Нийслийн ногоон бүсэд амралт зугаалгыг хорьсон долоо хоног

57239074_1466747950129317_494511913007316992_nӨнгөрч буй долоо хоногт улстөр болоод нийгмийн амьдралд болж өнгөрсөн гол үйл явдлыг тоймлон хүргэе. Улстөрийн хүрээнд УЕП-ын орлогч нарыг сонгон томилсон төдийгүй, зарим нэгэн улстөрийн өндөр албан тушаалтанг эргүүлэн татах үйл явдлын эхлэлийг тавиад байгаа билээ. Харин хаврын хуурайшилттай холбоотойгоор амралт зугаалгыг 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хориглосон байна.

С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. С.Зоригийн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороо байгуулах саналыг Л.Болд нарын зургаан гишүүн гаргасан юм. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авав.

Гишүүд асуулт асуусны дараагаар Түр хороо байгуулах төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

УЕП-ын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.  Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн билээ.

Тэгвэл, Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг чуулганы хуралдаанаар хэлэлцээд М.Чинбатыг 86.2 хувь, С.Алиманцэцэгийг 89.7 хувиар УЕП-ын орлогчоор томилохыг дэмжсэн юм.

Элчин сайд Б.Дэлгэрмээг эргүүлэн татах саналыг хүргүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг хүргүүлжээ.

ЭЛЧИН САЙДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ АСУУДЛААР ЗӨВШИЛЦӨХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлж байна” гэжээ.

Төв цэвэрлэх байгууламжид осол гарч 4 хүний амь нас хохиров

Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр /2019.04.16/ 15:47 цагт Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрийн осол гарлаа гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн албан хаагчид түргэн шуурхай ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байгаад хорт хийнд хордсон есөн ажилтны тавд нь авран туслах ажиллагаа явуулж, анхан шатны  тусламж үйлчилгээг үзүүлж, эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн хэдий ч амь үрэгдсэн дөрвөн хүн үрэгдсэн цогцсыг алдагдсан лагаас гарган авжээ. Уг осол Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойн насосны станцад гарсан байна. Ослын газар ажилласан ажлын хэсгийнхэний урьдчилсан мэдээлснээр “Лаг шахах, сорох хоолойн носасыг орж нээх үед түүнд хуримтлагдсан хорт хий ажилтнуудын амь насыг эрсдүүлсэн” гэв.

Үлдсэн 5 хүний хувьд цэргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд нэмж хордсон гэх 3 хүн эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдал нь тогтворжиж харьцангуй сайн байгаа. Гэсэн ч дахин шинжилгээ авах шаардлашатай аж.

Богд уул, Гоодойн ам, Шадивлан, Ар согоот зэрэг зуслангуудад гал түймэр ээлжлэн гарлаа

Нийслэлд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөс эхлээд бараг өдөр бүр томоохон гал түймэр гарсаар байна. Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.  Ахуйн гал түймрийн 50 орчим хувийг ил задгай хаясан хогийн цэг, өнжмөл шар өвс шатаасны улмаас гал алдсан дуудлага эзэлж байна.

Тухайлбал шар өвс шатаасны улмаас энэ сарын 13-ны өдөр Богд уулын Богинын аманд түймэр гарч, түймэрт 5 га талбай өртсөн бол 14-ны өдөр СБД-ийн 19-р хороо “Гоодойн ам”-д түймэр гарч, түймрийн улмаас 13 айлын зуслангийн байшин, 3 гэр, 15 га талбай шатаад байна.

Мөн энэ долооо хоногийн эхний өдөр буюу энэ сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд түймэр гарч, түймрийн улмаас 4 айлын зуслангийн байшин шатсан. Мөн Богд уулын Хийморийн овоо орчимд 5 га газрыг хамарсан гал түймэр гарч Онцгой байдлын албаныхан шуурхай ажиллаж гал түймрийг цурманд оруулсан билээ.

Нийслэлийн ногоон бүсэд амралт, загаалга зохион байгуулахыг хориглолоо

Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.

Уг захирамжид иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас зургаадугаар сарын 15 хүртэл хориглолоо.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.