“Бантан бол ХОР биш”

590

“Олон шинэ ээж аавуудаас сонсоход хүүхдэдээ бантан эсвэл каш л өгдөг. Гэтэл бидний хүүхдэдээ хоол гэж өгч байгаа юм маань хүүхдэд хоол биш хор болдог бөгөөд бүх өвчний суурь болдог. Хэрэв таны хүүхэд ойр ойр ханиад хүрдэг бол, экзем буюу диатезтай бол, бага насны таргалалт үүссэн бол, дархлаа султай бол, чихрийн шижинтэй бол, хоолоо сайн шингээж өдөр тутамд өтгөнөө гаргаж чаддаггүй бол та нэн даруй хүүхдэдээ гурил өгөхөө зогсоох хэрэгтэй” гэх утга бүхий мэдээлэл нэгэн пэйж хуудсанд нийтлэгдсэн нь дөнгөж бор хоолонд орж байгаа нялх хүүхдүүддээ өдөр бүр БАНТАН хийж өгдөг эцэг эхчүүдэд хүндээр тусч, айдаст автуулаад байна.

 Тиймээс бид эцэг эхчүүдэд үүсээд байгаа эргэлзээг тайлахаар бантан үнэхээр хор мөн үү, бид цаашид үр хүүхэддээ өгч болох уу гэх асуултад хариулт авахаар ШУТИС-ын Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Биотехнологи, шим тэжээлийн багш Н.Сугартай уулзлаа.

-Сүүлийн үед цахим орчинд “Бантан бол хор” гэсэн мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар та өөрийнхөө байр суурийг илэрхийлээч. Гурилаар хийсэн бантан үнэхээр бүх өвчний суурь болохоор тийм хортой юм уу?

-Тэр мэдээллийг би бас уншсан. Гадаад хэлнээс шууд орчуулаад тавьсан байж магадгүй гэж бодож байна. Миний хувьд хүний бие өдөр тутмынхаа хэвийн үйл ажиллагааг хангахын тулд заавал гурилан бүтээгдэхүүн идэх ёстой гэж боддог. Гэхдээ сүүлийн үед глютенд хэт мэдрэг хүмүүс нилээд түгээмэл тохиолдоод байгаа. Глютен нь үр тарианы найрлагад ордог нийлмэл уураг. Тэрийг боловсруулж чаддаггүй. Тиймээс эдгээр хүмүүст гурилан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл,  глютенд хэт мэдрэг хүмүүст бантан хийж өгвөл энэ хор болно. Харин глютенд мэдрэг биш хүмүүс гурилан бүтээгдэхүүн болон бантанг идэхэд ямар аюулгүй. Өөрөөр хэлбэл, ямар ч хор нөлөөгүй эрүүл хоол.

-Глютенд мэдрэг байх нь ямар сөрөг нөлөөтэй юм бол. Яг ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Би эмч биш болохоор анагаахын талаас нь тайлбарлаж мэдэхгүй байна. Гэхдээ гэдэс дүүрэх, унгах, суулгах, өтгөх хатах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг нь глютенд мэдрэг хүнд илэрдэг. Глютен д мэдрэг эсэхээ мэдэхийн тулд глютен агуулсан бүтээгдэхүүнийг хоолны дэглэмнээсээ хасч хэдэн өдрийн турш өөрийн биеийг ажиглах хэрэгтэй. Хэдэн өдрийн дараагаар хоолны дэглэмд талх болон глютен агуулсан хүнсийг эргэн оруулаад өөрийн хоол боловсруулах эрхтэнд ямар нэгэн асуудал үүсэх эсэхийг ажиглаж болдог. Хэрвээ та глютенд мэдрэг нь тодорхой болвол эмчид хандан шалгуулах боломжтой.

Глютен агуулаагүй хүнсэнд бүх төрлийн мах, загас, өндөг, төмс, цагаан будаа, эрдэнэ шиш, вандуй, шош, самар, жимс ногоо ордог аж. Мөн гурвалжин будаа хэрэглэсэн ч болно. Учир нь түүний найрлаганд глютен агуулагддаггүй.

-Глютен ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ?

-Үр тариагаар бэлтгэсэн бүтээгдэхүүн болгон глютеныг агуулах бөгөөд мөн кетчупны найрлаганд өтгөрүүлэгч болгон ашиглагддаг. Энэ тохиолдолд гол төлөв бүтээгдэхүүн дээр “сайжруулсан хүнсний цардуул” эсвэл “гидролизын уураг” гэсэн тэмдэглэгээтэй байдаг.

-Гурилыг хэр хугацаанд хадгалах ёстой байдаг юм вэ?

