Г.Уянга: Жагсаалын үеэр үймээн болохгүй

Монголын үйлдвэрчний эв­лэлийн холбооноос маргааш орон даяар жагсаал зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл өчигдөр Амлалт нэхэх ард түмний холбооноос МҮЭХ болон жагсагчдыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн юм. Тус холбооноос орон нутгийн төлөөлөл болон өөрийн гишүүддээ хандан мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлдээ “Шатахууны бизнес бол эрх баригч олигополь бүлэглэлийн гарт бүрэн байдаг, түүнийг хэдэн төгрөгөөр нэмж, бууруулахыг тэр олигархууд мэддэг, төр нь түүнийг хянаж чаддаггүй, шатахуун импортлогчид төр зохицуулж чадахаа больсон. Тиймээс энэ удаагийн МҮЭ-ээс зохион байгуулж байгаа орон даяархи жагсаалд манай холбооны гишүүд болон ард түмэн нэгдээсэй гэж хүсч байна. Амлалтаа биелүүлдэггүй УИХ-ын гишүүд, Засгийн газар нь хэдхэн импортлогч компаниудынхаа үйлдлийг таслан зогсоож чадахгүй байгаа нь тэдний ажлаа хэрхэн хийж байгаагийн илрэл юм. Бидний цорын ганц арга бол тэмцэх юм. Шатахууны үнэ нэмэгдсэнээс хамгийн их хохирсон нь ард иргэд. Жагсаалд оролцохыг уриалж байна” гэжээ.

Амлалт нэхэх ард түмний холбоо жагсаалд хэрхэн оролцох талаар тус холбооны дарга Г.Уянгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай холбоо өмнө нь олон удаа жагсаал цуглаан хийж байсан. Та бүхний жагсаал тодорхой үр дүнд хүрээгүй. Энэ удаагийн жагсаалд оролцоод ямар нэг үр дүнд хүрнэ гэж бодож байна уу?

-Өмнө нь бид олон удаа жагсаал цуглаан хийж байсан ч огт үр дүнд хүрээгүй хэлж болохгүй. Бидний дуу хоолойг сонсч, тавьсан шаардлагад хариулт өгч байсан.  Гэхдээ л УИХ-ын сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлэхгүй хэвээр байна. Ард түмэн бидэнтэй нэгдэж, дуу хоолойгоо илэрхийлэх ёстой. Саяны шатахууны үнийн өсөлт үнэхээр иргэдэд нөлөөлсөн нь мэдэгдэж байна. Манай холбоонд маш олон хүмүүс хандаж байгаа. Биднийг жагсахыг  хүсч байна. Үнийн өсөлт, инфляци хамгийн их нөлөөлж байгаа хүмүүс нь иргэд. Энэ удаагийн шатахууны нэмэгдэл маш их нөлөөлсөн нь анзаарагдаж байна. Тиймээс ард түмэн бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэж чадвал үр дүнд хүрэх болно.

-АНАТ холбооноос хэдэн хүн оролцохоо мэдэгдээд байна вэ?

-Манайх албан ёсоор 160 гаруй мянган гишүүнтэй. Бид хэвлэл мэдээллээр болон бололцоогоо ашиглан гишүүдээ ч, ард иргэдээ ч уриалж байгаа. Яг тэд жагсана гэж хэлж чадахгүй байна.  Хүн бүр л нэгдээсэй гэж хүсч байна. Үнэхээр туйлдаа хүрсэн үгээгүйчүүд болон хувирсан ард иргэд бухимдлаар дүүрэн байна.

-Таны хэлсэнчлэн бухимдлаар дүүрсэн иргэд жагсаалын үеэр ямар нэг үймээн самуун дэгдээвэл яах вэ. Долдугаар сарын 1-ний үймээн одоо хариуцах эзэнгүй болсон шүү дээ?

-Өнгөрсөн сонгуулийн дүнгээс болж үүссэн нөхцөл шалтгаан буюу долдугаар сарын 1 шиг зүйл болохгүй. Тайван замаар эсэргүүцлээ илэрхийлнэ. Долдугаар сарын 1 шиг зүйл болно гэж иргэдийг айлгах, сүрдүүлэхийг хүсч байгаа бол эндүүрэл болно. Иргэдийг жагсаалд оролцуулахгүй гэж иймэрхүү зүйл ярих хэрэггүй. Угаасаа хүмүүсийн бухимдал, туйлдал эцэстээ хүрсэн байгаа хэний нүдэднд ил байгаа  шүү дээ.

Валютын ханшны өөрчлөлтөөс шатахууны үнэ нэмэгдэж, үүнийг дагаад  өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулан Засгийн газарт гурван талт хэлэлцээ хийх саналыг МҮЭХ-ноос удаа дараа тавин, өнгөрөгч баасан гариг хүртэл хүлээсэн боловч хариу өгөөгүй гэнэ.  Тиймээс МҮЭХ-ноос маргааш буюу энэ сарын 20-ны 12.00 цагт нийслэлд Сүхбаатарын талбайд, 21 аймаг бүрт мөн зохион байгуулагдаж улс орон даяар эсэргүүцлийн жагсаал хийнэ гэсэн.  Жагсаалыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж үйл ажиллагаандаа орсон гэв. Тус холбооноос одоогоор жагсаал хийх зөвшөөрлөө авахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүсэлтээ гаргаад хөөцөлдөж байгаа гэсэн юм.

Улс орон даяар зарлаж буй уг жагсаалд МҮЭХ-ний гишүүд, Амлалт нэхэх ард түмний холбоо болон Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн холбооноос нэгдэхээ мэдэгдээд байгаа билээ. Мөн жагсаал хийх талаараа өнөөдөр 12.00 цагт МҮЭ холбооноос хэвлэлийн хурал хийх юм байна.

Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэсээс жагсаалын зөвшөөрөл өгөх эсэх талаар тодруулахад “Зөвшөөрлийг нь олгосон. Жагсаал цуглаан зохион байгуулсан тохиолдолд манай дүүргийн цагдаагийн хэлтэсээс бэлэн байдал зарлаж ажиллах болно” гэлээ.

Ш.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.