Х.Тэргэл: Хадам ээж

550

Орхисон шагай шиг торойх хоёр гэрийн хаяа шуулттай агаад, таван ханатай их гэр дээр хатааж буй ааруул, ээзгий цайрч, шуулттай гэрийн хаяагаар хүүхдүүдийн хөөр баяртай инээлдэх дуун цангинана.

Гэрийн эзэн дөч орчим насны эр морио уяж, эмээлээ тэврээд гэрийн хаалгаар ортол хэдэн хүүхэд нь хөгшин ээждээ чихэр ид хэмээн хонины хоргол өгч буйг харан
-Яадаг годронгууд вэ, та нар гарцгаа гэж зандархад 5-10 насны орчим тэрсхэн гурван хүүхдүүд год үсрэн хаалгаар нүцгэн хөлийн тавхай уралдуулан алга болов.
-Чигяатүрүү нар та нарыг дээ гайгүй гэж нэг сайн хашгирч өгөөд баруун орны урд бөгцийн суугаа хөгшин рүү ойртон очиж гартаа атгасан хонины хорголыг нь авах гэтэл, байг гэм хүүхдүүд надад чихэр өгсөн юм шүү дээ хүүхээ гэхэд
Ээж минь хүүхдүүд танаар дамшиглаад хонины хоргол өгсөн байна шүү дээ, алив хүүдээ аль гэхэд гар нь моонийж, үс нь ширэлдсэн үрчгэр эмгэн алгаа тэнийлгэв.
Хорлоо эмгэний нүд мөрөө үзхээ байгаад гурван жил үзжээ. Хүүг нь байхгүй бол ач бэр нь байсхийгээд л дамшиглаад удаж байгаа аж. Ялангуяа дүрсгүй гурван ач нар нь хөгшнөөр мөн ч их элдэвлэнэ. Аргалыг ааруул гэж, цасыг мөсөн чихэр гэж, чулууг цаасанд боогоод бэлэг гэж, үгүй мөн ч их хуурна.
Хөгшин дэмий л зандрах ч яаж ч үл хүчрэх.
Хааяа бэрдээ үглэвэл бэр нь хүүхдүүдээ зад өмөөрнө. Ийнхүү хөгшин залуу нийлсэн 6 хүн хөдөөгийн нэгэн хэвийн амьдралыг элээнэ. Хорлоо эмгэн уг нь төрсөн гурван хүүхэдтэй ч ганц хүү Хүрэл л ээжийгээ асарсаар удаж байгаа нь энэ. Нүд нь үздэг байхдаа Хорлоо хөгшин зүгээр эс сууна. Гэрт гадаагүй хамаг ажлыг амжуулж, арьс нэхий элдэж, даавуу даалимба, торгоны өөдсөөр хүүхдүүддээ дээл хувцас, баривч урлана. Бүр лааны гэрэлд шөнө дөлөөр сууж оёход муу хүү нь л ээжээ та ядарчихна, унтаж амарч үз дээ гэж санаа тавих. Уг нь үнэндээ Хорлоо хоёр том охиноо төрүүлсэнээс хойш дахин гурван удаа жирэмсэлсэн ч гурвуул хүн болох хувьгүй байсан юм. Тээр жил хадланд явсан өвгөн нь нэг өдөр гэнэт нэг хүү сундлаад ирдэг намар хүү 3 орчим настай байсан юм. Өвгөн нь хар цагаан дуугүй суугаад байдаг, Хорлоо юу гэж асуух, хэлхээ ч мэдэхгүй байж байтал гэнэт л Хүрэл хүү – Ээжээ би өлсөөд байна гэж хэлхэд Хорлоо өөрийн эрхгүй за гээд хүүг хооллож ундалхад бяцхан хүү суугаагаараа божийтол хурхирхыг хараад өөрийн эрхгүй өрөвдөж их хол зам туулаад ядарчдээ эвий минь, ямар амьтны үр юм бол доо, арай манай хүн гэх шүү элдвийг бодон нөхрөө царайчлан харавч нэг ингээд хүрлийхээрээ хэдэн өдөр сараар ч ус балгасан юм шиг дуугардаггүй занг нь мэдэх тул бушуухан л араг савраа аваад аргал түүнгээ хөдөө ганцаараа уйлж дуулж дураараа байх минь гээд гарч одсонсон.
Хааяа Хүрлийг хоёр хацраас нь татаж байгаад л нөхөртэй нь адил юм уу үгүй юу гэж шинжиж гарна, бас унтаж байхад нь гэнэт л өөрийн эрхгүй ширтэнэ. Миний таньдаг хэн нэгэнтэй адил байна уу, за байз арай өвгөний дээр бага залуудаа хальт ярьж байсан анхны хайр майр гээд байдаг Цэндээгээс гарсан юм биш байгаа гэх мэтээр элдэв бодол хөвөрдөж байсан ч өвгөн нь Хүрлийг 18 хүрдэг жил өөд болохын өмнөхөн ингэж ярьж билээ.
-Хорлоо минь би чиний өмнө нүгэлгүй амьдарсан юм шүү. Хүүгийн тухайд би хээрээс олсон юм . Гэхдээ үүнийг хүүд ч тэр охидод ч тэр бүү дурсаарай. Хүүгээ хажиглаж хялалзалгүй өдий хүргэсэнд баярлалаа чамдаа төөрч ирсэн үр минь байсан юм байлгүй дээ гэж бодож хайрлаж яваарай чи минь. Хожим хоёр хүүхдээс ч илүү чамайг минь харж ч магад шүү гэж хэлээд би унтмаар байна гээд үүрдийн нойрт автсан юм.
Тиймээ хөгшин нь үнэхээр үнэн хэлсэнийг тун ч удалгүй Хорлоо өөрийн биеэр амсаж байгаа билээ. Хүү нь Хорлоог эхнэр хүүхдээсээ ч илүү үзнэ. Усанд оруулах, үсийг нь самнах гээд учиргүй зөөлөн гартай. Эвий миний төөрч ирсэн үр минь гэж Хорлоо хөгшин бодохдоо гадаад гэдэг оронд суугаад үл ирэх хоёр охиндоо гомдоно. Хөдөөгийн амьдрал үргэлжилсээр л Хорлоо хөгшний нүд юм үзэхээ больсноос хойш гурван жил өнгөрчээ.
Өглөө бүүр түүрхэн үүрээр хоёр хүн маргаад ч байх шиг, зүүдлээд байна уу гэж бодоод чагнаархвал бэр нь уйлж байх шиг
-Өвчтэй эхийн чинь баас шээсийг гурван жил зөөлөө, яасан ч үхэж далд ордоггүй юм бэ, чи ямар өдөржин гэрийн бараа харах биш адуу мал гээд. Илүү гэрт оруулъя. Хүүхдүүд ч томорлоо. Халуун ам бүлээрээ байж үзэхсэн гэх.
Хүрэл хар цагаан дуу гарсангүй. Яг л энэ тал дээр өвгөнийг нь өвчсөн юм шиг дуурайсныг Хорлоо хөгшин хааяа гайхдагсан. Өглөө босоод бэрийн аягалж гарт нь дуртай дургүй атгуулдаг цайг ч оочлохыг хүссэнгүй. Бас том ач нь гарт нь бариулдаг хэдэн боорцгоо ч шүдгүй буйлаараа мэрсэнгүй. Эмгэн өдөржин юм бодож суув. Ээжээ гэж Хүрлийн дуу гархад сая л нэг анзаарч ээж та цай цүй ч уусангүй. Яамаар байна, гадаа гэрийн сүүдэрт суух уу гэхэд миний хүү, ээж нь аргалд явмаар байна, ээждээ араг үүрүүлээд савар гарт бариулаад өгөөч гэхэд, Ээжээ та чинь юу ярина вэ, яаж аргал түүхгээ вэ таг сохор юм байж гэж зүүнтэйгээс бэрийн загнах дуун гархад хөгшний сохор нүднээс хоёр том дусал нулимс үрчгэр нүүрийг нь дамжин доошлохыг харсан Хүрэл
За тэгье ээ ээжээ, хоёулаа аргалд явъя даа гэхэд гал дээр сүү хөөрүүлж суусан эхнэр нь та хоёр чинь солиороо юу зөнөг, тэнэг хоёр чинь гэж үглэхэд Хүрэл ээжээ хөтлөн гарлаа.
Ийнхүү сохор ээжээ хөтлөн аргал түүхээр одох нөхрийнхөө араас эхнэр нь аашилж хүүхдүүддээ уураа гарган тачигнах нь эх хүү хоёрыг холдон холдтол сонсогдож байлаа. Хүрэл нэг удаа ч болохноо өөрийг нь аашилж загнаж байгаагүй, дандаа хоёр эгчээс нь өмөөрч байсан ээжийгээ хөтлөн зөрүүлж шидэх аргалыг нь гараараа авч арганд нь шидэлж байхдаа ээжийгээ өрөвдөн өөрийн эрхгүй дал мөр нь чичрэв.Миний хүү, ээж нь амрая гэх дуунаар Хүрэл ээжийнхээ мөрнөөс аргыг авч, ээжийгээ газар зөөлөн суулгав. Миний хүү нааш ир ээ гээд ээж нь шал өөр зүгт гараа алдлан тэврэхэд Хүрэл гүйж очин ээжийнхээ энгэрт толгойгоо наав.
Миний хүү ээ, өнөөдрөөс ээж нь жижиг гэрт ормоор байна.
Миний хүү ээжийгээ бишгүй сайхан асарч байнаа. Эхнэртээ буруу өгөх хэрэггүй ээ хүү минь. Цэрмаа муу хүүхэн бишээ, өнчин өрөөсөн өссөн зовлон үзсэн хүн шүү дээ, ам нь л хааяа түрүүлдчихдэгээс биш хүнээр бол муу хүн биш шүү дээ. Ээж нь хүүдээ их баярлаж байна аа. Миний хүү сайн явнаа. Тэнгэр бурхан миний хүүгийн заяа буяныг харна гэж толгойг нь багынх шигээ үнэрлээд за хүүхээ гэртээ харьяа даа ижий нь өлсөж ундаасах нь гээд босов. Тэр өдрөөс хойш ээж нь илүү гэрт орж Хүрэл ээжийгээ ойр ойрхон эргэж хэрэгтэй бүхнийг нь дөхүүлсээр сар гаран болжээ.
Өглөө эрт босоод ээжийнхээ гэр лүү данхтай цайгаа барьсаар Хүрэлийг ороход ээж нь унтсаар л байх шиг харагдахад цайгаа тавиад гарах гэснээ нэг л сонин совин татах шиг болоход ээжээ, ээжээ гэсээр эрээн даавуун хөнжлийн захаас татвал ээж нь аль хэдийн бурхны орноо одсон байх нь тэр. Хүрэл ээжийнхээ толгойг тэврэн уйлж суухад ээжийнх нь дэрэн тушаа нандигнан боосон баадантай зүйл харагдав. Баадантайг задлан үзвэл Хүрэл хоёр эгчтэйгээ, бас аавтайгаа авахуулсан зураг. Харин хэзээ ч ээж нь зургаа авахуулж үзээгүйг гэнэт сая л санаж харамсав.
Хөөрхий ээж минь ганц удаа ч болохноо зургаа авахуулж байсангүй, тэнэг хүү нь ч үүнийг санасангүй. Нүд нь юм үзэхээ болихоос өмнө нэг удаа зургыг нь авхуулчихаагүйдээ өөрийгөө зүхэв.Хүрэлд ээж нь ааваас нь үлдсэн гаанс, хөөрөг, таван ханатай гэр, мал хуй бүгдийг өгсөн юм. Харин тэр бааданд эхнэр хүний дээр үеийн толгойн гоёо, жинхэнэ шүр сувдтай мөнгөн сам, том улаан шүрэн бугуйвч энэ бүгдийг боож бэлдээд бас нэг зурвас бичсэнийг олов. “Бэр Цэрмаад ээжээс нь” гэжээ.
Хүрэл энэ бүгдийг тэвэрч гараад эхнэр дээрээ очиж нулимс дүүрэн нүдээр эхнэрээ ширтэж байснаа үг дуугүй өвөр дээр нь тавьчихаад гарч одов.
Цэрмаа учрыг гайхан энийг ч тэрийг ч барилан үзээд “бэр Цэрмаад ээжээс нь ” гэсэн алга дарам зурвасыг базлан хадам эхээ энэ олон жилийн турш үргэлж ад үзэж, хоолны багыг, хувцасны мууг л уцаарлан уцаарлан шиддэг байсан нь нүднийх нь өмнүүр жирэлзэхэд өвөр дээр нь тооноор шагайх нарны гэрэлд хадам ээжийнх нь бэрдээ үлдээсэн шүр сувд шигтгэсэн мөнгөн эдлэлүүд тодоос тод гялалзан байлаа. Хар аяндаа асгарах нулимс нь дэндүү гашуун шорвог амттай
байсныг Цэрмаа сая л ухаарсан ч бүх зүйл хэдийн оройтжээ .
ЭРГЭЖ БҮҮ ХАР. Номын хэсгээс. 
Интерном, Аз хур, Билэг, гандангийн Номун соёл дэлгүүрүүдээр тус тус худалдаалагдаж байна байна.
Мөн book sale, booklo уруу залгаад үнэгүй хүргүүлээд аваарай. 
Утас 94027000, 94069091

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.