Улсын мөнгө шамшигдуулсан албан тушаалтнуудын шийдэгдэггүй хэргүүд

УИХ-ын гишүүн Д.Дондогийн хэргийг шалгахгүй

АТГ-аас Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба руу шилжсэн УИХ-ын гишүүн Д.Дондогт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газрын хяналтад түр хугацаагаар түтгэлзүүлсэн гэх мэдээллийг албаны эх сурвалж  саяхан өгсөн.  Түүний хэргийг түр хугацаагаар шалгахгүй болсноо УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй нь холбон тайлбарлаж байна.

Уг хэргийг шалгаж эхлэснээс хойш УЕПГ-аас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг УИХ-ын даргад гурван удаа ирүүлсэн ч Хууль зүйн байнгын хорооноос түтгэлзүүлэх саналыг хүлээн аваагүй юм.
УЕПГ-аас илгээсэн гурав дахь удаагийн албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж Үндсэн хуулиар тогтоосон байдаг тул байнгын хорооны дарга албан тоотоор хариу өгсөн нь Үндсэн хуулийн энэхүү заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.13, 6.15, 21 дүгээр зүйлийн 21.4, 23 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байгаа тул Улсын Их Хурлын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон журмын дагуу Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн холбогдох шийдвэр гаргахыг хүсч Улсын Ерөнхий прокурорын газраас Улсын их хуралд албан бичиг хүргүүллээ” гэсэн албан тоотыг илгээж байсан аж.

Түүнчлэн эрхэм гишүүний хэргийг АТГ бус Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байгаад зарим хүмүүс гайхахад хүрч байсан юм.

Учир нь тус алба нь зөвхөн хуульч, прокурор, цагдаагийн ажилтантай холбоотой гомдол мэдээлэл, гэмт хэргийг шалгах үүрэгтэй байгууллага мөртлөө яагаад УИХ-ын гишүүнийг шалгах болов гэсэн асуулт хариулт нэхэж байв.
Тэгвэл зарим учир мэдэх хүний хэлэхээр эрхэм гишүүний холбогдсон залилангийн болон газрын наймааны хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын хоёр мөрдөн байцаагч холбогдон хамтдаа шалгуулж буй гэх мэдээлэл ч бий.

Түүнийг сонгуулийн сурталчилгаа хийх гэж танил болон намын нөхдөөсөө 2.6 сая ам.доллар залилан авч улмаар уг өрөө төлөхийн тулд газрын наймаа хууль бусаар эрхэлсэн гэх үндэслэлээр шалгаж байсан юм.

УИХ-ын гишүүн Л.Гүндалай мэлзэв

УИХ-ын гишүүн Л.Гүндалайд холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг прокурорын хяналтад хэрэгсэхгүй болгож байсан юм. Тэрбээр яамнаас зарласан MRI аппарат нийлүүлэх тендерт өөрийн ахын “Булгат-Овоо” компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр татагдан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж нотлох баримтаар тогтоогдсон.

Түүнчлэн Тайванийн Тайпэй хотоос Монгол Улсад тусламжаар илгээсэн түргэн тусламжийн зориулалттай 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр зарсан хэрэгт ч татагдсан билээ. Эрхэм гишүүний холбогдсон дээрх эрүүгийн хэргийг өөрийнх нь АТГ-т өнгөрөгч 2010 оны зургаадугаар сард гаргасан ”Гэм буруугийн эсрэг маргахгүй. Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу өршөөлд хамруулсан байна.

Гэхдээ эдгээр хавтаст хэргээс нь төрийн өмч шамшигдуулсан гэх Эрүүгийн хуулийн 150-аар зүйлчилсэн хэргийг нь түр хугацаагаар түтгэлзүүлсэн талаархи мэдээллийг нийслэлийн Прокурорын газраас өнөөдөр өгсөн юм. Л.Гүндалай гишүүний УИХ-ын бүрэн эрхийн хугацааг дуусгавар болтол албан тушаалын хэргийг нь түр хугацаагаар прокурорын хяналтад түтгэлзүүлсэн аж.

Гэхдээ энэ оны сонгуулийн дараагаар түүний хэргийг үргэлжлүүлэн шалгах бололтой. Улсын өмч шамшигдуулсан гэх эрхэм гишүүний хэргийн тухай мэдээлэл гарсны дараа тэрбээр  зарим нэг сэтгүүлч рүү сүр үзүүлж АТГ-аас хэргийг нь бүр мөсөн өршөөлд хамруулсан гэж мэлзээд авсан.

Улсын нөөцийн газрын даргын хэргийн сураг алдарчээ

ОБЕГ-ын дарга нар ээлж дараалан АТГ шалгуулж шүүх цагдаагийн хаалга сахих болоод удаж буй. Тэдний нэг тус газрын Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайханыг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хоёр он дамжин шалгаж шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн юм.

Гэвч шүүхээс түүнд холбогдох хэргийг цагдаагийн байгууллага руу харьяалал тогтоож шилжүүлснээс хойш сураг тасарсан гэж хэлж болно. Өөрөөс нь хэргийг шалгах явж ямар шатандаа байгаа нь лавласан боловч тоймтой хариулт өгсөнгүй. Юутай ч түүнийг  албан тушаалаа ашиглан ОХУ-аас оруулж ирсэн 900 тн улаан буудайг “Монголд үйлдвэрлэв” гэсэн хуурамч бичиг баримттайгаар улсын нөөцөд авсан.

Улсын нөөцөд тариа буудай нийлүүлсэн аж ахуйн нэгжид урамшуулал болгож, тн тутамд 80000 төгрөг олгох Засгийн газрын журмыг далимдуулан хууль бус үйлдэл гаргасан. Энэхүү хууль бус үйлдлээ   газар тариалан эрхэлдэг “Баяржавхлан” ХХК-ийн захирал Ц.Мэндбаяр, “Бооцын тариа” ХХК-ийн захирал С.Баатар нартай бүлэглэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 72 сая төгрөг гаргуулсан гэсэн үндэслэлээр анх буруутгагдсан юм.

Түүнд  АТГаас Эрүүгийн хуулийн 148-ын гурав, 263-ын хоёрт заасан “залилан мэхлэх, албан тушаал, эрх мэдлээ урвуулсан гэсэн үндэслэлээр  гэм буруутайд тооцож байсан боловч шүүхээс хэргийг нь харьяалал тогтоож цагдаагийн байгууллага руу шилжүүлэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл түүний албан тушаалаа ашигласан хэрэг өнгөрөгч оноос хойш сураг алдарч замхарах тийшээгээ хандсан гэж  хэлж болно.

Мал эмнэлэгийн даргын хэрэгт шинжээч томилов

Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Урансүрэн нь 2005-2009 онуудад тус газрын ерөнхий нягтлан бодогч, даргаар ажиллаж байх үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бараа, ажил үйлчилгээг үнийн харьцуулалт, сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авсан, өөрийн төрсөн хүү Э.Мөнх-Оргил нь захирлаар ажилладаг “ДУМЕ” ХХК, өөрийн үүсгэн байгуулсан “Мон Ти Юү” ББН зэрэг тодорхой тооны аж ахуйн нэгжүүдээс зах зээлийн үнээс өндөр үнээр бараа материал их хэмжээгээр худалдан авдаг байсан, худалдан авсан эм, бараа материалыг дүүргүүдийн мал эмнэлгийн нэгжүүдэд олгох ёстой малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил, үйлчилгээний хөлсөнд тооцон нийлүүлдэг байсан, банк бус санхүүгийн байгууллагууд руу бараа материал худалдан авсан мэтээр мөнгөн гүйлгээ хийж бэлэн мөнгө гарган авч тухайн үеийн зах зээлийн үнээс өндөр үнээр малын эм, бараа материал бэлтгэсэн зэргээр хууль зөрчсөнийг Авлигатай тэмцэх газраас  явуулсан мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.

Д.Урансүрэнд холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн ч хяналтын прокурор нь шинжээч томилох даалгавар бичснээс хойш мөн л сураггүй болсон. Түүнд холбогдох хэргийн талаар хотын захирагчид мөрдөн байцаагч нь мэдэгдэл хүртэл хүргүүлж байсан юм.Мэдэгдэлд, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Урансүрэнгийн үйл ажиллагаанд санхүүгийн ямар ч хяналт хийгдэж байгаагүй, Нийслэлийн Төрийн сан нь төлбөрийн хүсэлтийг үндэслэх баримтыг нягтлан шалгалгүйгээр гүйлгээг хийдэг, төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа худалдан авах ажиллагаанд төсвийн ерөнхийлөн захирагчийн зүгээс зохих хяналтыг тавьж байгаагүй зэрэг нөхцөл байдлууд дээрх гэмт хэргийг гарахад нөлөөлсөн гэж дурдсан байна.

Иймд дахин ийм төрлийн гэмт хэрэг гаргуулахгүй, тухайн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй банк бус санхүүгийн байгууллагуудын нэрс, регистрийн дугаар бүхий лавлагааг гаргуулан авч, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж хэвших хэрэгтэйг сануулж байв.


URL:

Сэтгэгдэл бичих