Хайртай залуугийнхаа гарт амиа алдах бүсгүйчүүдийн нас залуужсаар …

 556

Энэ хорвоод хүн хосоороо амьдрах хувь тавилантай. Тийм ч учраас бид хэн нэгнийг насан туршдаа хайрлан халамжилж, үр хүүхэдтэй болж сайхан гэр бүлийг цогцлоохын тулд сонголт хийдэг. Энэ сонголт бол маш чухал. Нэг сонгосон бол өөрчилж үл болно. Гэвч өнөөгийн нийгэмд охид, бүсгүйчүүд маань энэ чухал сонголтдоо хайнга хандаж ханиа буруу сонгосноос үл ойлголцох, салах бүр цаашлаад зэрлэг догшин нөхрийнхөө гарт эцэг, эх, үр хүүхэд, хамаатан саднаа алдах тохиолдол ихээр гарах болсон.

Энэ нь насан туршдаа  амьдрах  ханиа гүйцэд таньж мэдээгүй байж яаран нэг гэрт орж хамт амьдардаг, гадаад үзэмж, эд хөрөнгө харж нэг насны ханиа сонгодогтой холбоотой. Мөн амьдрал үзээгүй танхил охиныхоо ирээдүйн амьдралаа шийдэх хамгийн чухал сонголтод хайхрамжгүй хандаж, анхаарал хандуулдаггүй эцэг эхчүүдийн буруу юм.

Уг нь нэг насаараа хамт амьдрах чухал сонголтоо хийхдээ маш нухацтай бодож, гадаад үзэмж, эрх мэдэл, эд хөрөнгөнөөс илүү гэр бүлийн хүмүүжил, зан ааш, харилцаа гэх мэт зүйлсийг харж сонголтоо хийх нь чухал. Эцэг эхчүүд ч гэсэн энэ асуудалд маш хариуцлагатай хандаж зөв сонголт хийхэд нь туслах хэрэгтэй.

Гэтэл өнөөгийн нийгэмд эцэг эхчүүд насаараа хайрлаж өсгөсөн охин үрээ 20 гарангуут нь л ” Хүнтэй гэрлээч , хүүхэдтэй болооч, за тэгээд нэг хачин юм дагуулаад ирэв, орох оронтой, унах машинтай аятайхан юм дагуулж ирээрэй” гэх мэт үгийг тоть шиг давтаж, яаруулж эхэлдэг. Энэ нь амьдрал үзээгүй бяцхан охидыг алдаатай сонголт руу түлхэж, өнөөгийн нийгэмд гарч буй аймшигт хэргүүд гарах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Тодруулбал, хань нөхрөө зөв сонгоогүйгээс болж нөхрийнхөө, найз залуугийнхаа гарт амиа алдсан аймшигт хэргүүд сүүлийн жилүүдэд ихээр гарах болсон.

Тухайлбал, 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 248 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Тиймээс охид бүсгүйчүүддээ анхааруулах, сэрэмжлүүлэх үүднээс зарим нэг жишээг дуулгая.

Баримт 1:

Энэ сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн орон сууцны 13 давхрын цонхноос 1997 онд төрсөн 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Албан бус эх сурвалжууд, Талийгаач найз залуу 25 настай Б гэгчтэй тус байранд хамтран амьдардаг байсан бөгөөд тухайн өдөр Ц-г бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон байж болзошгүй гэж мэдээллээд байгаа юм. Охины аав Д.Сүхжаргал хайртай охиныг нь амьдралын ханиа гэж сонгосон найз залуу нь 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон гэж үзэж байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Баримт 2:

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 22-нд Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрнаас хоёр хүн унаж нас барсан хэрэг гарсан. Тодруулбал, хардалтын улмаас 22 настай М нь найз охин болох 17 настай Э-г хутгалж хөнөөгөөд цонхоор шидэж, дараа нь өөрөө цонхоор үсэрч нас барсан байдаг.

Хань нөхрөө зөв сонгоогүйгээс болж нөхрийнхөө, найз залуугийнхаа гарт өөрийн хайртай хүмүүсээ алдсан аймшигт хэргүүд ч олон байдаг юм байна.

Баримт 3:

2013 онд хүргэн нь хадмынхаа гэр бүлийн зургаан хүнийг амьдаар нь шатааж амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн XIV хороонд амьдардаг хадмындаа шөнө дөлөөр агсам тавьж, улмаар галдан шатааж зургаан хүний амь насыг хохироосон аймшигт хэрэг олныг цочроож байсан юм.

Түүнд чанга дэглэмтэй хорих ангид 25 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тэрбээр гэр бүлийн маргаанаас үүдэн эхнэр, хадам аав, ээж, дүү нарын нийт зургаан хүнрүү бензин цацаж өөрийн хамт галдан шатаасан билээ. Харин энэ ослоос хэрэгтэн Л.Наранбаатар ганцаар амьд үлдсэн ч Эрүүгийн хуулийн 97-р зүйлд заасны дагуу олон хүний амь насыг харгис, хэрцгий нийтэд аюултай аргаар хөнөөсөн гэсэн үндэслэлээр ялын дээд хэмжээ оноосон байдаг.

Баримт 4:

2008 онд 36 настай Г.Алтанцоож гэгч салсан эхнэрээ бусадтай хардсаны улмаас дөрвөн хүний амь насыг  хохироосон явдал гарсан юм. Гэмт этгээд Г.Алтанцоож эхнэр Ж.Бумгэрэлээ үргэлж бусадтай хардан, зодсоор 2007 онд гэр бүл салжээ. Гэр бүлээ салсны дараа  Ж.Бумгэрэлийн шинэ найз залууг гэрийнхэнтэй нь хамт амьдаар нь шатаасан аймшигт хэрэг гарсан юм. Тодруулбал, Шөнө унтаж байхад нь гэрийн бүрээсэнд гал тавиад хаалгыг нь хүнд зүйлээр дарчхаад зугтжээ. Гэрт Ж.Бумгэрэлийн найз залуу Б.Баянмөнх, түүний хүү таван настай Б.Билгүүн, аав 78 настай Буянжаргал, ээж 73 настай Ж.Лхамхүү нар унтаж байжээ. Гал дүрэлзэн асч гэрийн унь хугаран унахад Б.Баянмөнх сэрж хүүгээ тэврээд гарахаар босчээ. Асаж буй улайссан халуун эсгий түүний гар дээр унахад тэрбээр хүүгээ алдаж унагаад өөрөө гэрийн үүдээ эвдлэн гарсан гэдэг. Аав ээж нь унтаагаараа хорвоогийн мөнх бусыг үзжээ. Энэ аймшигт хэргийн дараа Б.Баянмөнх амьд үлдсэн ч түлэнхийн шархаа даалгүй гурав хоноод нас барсан байдаг.

Ийнхүү нэг гэр бүлийн дөрвөн хүнийг амьдаар нь шатаасан Г.Алтанцоожид ялын дээд хэмжээ оноосон юм.

Баримт 5:

2015 онд  цагдаагийн алба хаагч эмэгтэй дүүтэйгээ суулгахгүй гэж хэлснийхээ төлөө дүүгийн найз залуугийн гарт амиа алдсан аймшигт хэрэг гарсан. Тодруулбал, Хохирогч түүнийг дүүтэйгээ суулгахгүй гэсэн тул гэр бүлийнхэнд нь халдаж хоёр хүний амь насыг бүрэлгэж, хоёр хүнийг хүнд гэмтээсэн ноцтой хэрэг гарсан юм. Тэрбээр, шөнө унтаж байхад нь гэрт нь орж Цагдаагийн I хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, хошууч Ц-г болон түүний аавын амийг хөнөөсөн бөгөөд хамт байсан хохирогчийн ээж, ахыг нь бас хутгалж хүнд гэмтээсэн байдаг. Хэргийг үйлдсэн П.Батбаяр гэгч нь эхний мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн бөгөөд өөрийг нь хаясанд Ш-д бухимдаж, гэрлэлтийг нь зөвшөөрөөгүй гэрийнхэнд нь өс санаж хэргийг үйлдсэн гэсэн юм. Түүнд 25 жилийн хорих ял оноосон бөгөөд 10 жилийг гянданд, 15 жилийг дэглэм бууж хорих ялаар шийтгэсэн байдаг.

Баримт 6:

2009 онд найзыгаа хөнөөж, ээжийг нь хү­чин­дсэн залуу 2011 оны наймдугаар сард найз охиныхоо гэр бүлийн гурван хү­нийг онц хэрцгийгээр хө­­нөө­сөн хэрэг гарч тухайн үедээ хамгийн “рецетив” гэмт хэрэгтэнээр нэрлэгдээд байсан. Тодруулбал,  Б.Эрдэнэбилэг нь 2009 онд хамт архи ууж байсан найзуудтайгаа маргалдаж, нэг найзынхаа амийг хөнөөж, гэрт нь очиж, дүүг нь зодон танхайрч, ээжийг нь хүчирхийлсэн хэрэг гарсан. уг хэрэгт нь баянгол дүүргийн шүүхээс түүнд 23 жилийн ял оноосон ч тэрбээр давж заалджээ. Түүнийг хүний амь насыг санаатайгаар, эсвэл санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн үү гэдгийг шат, шатны шүүхээр шийдэгдэлгүй явсаар дахин  гурван хүний аминд хүрэх нөхцөл бүрдсэн байдаг. Учир нь уг хэргийн шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сарын 26-нд болох байсан ч өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар хойшилсон юм. Харин тус өдөр б.эрдэнэбилэг нь баянзүрх дүүрэгт оршин суух өөрийн найз охин Д-г аав ээжийнх нь хамт хөнөөсөн байдаг.

Ялангуяа сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргүүд нэмэгдэж, харамсалтайгаар амь насаа алдсан охид, бүсгүйдийн нас улам залуужсаар байгаа нь олон хүнийг айдаст автуулаад байна. Тиймээс охид минь нийгэм  ёс суртахууны хувьд  доройтож байгаа  энэ  цаг үед ханиа зөв сонгохгүй  бол энэ мэт хэргүүд цаашид ч гарсаар байх болно гэдгийг онцолмоор байна.

Т.Гэрэл

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.