэжлийн тамирчинд байнгын бэлтгэл их чухал.

Тиймээс ирснээсээ хойш Монголын дээд лигийн “Хан-Уул Хангарьд” багт тоглож байгаа. Солонгост байхдаа Ш.Сэдбазар, Д.Мөнхтүвшин ах нартай ярьж, тус багт түр хугацаанд тоглохоор шийдсэн юм. Тэднээс маш их зүйл сурч, туршлага хуримтлуулж байгаа. “Сөүл Самсунг тандер” багийнхан бэлтгэлээ тавдугаар сарын 20-нд эхлүүлнэ. Тэр хүртэл энд тоглож байгаад буцна.

-Өмнө нь Монголын дээд лигт хүч сорьж байсан бил үү?

-Хоёр жилийн өмнө “Этүгэн ирвэсүүд” багт тоглосон. Багадаа БНСУ-ыг зорьж, 10 жилийн дараа эх орондоо ирсэн юм. Тэр жил лигт өрсөлдчихөөд буцсан.

-БНСУ-ын мэргэжлийн болон Монголын лигт тоглохын ялгаа юу вэ?

-Олон бий. БНСУ-ын лигийн тамирчид зөвхөн сагсан бөмбөг тоглоод амьдрах боломжтой. Цалин, хангамж сайтай. Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт мэргэжлийн түвшинд хараахан хөгжөөгүй, тамирчид ажил хийж, хажуугаар нь лигт тоглодог. Тэгэхээр өөрийгөө таниулах, ур чадвараа ахиулах, томоохон багийнхны хараанд өртөх боломж мэргэжлийн лигт хамаагүй илүү.

-БНСУ-ын дээд лигт тоглох гарцыг хэрхэн олов. Нэлээд шалгуур өндөртэй байсан нь мэдээж.

-Би өнгөрсөн жил Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, Азийн наадамд өрсөлдсөн. Эх орноо төлөөлөн тивийнхээ дэвжээнд анх удаа оролцоход сэтгэл их хөдөлсөн шүү. Бид БНСУ-ын шигшээ багтай тоглоход би их хичээсэн. Өөрийгөө таниулах боломж байсан л даа. Наадмын дараа БНСУ-д очин, дээд лигт тоглох хүсэлт тавьсан юм.

Ерөнхийдөө хэнийг тамирчнаа болгохоо тухайн багийн удирдлага шийддэг юм билээ. Яг л NBA шиг драфтлахад нь би гуравдугаар тойргийн долоо дахь сонголтоор “Сөүл Самсунг тандер” багийн тамирчин болж, нэг жилийн гэрээ байгууллаа. Хугацаа нь ирэх оны тавдугаар сард дуусна. Өнгөрсөн жил шалгаруулалтад 50 гаруй тамирчин хамрагдсанаас 21-ийг нь сонгосон. Тэдний нэг нь би.

-Та мэргэжлийн лигт өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас хойш тоглож байгаа. Тэгэхээр гэрээ нь энэ жил дуусах юм биш үү. Та эсвэл андуурав уу?

-Үгүй ээ, тухайн тамирчны гэрээ шинэ улирал эхлэхэд хүчин төгөлдөр болдог. Би дээд лигийн дундаас багтаа элссэн. Тиймээс өнгөрсөн хугацаанд миний гэрээний хугацаа эхлээгүй байсан юм. “Сөүл Самсунг тандер”-тай байгуулсан гэрээ ирэх зургадугаар сарын 1-нээс “хэрэгжинэ”. Өнгөрсөн хугацаанд би багаасаа цалин авсан, тоглолтод нь тогтмол оролцсон.

-Арай урдуур сонгогдон, олон жилийн гэрээ байгуулах боломж хэр байсан бэ?

-Үнэнийг хэлэхэд өнгөрсөн жил шалгаруулалтад тийм ч сайн тамирчид оролцоогүй. Тиймээс нэлээд урдуур сонгогдох байх гэж бодсон юм. Уг нь нэгдүгээр тойргоор сонгогдсон бол 3-5, хоёрдугаар тойргоор элсвэл 2-3 жилийн гэрээ байгуулж, одоогийнхоосоо өндөр цалин авах боломж надад байсан.

