60 мянган доллар: Тооцоо юу, үлгэр үү. Хоосон амлалтаас татгалзъя

УИХ-ын 2012 оны сонгуулийн кампани эхэлжээ. Сонгуулийн шинэ хуулийн долоодугаар бүлгийн 34 зүйл “Сонгуулийн мөрийн хөтөлбөр” нэртэй. Энэ зүйлд нам, эвсэл бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тодорхой шаардлагууд тавьсан нь зөв зүйтэй болсон юм.

Хуулийн 34.3-д “сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, эсхүл зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, түүнчлэн үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, эсхүл ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авахаар тусгахыг хориглоно” гэж заасан.

Энэ заалтаар хувь хишиг буюу бэлэн мөнгө амлах явдлыг зогсох байх гэж найдаж байна.

Хуулийн 34.4 -д “Нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээ тусгагдсан тохиолдолд түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн байна” гэж заасан. Энэ хуулийн зургаа дугаар зүйлд төсвийн тусгай шаардлага гэдгийг дараах байдлаар тодорхойлсон Тухайлбал, “Төсөвт дараах тусгай шаардлагууд нэгэн зэрэг хангагдсан байна.

6.1.1.нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх;
6.1.2-нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх,
6.1.3.тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх;
6.1.4.уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн дүрмийн санд хувь оруулах зориулалттай бөгөөд тухайн хуулийн этгээдийн ирээдүйн ашгаас эргэн төлөгдөх нөхцөлтэй байгуулсан гэрээний дагуу авсан Засгийн газрын зээл, эсхүл гэрээний энэхүү нөхцөлөөр гаргасан Засгийн газрын баталгааг хамааруулахгүйгээр тооцсон улсын ерийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх” гэж тус тус тодорхойлсон байна.

Эндээс харахад төсвийн зарлага эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөс хэтрэхгүй байх тул их зүйл амлах бололцоогүй болж байна. Зээл авч зарлагаа нэмэгдүүлье гэхэд түүнийг нь ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй гэж хязгаарлаж өгчээ.

Энэ бүгдээс харахад сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтууд ихээхэн хязгаарлагдмал байдалд орж байна. Намуудын сонгуулийн хөтөлбөрийг улс төрчид цээжний бангаараа боловсруулдаг үе өнгөрч байна.

Гэвч эдийн засгаа сайн мэддэг хүмүүс эдгээр хязгаарын дотор маш чадварлаг тоглох боломжууд байна. Иймд эдийн засагчид, судлаачидтай хэн хамтарч ажиллаж чадна тэр сайн хөтөлбөртэй орж, сонгогчдын саналыг илүү татах болно.

Одоогийн байдлаар МАН, АН хоёр эдийн засагчид, судлаачидтай хамтарч ажилласан юм алга. АН тодорхой бус асуудлаар судалгааны уралдаан зарласан байсан. Эндээс үр дүн үр өгөөж горьдоод хэрэггүй. МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд 20 жилийн дараа нэг хүнд оногдох ДНБ 60000 ам.доллар болно гэсэн хэтэрхий хийсвэр тоо ярих боллоо. Энэ судалгааг МАН-ын залуучууд хийсэн гэдэг. Эдгээрийн нэг УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын ярилцлагыг уншаад үзэхэд ямар нэг үндэслэл нотолгоо байтугай эдийн засгийн талаар “А” байхгүй нөхөр байна гэдэг нь харагдах юм. ҮХШХ-ын дарга Ч.Хашчулуун энэ тооцоог хийсэн гэж нэг нөхөр ярьж байсан.

Тэгвэл тэрбээр МУИС-т байхын бичсэн зүйлд нь эдийн засгийн үнэр ч байдаггүй байсан. Хэдэн жилийн өмнө П.Хашчулууны хөгжлийн бодлогын асуудлаар нээг доктортой хамтарч тавьж байсан илтгэлийг нь би шүүмжилж, дараа нь над руу харааж дайрж байсан.

Ч.Хашчулуун, Ж.Энхбаяр хоёрын бололтой хоосон мөрөөдлийг эрдэмтдээр сайтар шүүлгэн хэлэлцүүлэхгүйгээр МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд шүүрэн авч ард түмэндээ тунхаглан зарлаж буй нь мөхөс надад их харамсалтай санагдав. Иймд энэ 60 мянгын тооцоогоо нийтэд дэлгэн тавихыг МАН-ын даргаас хүсч байна.

Эс тэгвээс эдийн засагч эрдэмтэд 60 мянган ам.доллар гэдгийг мянгуужингийн үлгэр гэж шоолж ярьж байна.

Эдийн засгийн тооцоо үндэслэлгүй зүйл ярихаа болих нь, улстөрчдийн цээжний бангаар хөтөлбөр хийхээ болих нь, улс төрийн соёл намуудад нэвтэрч эхлэх нь үү гэж байсан чинь улам цайм худлаа залах явдлыг МАН дахин эхэлж байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл мөхөс надад төрж байна. Үүнийг “үгүй” гэж нотлож өгөхийг МАН-ын залуусаас хүсье.

Тоймч Н.Дашзэвэг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.