“Төр, засгийг өвлөнө гэдэг дэлхийн шившиг”

БНАСАУ-ын лидер агсан Ким Чен Ирийн ууган хүү, өдгөө гэр бүлийн хамт Макаод амьдарч буй Ким Сен Нам саяхан талийгаач эцгийнхээ дараа Хойд Солонгосын лидерээр өргөмжлөгдсөн отгон дүү Ким Чен Уны талаар ингэж хэлжээ. Японы “Tokyo Shimbun” сонины сэтгүүлчтэй онлайнаар ярилцах үедээ Ким Чен Нам энэ үгийг хэлсэн байна. Тэрбээр мөн отгон дүүдээ Хойд Солонгост ардчилсан өөрчлөлтүүд хийх хэрэгтэй хэмээн зөвлөөд, Ким Чен Ирийн ууган хүү атлаа өөрөө яагаад эцгийнхээ ажил албыг залгамжлаагүй талаараа тайлбарлажээ.

Ким Чен Намыг гадаадад сурч байхад нь түүний хойд эх нь эцэг нэгтэй дүү нарыг нь төрүүлсэн байна. “Би гадаадад удаан хугацаагаар сурч байхдаа капиталист залуу болсон. Миний үзэл бодол өөрөөр эргэснийг эцэг маань мэдрээд бусад дүү нарыг гадаадад богино хугацаагаар сургадаг болсон. Би үзэл бодлоосоо болж эцэгтэйгээ таарамжгүй болсон” гэжээ.

Ким Чен Ир ууган хүүгээ залгамжлагч болгоогүйн өөр нэг шалтгаан нь Ким Чен Нам 2001 онд хуурамч паспортоор Япон руу гарахыг оролдсоноос болсон ч гэдэг. Япон руу гарах гэсэн шалтгаанаа тухайн үед “Диснейлендэд очиж үзэх гэсэн” хэмээн тайлбарлаж байсан юм.

“Шинэ зуун гараад байхад гурван үеэрээ нэг улсын төр, засгийг өвлөнө гэдэг дэлхийн шившиг. БНХАУ үүнийг дэмжиж байгаа ч Солонгосын хойгийн хойд хэсгийг тогтвортой байлгах гэсэн шалтгаанаар л дэмждэг” гэж Ким Чен Нам хэлжээ.

Д.ОЮУН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.