…Яг л NBA шиг драфтлахад нь би гуравдугаар тойргийн долоо дахь сонголтоор “Сөүл Самсунг тандер” багийн тамирчин болж, нэг жилийн гэрээ байгууллаа. Хугацаа нь ирэх оны тавдугаар сард дуусна. Өнгөрсөн жил шалгаруулалтад 50 гаруй тамирчин хамрагдсанаас 21-ийг нь сонгосон. Тэдний нэг нь би…

-Ер нь аль багт тоглохыг хүсдэг байв?

-Багаасаа “Сөүл Самсунг тандер”-т тоглохыг хүсдэг байсан минь биеллээ. Хоёр жилийн өмнө мэргэжлийн сагсан бөмбөгийн “Чун Ан” их сургуульд сурч байхдаа шагнуулж, тус багийнхантай танилцах эрхээр шагнуулсан юм. Тэдэнтэй хамт бэлтгэл хийн, нэг өдрийг сайхан өнгөрүүлэхэд надад их таалагдсан. Тиймээс “Сөүл Самсунг тандер”-ыг бусад багаас онцолсон юм.

-Иргэншлээ солихгүйгээр БНСУ-ын дээд лигт тоглох гарц танд байсан уу?

-Мэдээж легионер болох боломжтой. Бараг NBA-д тоглох хэмжээний ур чадвартай байж л тэгэх үүд нээгдэнэ. Солонгосчууд дээд лигтээ америк, эсвэл европ тоглогч авах сонирхолтой байдаг юм. Шалгуур нь өндөр. Одоогоор тус лигийн легионерын босгыг ганц ч ази тамирчин даваагүй нь үүний илрэл болов уу. Үнэнийг хэлэхэд легионер болох боломж надад байгаагүй.

Би Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 111 дүгээр сургуульд сурч, эмээ, өвөөтэйгөө амьдардаг байсан. 12 настайдаа дүүтэйгээ хамт БНСУ руу явж, аав, ээж дээрээ очсон юм. Түүнээс хойш тэнд амьдарч байна. Солонгост очсоноосоо хойш дээд лигт нь тоглохыг мөрөөдсөн. Түүндээ хүрэхийн тулд мэргэжлийн сагсан бөмбөгийн их сургуульд сурч, өөрийгөө төдийгөөс өдий хүртэл бэлдлээ. Мөрөөдлийнхөө үзүүрээс атгахын тулд иргэншлээ сольсон.

Нэлээд эргэлзэж, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад шийдсэн юм. Аав, ээж хоёр их дэмжсэн, эсэргүүцээгүй. Би ер нь мөрөөдөлдөө хүрэхийн тулд багагүй зүйлийг золиослоод байгаа. Их сургуульд хоёр жил сураад дундаас нь орхисон.

-Тэнд олон жил амьдарч байгаа болохоор хэлний бэрхшээл гардаггүй нь лавтай. Дасахад хамгийн хэцүү нь юу вэ?

-Гүйлт, хурдан довтолгоо. Бэлтгэл дээр үргэлж гүйлгэнэ. Намайг хурдан довтлоход түлхүү ашигладаг.

-Өнгөрсөн хугацаанд гарааны бүрэлдэхүүнд тоглосон уу?

-17 тоглолтод оролцохдоо нэг удаа гараанд гарсан. Нэг тоглолтод 13 минут, 43 секунд өрсөлдөхдөө 13 оноо авч, багийнхандаа нэмэр болсон.

-Тэр тоглолтын дараа БНСУ-ын нэгэн хэвлэлд “Солонгосын лигт монгол залуу гялалзаж байна. Түүнийг тохолтын тэмцээнд оролцуулж яагаад болохгүй гэж” хэмээсэн утга бүхий бүхий нийтлэл гарсныг санаж байна. Солонгосчууд таны тоглолтод ямар дүн тавьж байна вэ?

-(Инээв). Юу ч гэмээр юм бэ дээ. Ер нь ам сайтай байгаа нь анзаарагддаг. Би сайжрахын тулд өдөр бүр хичээн, шаргуу хөдөлмөрлөж байгаа.

-Багын нуруулаг байсан уу?

-Тийм ээ. 12 настайдаа 172 см өндөртэй байлаа. Манай удамд надаас өөр сагсан бөмбөгчин байхгүй. 2014 онд БНСУ-ын дунд, ахлах сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Амжилтын салхиа хагалсан тэр тэмцээнийг дурсах дуртай.

-Таны тоглолтын гол онцлог, давуу тал юу бол?

-Довтлох чадвар юм болов уу. БНСУ-ын дээд лигийнхэн тамирчин сонгохдоо довтлох бус, хамгаалах чадварыг нь чухалчилдаг. Тиймээс хамгаалах чадвараа сайжруулахын тулд их хичээж байгаа. Бид бэлтгэлээ нарийн төлөвлөгөөний дагуу хийдэг. Түүнийгээ өдөр бүр өөрчилж, шинэчилдэг.

-Нэг тоглолтод хамгийн олондоо хэдэн оноо авч байв?

-Хоёр жилийн өмнө “Этүгэн ирвэсүүд” багт тоглож байхдаа нэг удаа 35 оноо авсан.

-Цалин чинь таны амьдралд хангалттай хүрдэг үү?

-Хүрдэг. Сагсан бөмбөг тоглохынхоо хажуугаар ажил хийдэггүй. Үнэндээ тэгэх зав гардаггүй. Мэргэжлийн тамирчин бүх зүйлдээ төгс байхаас өөр аргагүй. Тэгж чадахгүй бол бусдын тоосонд даруулна. Тиймээс би гэлтгүй манай багийнхан долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийдэг. Үүний сацуу тэмцээнд оролцоно. Би сар бүр цалингаасаа илүүчилж хадгалдаг.

-Өнөөгийн залуус гадаадад амьдрах, сурах сонирхолтой болсон. Монголоос л явбал бүх зүйл сайхан болчих юм шиг төсөөлдөг нь цөөнгүй. Энэ талаар Та ямар бодолтой явдаг вэ?

-Мэдээж хүн бүр амар тайван амьдарч, мэдлэг, боловсролтой болохыг хүсэлгүй яах вэ. Гэхдээ гадаадад очоод бүх зүйл сайхан болохгүй, зөндөө асуудалтай тулгарна. Тиймээс юуны түрүүнд Монголдоо сайхан амьдрах боломжийг эрэлхийлээсэй, сайтар судлаасай. Манай улсад олон боломж бий.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Заримдаа дуу сонсдог. За, тэгээд сагсан бөмбөг л тоглодог доо.

-Хамгийн том зорилгоо сонирхуулахгүй юу?

-Юуны түрүүнд гэрээгээ сунган, багтаа олон жил тоглохыг хүсдэг. NBA-д өрсөлдөх боломж гарвал дуртайяа зөвшөөрнө. Би “Голден стэйт уорриорс”-ын тоглогч Клэй Томпсонгоос үлгэрлэж, түүн шиг болохыг мөрөөддөг. Миний тоглолтын хэв маяг түүнийхтэй төстэй.

-Таны таамгаар энэ жил NBA-д аль баг түрүүлэх бол?

-Би “Голден стэйт уорриорс” багийг дэмждэг. Тэд энэ жил түрүүлэх байх. “Дайчид”-тай аваргын төлөө “Мелоуки бакс” өрсөлдөх болов уу.

-БНСУ руу хэзээ буцах вэ?

-Монголынхоо дээд лигт тоглож байгаад тавдугаар сарын эхээр буцна. БНСУ-ын дээд лигийн шинэ улирал арваннэгдүгээр сард эхэлнэ. Тиймээс бэлтгэлээ улам сайн хийж, багийнхаа гол тоглогчдын нэг болохын төлөө зүтгэнэ дээ.

Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих