Акул авлах хууль төрлөө

“Гэнэт цадах гэдсэнд цөвтэй” гэдэг. Энэ үгийг төрийн тэргүүнээсээ эхлээд жирийн иргэд нь гэнэт баяжигсдад хэлээд байгаа. Бүр ийм хүмүүсийг төрийн албанаас чөлөөлөх ёстой гэдгийг ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ дурьдсан. Тэрээр “Жирийн төрийн албан хаагчийн цалингаар хэтэрхий баяжих боломж яавч байхгүй. Гэтэл төрийн албаны жирийн ажилтан хэрнээ хэтэрхий баяжсан этгээдүүд Монголын төрийн албанд байна. Энэ хүмүүсийн хөрөнгө орлогод судалгаа хийе. Хэрэв хууль бусаар үндэслэлгүй баяжсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг болъё. Харин хууль ёсны дагуу, хөрөнгө орлого, эд хогшил нь үндэслэлтэй байвал тэр хүнийг төрийн албанаас чөлөөлж, өөрийнхөө бизнесийг хийгээд явахыг нь зөвлөе” гэж хэлж байсан удаатай. Түүний хэлсэн үгэнд ийм хүмүүсийг тодорхой дурьдаж байсан. Энэ бол шүүх, цагдаагийн газрын дарга нар, ямар нэгэн төрийн албаны хэлтэс, агентлагийн дарга нар байгаа гэдгийг ч тодхон өгүүлсэн. Ийн төрийн тэргүүнээсээ, жирийн иргэд нь хүртэл гэнэт баяжигсдыг эсэргүүцэж эхэллээ. Нэг үгээр хэлбэл жирийн л хөдөлмөрчин байж иргэдээс илүү баян байгаа нь хээл хахуультай холбоотой гэж хэлээд байгаа хэрэг л дээ. Тэгвэл төрийн албанд ажиллаж байгаад гэнэт баячуудын эгнээнд чимээгүй орж ирдэг нөхдүүдийг хязгаарлах хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар өчигдөр хэлэлцэв. Энэ бол Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл байв.

Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар санаачилсан юм. Тэд өдгөөгөөс гурван жилийн өмнө өөрсдийн хүсэлтээр АТГ-т очиж хөрөнгө орлогоо шалгуулж, зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргуулсан юм. Нэгэнт өөрсдөө ямар нэгэн зөрчилгүй гэдэг нь нотлогдсон болохоор эл хуулийн төслийг өргөн мэдүүлсэн хэрэг. Тэр үеэс гурван жил өнгөрөх хугацаанд хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар олон удаа хэлэлцүүлж шүүсийг нь шахаж, УИХ-ын хуралдаанд эцсийн удаа хэлэлцүүлэв. Гэхдээ дан ганц энэ хууль батлагдсанаар нийгэмд буглаад буй авлига, хээл хахууль гэх идээ бээрийг шахаж чадахгүй гэж эрхэм түшээд үзэв. Тиймээс Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг давхар хэлэлцүүлсэн. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Сонирхлын зөрчлийн тухай хууль бол гэнэт баяжихаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Бусад дагалдах хууль нь тухай бүрт нь зохих хариуцлагыг нь ногдуулах юм. Мэдээж Эрүүгийн хууль нь авлигын хэргээр эрүү үүсгэгдэн шалгагдсан хүнийг шүүхээс гэм буруутай гэвэл шоронд нь явуулах л үүрэгтэй” хэмээн маш энгийнээр тайлбарлав.

Хэдийгээр авлига, хээл хахуулийн эсрэг сайхан хууль гарсан ч хэрэгжүүлэгч байгууллага нь хүчтэй байхгүй бол болохгүй гэдгийг УИХ-ын гишүүн Н.Ганбямба хууль санаачлагчдад сануулсан юм. Тэрбээр “АТГ-ын авлигын хэргээр ихэвчлэн жараахайнуудаас л мэдүүлэг авсан байдаг. Гэтэл өнөө цагт жинхэнэ авлига өгч, авалцаад байгаа акулуудыг шалгаад, арга хэмжээ авсан зүйл огт алга. Тиймээс АТГ-ын институтыг өөрчлөх хэрэгтэй” гэв. Мөн УИХ-ын гишүүн өнөөгийн нийгэмд авлигыг хөхиүлэн дэмжиж байгаа нь эрх мэдэлтэй дарга нар гэдгийг онцлов. Түүний хэлснээр УИХ-ын гишүүнээсээ эхлээд яам, агентлагийн дарга нар сул орон тоондоо өөрсдийнхөө хүний томилуулах гэж улайран зүтгэдэг. Бүр өөрийн итгэл даах хүнээ булаалддаг гэдгийг хэлэв. Тиймээс энэ хууль батлагдсанаар жараахай, чапак бус акулуудыг хазаж, буруу үйлдлийг нь зогсоож чадах уу.Төрийн албаны жирийн албан хаагчийг шалгаж, мөрдөхөөс илүүтэйгээр төрийн томчуудаас амыг нь асууж, мэдүүлэг авч чадах уу. Хэрэв ингэж төрийн албаны томчуулаас мэдүүлэг авч, тэдний хууль бус үйлдлийг зогсоож чадахгүй бол энэ хууль маань жирийн хөдөлмөрчдийг хэлмэгдүүлдэг хууль болж хувирна гэдгийг хатуу сануулна билээ.

Харин хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “УИХ-ын гишүүд нь ийм итгэлгүй байна гэдэг нь авлига хэдий хэмжээний газар авсныг илтгэж байгаа хэрэг. Хууль батлагдлаа гэхэд шүүх хяналтын байгууллагынхан шударга байж чадах уу гэдэг нь бас л асуудал. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн шинэчлэлийн хууль нэн чухал болоод байна” гэв. Юутай ч гэнэт баяжигсдыг энэ хуулиудаар цэгцэлж болно гэж төрийн түшээд үзэж байгаагаа илэрхийлж хууль төрүүлэх товчлуурыг дарсан. Гэхдээ УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, эл хуулийн хэрэгжиж эхлэх хугацаанд сэтгэл дундуур буйгаа илэрхийлэв. Эл батлагдсан хууль ирэх сонгуулийн дараа буюу долоодугаар сарын 15-наас хэрэгжиж эхлэх учиртай. Тэгвэл энэ нь жинхэнэ хээл хахуулийн сезоны үеэр хэрэгтэй гэдгийг Э.Мөнх-Очир гишүүн хэлэв. Тэрээр эл хуулийг гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлье. Тэгэхгүй бол сонгууль болтол нэр дэвшигчид ямар нэгэн байдлаар авлига өгөх нь тодорхой. Хуулиа хэрэгтэй цагт нь л хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн санал гарав.
Д.Гал wikimon


URL:

Сэтгэгдэл бичих