-Ихэнх савалгаатай гурил нэг жил хадгалах хугацаатай байдаг. Хэрэв хэт чийгтэй орчинд хадгалвал гурил чийг аваад хэрэглэх боломжгүй болдог. Тиймээс гурилыг хадгалах горимынх нь дагуу хадгалж чадвал жил дотроо яах ч үгүй. Манайхан хүнсний бүтээгдэхүүнүүд хурдан муудаж байвал сайн удаан хадгалагдаж байвал муу гэж ойлгодог. Тэр бол маш буруу ойлголт.

-Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ бор хоолонд оруулахдаа бантан хийж өгдөг.  Ер нь бага насны хүүхдэд бантан хийж өгөхдөө юуг анхаарах ёстой вэ?

-Бантанг ихэвчлэн хүүхдийн нэмэлт хоолоор өгдөг. Шүд нь гүйцэт ургаагүй учраас амархан залгиж болохоор амархан боловсордог гээд бантанг зөвлөдөг. Хүүхэддээ бантан хийж өгөхдөө бантангийн бэлэн гурил биш өөрөө гэртээ бэлдсэн гурилаараа хийвэл илүү аюулгүй байдаг. Мөн манайхан бантан гэхээр гурил, мах, ус гурав гэж ойлгоод байдаг. Энэ бол буруу. Бантан хийхдээ янз бүрийн ногоонуудыг миксердээд хийж болно. Бас өндөг нэмж болно. Давс болон сахарыг бол огт хэрэглэхгүй байвал сайн.

-Бор гурил сайн. Цэвэршүүлсэн гурил муу гэх ойлголт байгаад байдаг. Ер нь хүүхдэд аль гурил нь илүү тохиромжтой байдаг вэ?

-Бор гурил нь ислэгийн агууламж өндөртэй учраас хүүхдэд нэг их зөвлөөд байдаггүй. Яагаад гэвэл ислэг биед ороод шингэдэггүй учраас хүүхдэд бор гурилтай бантан байнга өгөөд байвал маш хурдан цадаад идэх хэмжээ нь багасчихдаг. Тиймээс би хувьдаа аль болох нэгдүгээр гурилыг сонгож хэрэглэдэг.

-БАНТАНД УС БОЛОН ТОСОНД УУСДАГ БҮХ Л ТӨРЛИЙН ВИТАМИНУУД БОЛОН ТӨГС УУРАГ АГУУЛАГДДАГ-

Харин Хүнс судлалын ухааны магистр С.Батжаргал ”хор” гэгдээд байгаа бантангийн өөрийн цахим хуудсандаа, “Бантангийнхаа тухай хэдэн үг хэлэхгүй бол болохгүй нь ээ. Манай монголчууд эрт цагаас хүүхдээ бантангаар эхэлж борог хоолонд оруулж ирсэн уламжлалтай. Таван сар болсон өдөр нь нэг халбага бантан өгдөг гэж хөгшчүүд ярьдаг байсан. Тэгээд дасгасаар ихэсгэж өгдөг юм билээ. Энэ нь монгол хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд дасан зохицсон байдгийг мэддэг байсан биз ээ. Бантанг залуу хонины гуяны махаар хийсэн шөлөнд имэрсэн /алгадсан ч гэж ярьдаг/ гурил хийж цөөн минут буцалгаад хөргөж өгдөг.

Энэ бантанд юу юу агуулагдах вэ гэхээр усанд болон тосонд уусдаг бүхий л төрлийн витаминууд, мөн төгс уураг агуулагдана. Тосонд уусдаг Д болон Р-ийн төрлийн витаминууд хүүхдийн өсөлтөд сайнаар нөлөөлдөг. Төгс уураг гэдэг нь хүний биед зайлшгүй хэрэгцээт амино хүчлийг агуулсан уураг юм. Малын мах болон сүүний уураг нь төгс уураг юм. Ургамлын гаралтай уургууд төгс уураг биш. Гурилны хувьд бид хар гурил биед сайн гэлцдэг. Хар гурилын цагаан гурилаас илүү зүйл нь ислэг их хэмжээгээр агуулагддаг. ислэг бол хүний биед огт шингэдэггүй боловч гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг сайн талтай бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл хөвөн юм шүү дээ. Хөвөн бол цэвэр ислэг.

Ислэг хүний биед ороод задарч тэжээл болдоггүй. Харин хивэгч малын гэдсэнд задардаг. Хөдөлгөөний дутагдалтай суудлын ажилтай хүмүүс гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөө дэмжих гэж ислэгтэй хоол сайн гэдэг болохоос бус ид дэгэж дэрвэж байгаа жаахан хүүхдүүдэд бараг хэрэггүй эд. Цагаан гурилд хар гурилд ч ялгаагүй үндсэн хэсэг нь цардуул юм. Цардуул хүний биед ороод глюкоз болж хувирдаг. Глюкоз бол энергийн эх үүсвэр бөгөөд уураг тархины үнэт тэжээл юмаа. Бантангийн найрлагыг задалж үзвэл ийм л байна” хэмээн нийтэлжээ.

Т.Гэрэл


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих