Ассанж Европын парламентын шагналын эзэн болжээ

 5cb68c5aef545“WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжид Европын парламентын нэр хүндтэй шагнал болох Мальта улсын сэтгүүлч Дафне Каруана Галициягийн нэрэмжит хэвлэлийн эрх чөлөөний шагналыг олгосон тухай “The Sydney Morning Herald” сонин мэдээлжээ.

Уг шагналыг 1976 онд Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн Мейрид Корриган Ассанжийн төлөөлөгчийн хувиар гардан авсан байна. Шагналыг Страсбург хот дахь Европын Холбооны парламентын төв байранд гардуулжээ.  Европын парламент дахь зүүний намуудын фракц Ассанжийг энэ шагналд нэр дэвшүүлсэн байна.

Их Британи, АНУ болон хэд хэдэн улсын Засгийн газрын үйл ажиллагааны талаарх нууц материалуудыг нийтэлдэг “WikiLeaks” цахим хуудсыг Ассанж 2006 онд үүсгэн байгуулжээ. Хүчингийн хэргээр өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн Швед улсын талд шилжүүлэн өгөхөөс зайлсхийхийн тулд тэрбээр 2012 онд Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадор улсын Элчин сайдын яамнаас /ЭСЯ/ орогнох эрх хүссэн юм. Үүнээс хойш Ассанж 7 жил тус улсын ЭСЯ-нд нуугдаж байсан билээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Эквадорын ЭСЯ цаашид орогнуулахаас татгалзсаны дараа түүнийг баривчилжээ.

Дафне Каруана Галиция бол Мальта улсын төрийн дээд албан тушаалтнуудтай холбоотой авлигын хэргийн талаар эрэн сурвалжилдаг сэтгүүлч байсан юм. Түүний автомашин 2017 оны 10 дугаар сарын 16-нд дэлбэрч, сэтгүүлч эмэгтэй газар дээрээ амиа алджээ. Хэдийгээр Мальтын эрх баригчид мөрдөн шалгах ажлыг АНУ-ын Холбооны мөрдөх товчоотой хамтран явуулж, буруутныг шийтгэнэ гэж амласан боловч энэ гэмт хэрэгт хэн ч ял шийтгэл хүлээгээгүй байна. Европын парламент сэтгүүлч эмэгтэйн дурсгалд зориулж, сэтгүүлч нарт болон хүний эрхийг хамгаалагчдад олгодог шагналыг түүний нэрэмжит болгожээ. Дафне Каруана Галицияд мөн уг шагналыг 2018 оны 10 дугаар сарын 23-нд нэхэн олгосон байна.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.