НАМУУД ОЛИГАРХИУДАСАА ХУРДАН САЛАХ НЬ ӨЛЗИЙТЭЙ

Улс  төрийн үзэл баримтлал, үнэт зүйлгүй монголын өнөөдрийн улс төрийн намуудын бодлогогүй, судалгаагүй үйл ажиллагаанаас шалтгаалж монгол орон хямарч, цаашлаад үндэсний аюулгүй байдалд аюул учрах түвшинд хүрээд байна.

Авлигалд идэгдсэн олигархиудаар дүүрсэн байдал нь нэгэнт ил болж хурал дээрээ намын гишүүд нь дотроо бие биенийгээ идсэн уусан, авилгал авсан гэдгээрээ дуудалцаж байсныг ард түмэн санаж байгаа. Намуудын авлигалд идэгдсэн байдал нь монгол улсын тусгаар тогтнолд ч аюул учруулж мэдэх түвшинд хүрээд байна.

Мэдээж намын бүх гишүүд нь олигархи биш. Харин олигархийн бүлэглэлүүд намыг фракц нэрээр хуваан тасдаж байгааг харж байгаа. Нам дотор фракц байна гэдэг өөрөө утгагүй бөгөөд хүн төрөлхтөнд байхгүй гаж үйлдэл. Нам гэдэг зорилготой, чиглэлтэй, үнэт зүйлтэй хүмүүсийн нэгдэл байдаг. Гэтэл нам дотор нь дахин хувааж фракц байгуулж яагаад ч байж болохгүй зүйл. Энэ бол монголын улс төрийн намуудын төлөвшилгүйг илтгэж байна.

Хэрэв үнэхээр л нам дотроо өөр бодолтой, зорилготой хүмүүс байгаа бол намаасаа гарч бие даан нам байгуулах хэрэгтэй. Энэ бол байж болох асуудал.

Өнөөдрийн монголын улс төрийн намуудын гишүүд, эрх баригчид “улс орон хөгжил цэцэглэлт” ярихаасаа илүү харин нам дотор нь “өөрсдийнхөө туссан хүнд өвчин”-өөсөө салах ёстой. Тэр нь олигархиуд. Энэ бол монголын улс төрийн намуудын хүнд өвчин. Тиймээс өвчнөөсөө салъя гэвэл “олигархи”-уудаасаа бүр мөсөн салах хэрэгтэй. Хэрэв үгүй гэвэл монгол орон бүр илүү хямарч эцэст нь намын гишүүд бүгд гэмт хэрэгтэн болох золгүй хувь тавилан угтах байх.

АН- ч тэр, МАН-нь ч тэр ялгаагүй олигархиудын гарт дэндүү базагдаж, тэдгээрийн харцаар хөдөлж байгаа нь улс төрийн ойрын үеийн шийдлүүд болон үйл явдлуудаас харагдлаа.

Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэсэн эртний үг бий. Юманд ээлж дараалал гэж байдаг. Аливаа зүйлд хэм хэмжээ байдаг. Монгол гэдэг энэхүү 2,7 сая иргэний хувь заяаг хариуцаж буй төрд гарчихаад өөрийн компани мэт аашлан гадаадаас зээл, тусламж нэрээр авлигал авч хэмжээ, хязгааргүй баяжиж байгаагийнхаа төлөө хариуцлага хүлээх цаг ирнэ. Монгол орны баялаг өнөөдөр гадагшаа цаг минут бүрээр хэмжигдэн урсаж байгааг  бүгд мэдэж байгаа.

Энэ байдал удаан үргэлжилвэл цаад тал нь 5 жилийн дараа гэхэд монгол орон хоосон эзгүй газар болон хувирах болно.

Ийм харамсалтай байдалд нэг талаар хүргэхгүйн тулд нөгөө талаар эрхэм гишүүд өөрсдийгөө гэмт хэрэгтэн болгочихгүйн тулд өнөөдөр шийдэл гаргахаас өөр гарц үлдсэнгүй. Монгол орон сайхан болно, удахгүй хөгжиж цэцэглэнэ гэх үгнүүд чинь ард түмний чихэнд худал хуурмаг, амьгүй сонсогдож байна.

Тиймээс энд юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр үнэхээр улс орны хөгжлийн төлөө явж, өнөөдрийн шударга бус байдлыг арилгахыг хүсэж байгаа бол юуны урьд нам доторхи “олигархи” гэдэг хүнд өвчнөө эдгээхээс эхлэх ёстой.

Луйварчин, олигархиуд байгааг ард түмэн ч гэсэн сайн мэдэж байгаа. Их Хурлын чуулган дээр улайм цайм гадаадын эрх ашгийг хамгаалж байгаа хүмүүс ч байна. Монгол хүн гадаадын хүн хоёрт тэнцүү хандах ёстой хэмээн эрхэм гишүүд ярьж байхыг сонслоо. Яагаад гадаад хүний эрх ашгийг үхэн хатан хамгаалаад байгааг тэднээс асуух хэрэгтэй. Монголын төр зөвхөн монгол хүний төлөө байх ёстой. Тиймээс монгол хүнд ямар ашигтай вэ гэдгийг л гол шалгуур болгох ёстой.

Монгол улсын засгийн газар “Айвенхо Майнз компаний засгийн газар” хэмээн Р.Амаржаргал гишүүний хэлсэн худлаа биш гэдгийг бид өнөөдөр харж байгаа. Эх орноо ч худалдахаас буцахгүй болсон олигархиасаа хурдан салах нь намын гишүүдэд өлзийтэй.

Хэрхэн яаж олигархиудаасаа салах вэ гэхээр нэгдүгээр арга:  нам доторхи авлигалд идэгдсэн олигархиудаа намаасаа хөөж гаргах. Хэн хэн гадаадынхантай нийлэн эх орныхоо эрх ашгийг улан доороо гишгэж, ард түмний баялгийг гадагш нь зөөж байгааг намын гишүүд дотроо мэдэж байгаа. Тиймээс хамгийн түрүүнд тэдгээр луйварчдаасаа салах ёстой.

Хэрэв нэгдүгээр арга боломжгүй гэвэл хоёрдугаар арга байна: энэ нь нам доторхи эрүүл, цэвэр хүмүүс нь салж шинэ нам байгуулж ажиллах.

Энэ хоёр аргын аль нэгийг сонгон хэрэгжүүлж болох юм. Хэрэв үгүй энэ аргаараа цааш үргэлжүүллье гэвэл монгол орон ч  доройтож, намын цаашдын хувь тавилан хэцүүдэх болно. Эх орноосоо урвагчдад төмөр торон хаалгатай бетонон шоронгын хүйтэн шалан дээр өтлөх насаа өнгөрөөж, үр хүүхдэдээ гай авчирах хувь тавилан хүлээж байна. Тиймээс намууд олигархиасаа хурдан салах нь өөрсдөд нь өлзийтэй.

А.ГАНБОЛД

ganbaa_phd@yahoo.com


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих