Капитал банк дампуурсан ба Цэргүүд Төмөр зам барихаар болсон долоо хоног

322

АН бүлэггүй болсноо мэдэгдлээ

УИХ дахь АН-ын бүлэг Мягмар гарагт хуралдаж УИХ-д бүлэггүй болсноо зарлалаа. Хуралдааны дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болж албан ёсоор бүлэг тарснаа пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргад мэдэгдэнэ.Гэхдээ бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болчих юм биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдагаараа явуулна. Зөвлөлийн хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдэж байна” гэсэн юм.

Бүлэггүй болсоноо УИХ-ын даргад мэдэгдэхийн зэрэгцээ зөвлөл байгуулах талаар долоон гишүүний гарын үсэг бүхий албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлнэ гэв. Зөвлөлийн даргаар Д.Эрдэнэбатыг улираан томилжээ.

——————————-

Капитал банкийг татан буулгахаар боллоо

Даваа гарагийн 14 цаг 30 минутад Монголбанк хэвлэлийн хурал зарлав. Монголбанкны хэвлэлийн хурлаар Капитал банкыг татан буулгах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.

Капитал Банкны эрх хүлээн авах ажиллагааг Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн захирал М.Адилбиш удирдахаар болжээ.

Капитал банкны хувьд чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа нь банкны нийт зээлийн багцын 80%-тай тэнцэж байна.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар банкны хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөгт хүрчээ.

Хадгаламжийн даатгалын корпораци иргэд, аж ахуйн нэгжийн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг ямар нэгэн хохиролгүйгээр олгох бөгөөд ингэхдээ ХААН Банкаар дамжуулан олгох юм байна.

——————————————————

Төрийн өндөр албан тушаалтан, хуулийн байгууллагынхны оролцсон хэргийг шалгах ажлын хэсэг байгууллаа

Улсын Ерөнхий Прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсгийн прокурорууд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуул, Цагдаагийн байгууллагын албан хаагч холбогдсон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа ээдрээтэй, хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж, олны анхааралд орсон эрүүгийн хэргүүдийг татаж хянах болжээ.

Хэргүүдийг хянаснаар мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж, шуурхай шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа бөгөөд хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргуулахгүй байхад онцгойлон анхаарахыг даалгасан байна. Ажлын хэсгээс өгсөн чиглэл, даалгаврын хэрэгжилтийг хангуулж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэт явуулж дууссаны дараа бодитой мэдээллийг нийтэд хүргэж байхаар шийдвэрлэжээ.

—————————————————————–

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барихад Монгол цэргүүдийг дайчилна

Лхагва гарагт Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан төмөр замын талаар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийлээ.

Тэрбээр, мэдээллийнхээ эхэнд “Өнөөдрийн гарсан Засгийн газрын тогтоолоор Тавантолгой-Зүүн баян чиглэлийн 414.6 километр төмөр замыг Монгол Улс өөрийн дотоодын бололцоог ашиглан барих боллоо. Энэ жил Эрдэнэс Таван толгойн цэвэр ашиг 807 тэрбум төгрөг болсон ба үүний 750 тэрбум төгрөгийг Монголын төмөр замын бондыг худалдаж авах зарчмаар дотоодын бүтээн байгуулалт болгохыг батлаад байна.

Ингэснээр дотоодын бүтээн байгуулалт болох юм. Бонд гаргагч нь Монголын Төмөр зам, бонд худалдаж авч буй байгууллага нь Эрдэнэс Таван толгой харин гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч нь Монгол Улсын зэвсэгт хүчний жанжин штаб юм. Өөрөөр хэлбэл бид цэргийнхээ хүч, бололцоогоор бүтээн байгуулалтыг босгох юм.

Үүнд 1,800 цэргийн албан хаагч оролцох ба санхүүгийн асуудал шийдэгдсэн тохиолдолд тавдугаар сараас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ” гэв.

————————————————-

Ё.Баатарбилэг: Зургаан нас хүрээгүй хүүхдийг нэгдүгээр ангид элсүүлэхгүй

Мягмар гарагт БСШУЯ-ы сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрбээр “Уралдаант шалгуур нэрээр 30-50 мянган төгрөгийн хураамж авч сургуульдаа оруулдаг явдал гарч байна. Энэ нь нэг талаараа бизнес болчихоод байгаа юм. 1000 орчим хүүхэд бүртгэж аваад 150 орчмыг нь л авдаг үзэгдэл их байна. Тиймээс энэ явдлыг зогсоох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр дөнгөж цэцэрлэгээ төгсөж байгаа зургаан настай хүүхдүүд ямар шалгалт өгөх вэ дээ. Дээрээс нь зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй байх тушаал гарсан. Энэ нь эцэг эхчүүд болон хүүхдүүдэд аль алинд нь хэрэгтэй. Харин тухайн ондоо 72 сар хүрэх хүүхдийг элсүүлнэ” хэмээн онцоллоо.

Тодруулбал, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019.04.05-нд А/200 тоот тушаал гаргажээ. Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалд хэд хэдэн чухал асуудал багтсан байна. Тодруулбал,

Урлагийн төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургуулиас бусад Ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангид элсэгчийг аливаа хэлбэрийн шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулахыг өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт даалгав.

Өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид тухайн онд 6 нас хүрээгүй хүүхдийг элсүүлэхийг хориглов.

Ерөнхий боловсролын сургуулийн байршил, хэв шинж, сургалтын орчноос хамаарсан чанарын яалгаатай байдлыг арилгах, сургууль бүр сургалтыг чанартай зохион байгуулахад чиглэсэн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл болгов.

Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг бүтээн байгуулалт, аймаг, нийслэлийн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан, судалгаанд үндэслэн шинэчлэн тогтоох арга хэмжээ авахыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, нийслэлийн Боловсролын газрын дарга нар тус тус үүрэг болгожээ.

—————————————————————

Налайхын замын ажил дуустал иргэд түр хугацаанд дараах чиглэлээр зорчино

“Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих” төслийн замын барилгын ажлыг энэ сарын 15-наас эхлүүлж, 2019 оны арваннэгдүгээр 30 гэхэд дуусгах үүргийг Засгийн газраас өгсөн.

Уг замын барилгын ажил дуусах хүртэл иргэд түр хугацаанд дараах чиглэлийн замыг сонгон зорчих юм байна.

Үүнд: Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатар чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-Дөрөвдүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар”, “Улаанбаатар-Зуунмод-Дөрөвдүгээр зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр зорчих аж.

Харин нийт жин нь 3,5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчих юм байна.

————————————————–

Монголын багш нарын VII их хурал Төрийн ордонд боллоо

Монгол улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголын багш нарын VII их хурал хоёр өдөр Төрийн ордонд боллоо. Хурлаар Хууль эрх зүйн шинэчлэл, Сургалтын бодлого, Багшийн хөгжил, ёс зүй, Багшийн үнэлэмж гэсэн асуудлаар 47 мянга гаруй багшийг төлөөлж 800 багш чуулсан байна.

Энэ удаагийн их хурлаар 2005 оноос 11 жилийн тогтолцоонд, 2008 оноос 12 жилийн тогтолцоонд шилжсэн ерөнхий боловсролын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн ололт, амжилт, сургамжийг нэгтгэн дүгнэх, Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчинд хийгдсэн шинэчлэлийн хэрэгжилт, багшийн өмнө тулгамдаж асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцжээ.

Мөн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр сүүлийн 16 жилд 3 удаа өөрчлөгдсөний үр дагавар, сургамж, сургалтын хөтөлбөр, сурах бичгийн тогтвортой байдлыг хангах асуудлыг хууль, эрх зүйн орчны хувьд баталгаажуулалт хийх асуудлыг хөндөх болно. Шинэ цаг үе, нийгмийн шаардлагад нийцсэн монгол хүүхдийн дүр төрх /2030 оны иргэн/, тэднийг бэлтгэх, төлөвшүүлэхэд багшийн үүрэг, оролцоо, боловсролын зорилгыг тодорхойлох, багш бэлтгэх тогтолцооны гажуудал, багш бэлтгэх бодлогын үр ашигтай хувилбарыг хэлэлцэх нь хурлын бас нэг онцлог болов.

———————————————————–

Батаарын олдворыг АНУ-аас эргүүлэн авчрахаар болжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хилээр хууль бусаар гаргаж худалдсан палеонтологийн олдворыг АНУ-аас эргүүлэн авчирч музейд хүлээлгэн өгөх шийдвэр гаргажээ. Энэхүү ажлыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав.

Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн толгойн олдвор нь Монгол Улсын өмч болохыг АНУ-ын шүүх хурлаар эцэслэн тогтоосон байна.

——————————————————–

“Чингис хааны өв, соёлын хүрээлэн” байгуулахаар боллоо

Засгийн газрын ээлжит хурлаар “Чингис хааны өв, соёлын хүрээлэн” байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Тус хүрээлэнг байгуулснаар “Мянганы суут хүн-Чингис хаан”-ы Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг гадаад, дотоодод дагнан сурталчлах, таниулах, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар ШУ болгон хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Сүүлийн үед Чингис хааныг өөрсдөөсөө гаралтай гэх зэргээр өмчлөх хандлагыг зарим улс орнууд ил тод илэрхийлэх болсон. БНХАУ-ын ӨМӨЗО гэхэд бодлогоор Чингис хаан судлалд онцгой анхаарч, их хэмжээний санхүүжилт гарган судалгааны олон чиглэлээр ажиллаж Чингис хаан судлалыг ӨМӨЗО-нд төвлөрүүлэх хандлагатай болсон. Дэлхий нийтэд ч Чингис хаан, 13-р зууны үеийн түүх, соёлын талаарх бодитой ойлголт хангалтгүй байгаа. АНУ-ын дунд сургуулиудад л гэхэд Хубилай хаан бол түүхэндээ Хятадын хаан байсан гэж зааж байна.

Чингис хааны өв, соёлын хүрээлэнтэй болсноор Чингис хааны нэр, хаяг, хөрөг зураг, хөшөө дурсгалын дүрсийг хэрхэн ашиглах асуудлыг ч хуульчлах боломжтой болох юм.

Энэ мэтээр олон жил яригдсан ч шийдэгдэлгүй өнөөг хүрсэн, Чингис хааны өв, соёлын хүрээлэн байгуулах бодитой олон шалтгаан байсан. Тиймээс энэ бүхнийг Засгийн газар харгалзан үзээд их хаантай холбоотой асуудалд Монгол төрийн нэгдсэн бодлого, зохицуулалттай болох, Чингис хаан судлаач гадаад, дотоодын түүхч, эрдэмтэн, судлаачдын оролцоог нэг чигт хандуулах зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан гэхэд болно.

Өөр нэг чухал асуудал бол Монгол улсад түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх ЗГ-ын шийдвэр тус хүрээлэнд төвлөрч, бодит ажил болох юм.

ЗГ-ын 2017 оны 05 дугаар сарын сарын 10-ны өдрийн 142-р тогтоолоор баталсан “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрт “Мянганы суут хүн Их эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний паркыг Хэнтий аймагт байгуулахаар, тус аймгийг түүхэн аялал жуулчлалын өлгий нутаг болгохоор тусгасан юм.

Тиймээс Монгол улсын 2018 оны төсвийн тухай хуулийн хүрээнд Чингис хот-Норовлин-Дадал чиглэлийн 250 км хатуу хучилттай авто зам барих, “Их Монгол улс, Монголын эзэнт гүрэн” цогцолборыг Биндэр суманд, “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” цогцолборыг Батноров суманд байгуулахаар болсон.

Мөн Чингис хааны төрсөн нутаг Дадал суманд “Мянганы суут хүн –Их эзэн Чингис хаан” төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бүтээн байгуулахаар өнгөрсөн онд ЗГ-аас шийдвэр гаргасан бөгөөд эдгээр томоохон бүтээн байгуулалтын ажлууд өнөөдөр тухайн орон нутагт эхлээд явж байгаа билээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх Сурвалж: Zaluu.com

http://www.zaluu.com/read/338h06d3c


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.