Нөөцийн махаараа хэнийг доромжлоод байгаа юм, хэн гуай

Мал нь 40 сая хүрчихээд, нэг хүнд ногдох малынхаа тоогоор дэлхийд тэргүүлэх эгнээнд явдаг орон бол манайх. Тэгсэн хэрнээ махны асуудалд ороод, ядуу хэсэг нь худалдаж авч дийлэхгүй байна. Дөнгөж мах үнэртүүлсэн хоол хийж байгаа гэж гадны оронд очоод яривал яагаад ч итгэхгүй дээ. Гэхдээ л бид Африк шиг ядуу амьдарч байгаа байж Францаас илүү өртөгтэй оронд өлбөрч үхчихгүй амьдарч чадаад байгаа нь гайхалтай. Тэрийг нь манай засаг төр ядаж байхад дэмжихийг нь яана аа. Иргэдийнх нь цалин 100 төгрөгөөр ч нэмэгдээгүй байхад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахуун, хувцас хунар, тэр дундаа мах нь хэдэн зуугаас хэдэн мянган төгрөгөөр нэмэгдчихээд байгаа. Гол асуудал нь монголчууд бидний хүнсний гол хэрэгцээ болох мах кг нь 5500 төгрөг болчихлоо гээд бод доо. Арай дэндүү байгаа биз дээ. Ченж нарын махны үнэ хөөрөгдөж, ашиг орлогоо нэмж, унаж байгаа машинаа сольж байх зуур төр тэдэнтэй тэрсэлдэх нэг арга олсон нь нөөцийн тодотголтой мах. Сүүлийн хэдэн жилийн дотор нөөцийн мах бэлтгэхийн төлөөх марафонд оролцох компанийн тоо ч нэмэгдээд байгаа. Уг нь энэ ажил анх эхэлж байхад дөнгөж тав зургаахан компани оролцож байсан санагдаж байна. Түүнээс хойш жил бүр өссөөр өнгөрсөн жил гэхэд 22 компани энэ ажилд оролцсон байгаа юм. Мах бэлтгэх компанийн тоо нэмэгдэж байгаа нь махны чанарыг сайжруулах, олон тонн мах бэлтгэх гэсэн хэрэг гэж би лав бодохгүй байгаа. Учир нь 10 компани байхдаа ч 30 орчим мянган тонн мах бэлтгэдэг байсан. 22 болсон ч тэр хэмжээний мах л бэлтгэлээ шүү дээ.  Нөөцийн мах худалдаанд гарсан даруйд өнөөх 5500 төгрөг хүрээд байгаа мах хямдрах учиртай гэж их ярьсан. Гэтэл нөөцийн мах худалдаанд гарсан биш харин ч эсрэгээрээ өсөх шахаж байна. Учир нь өнөөх нөөцөлсөн мах баян айлын нохой ч тоож идэхээргүй туранхай, ясан дээр тохсон хальс л байна билээ. Хүмүүс тэгж яриад байхаар нь ганц хоёр дэлгүүрээр орж үзэв. Үнэ нь хямд болохоос биш хүн авахад хэцүү л мах харагдана билээ. Туранхай, хар, хатсан, хорчийсон, тэгээд цаашаа муулах үг дууслаа. Энэ одоо ард түмнийг ядуу юм чинь манай нохойноос доор хоол идэж байгаа нь тодорхой гэж бодож доромжилж байгаа юм уу, хаашаа юм. Нөөцийн мах ингэж муу гарахаар хүмүүс авахгүй, өнөө л үнэтэй махаа худалдаж авч байна. Аргагүй шүү дээ, бас чанартай, шинэхэн, амттай мах идэхийг хэн ч хүснэ шүү дээ. Тэгэхээр эрэлт нь буурахгүй байгаа юм. Ингэж нөөцийн мах бэлтгэж, улсын мөнгийг тэрбум тэрбумаар нь үрж, хэдэн компани санхүүжүүлж байх хэрэг байна уу. Тэр мах бэлтгэж байгаа компаниуд нь ашиг олох гээд туранхай, муу мах бэлтгэж байгаа нь тодорхой. Тэгэхээр тэднийг ард иргэдийг, төр засгийг дорд үзсэн хэргээр торговол таарна.

П.Нанзад


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих