“Маргааш өглөө замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдийг нүүлгэн шилжүүлнэ”

687

Энэ сарын 24-26-нд буюу өнөөдрөөс эхлээд гурван хоногийн хугацаанд ”Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” болно. Энэ нь сүүлийн 30 жилд анх удаа болох гэж буй нийслэлийг хамарсан томоохон арга хэмжээ гэдгээрээ онцлогтой юм.

Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотод Газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон цагийн байдлын дагуу нийслэлийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиогоор Жанжин Сүхбаатарын талбайд цуглах юм байна. Нэгдсэн жагсаалд 116 хайрцаг буюу 116 нэгж байгууллагын 4400 хүн оролцож, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид илтгэл өгснөөр энэ дадлага сургууль эхлэх аж.

Харин маргааш буюу 25-нд өглөө зарлан мэдээллийн дуут дохионы 60 цамхгаар “Газар хөдлөлт” болсон тухай зарлан мэдээлэл дамжуулан хүргэх ба нийт 3200 гаруй нийтийн орон сууц, 120 мянга гаруй өрхийн  420 мянга гаруй иргэн гэрээсээ гэр бүлээрээ гарч 111 байршлын аюулгүйн талбайд цуглах юм байна. Яг энэ үед буюу өглөөний 07.00-09.30 цаг хүртэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдийг аюулгүй талбайд нүүн шилжүүлээд 10.00 цагт ажил, хичээл эхлэх юм.

Бид 25-нд буюу маргааш өглөө иргэд яг яах ёстой талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Маргааш өглөө иргэд яг хаана байдаг ямар байшилд очихоо яаж мэдэх вэ. Энэ талын мэдээлэл иргэдэд хангалттай хүрч чадсан уу?

-Газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-ыг  дүүрэг, хорооны ажилтнуудаар дамжуулан иргэдэд тараасан байгаа. Иргэн та тэрхүү хуудсыг  нүүн шилжих талбайдаа авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлээ хийлгэнэ.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан 111 байршлаас тодорхой иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль явагдана. Тухайлбал, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн зарим тогтоосон байршилд олон улсын стандартад нийцсэн түр орогнох байрыг бэлдсэн байгаа. Тэнд урьдчилан бэлтгэсэн иргэдийг нүүн шилжүүлэх дадлага сургууль хийж үзүүлнэ. Түүнээс гадна гэмтсэн, бэртсэн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Улсын 1, 2, 3 дугаар эмнэлгүүд, Цэргийн төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвүүд хэдэн хүн хүлээж авах боломжтой, хэрхэн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, ямар ямар хүмүүс ажиллах вэ гэдгийг тодорхойлох зорилгоор хээрийн хүн эмнэлэг дэлгэнэ.

Эцэст нь нийслэлийн удирдах бүрэлдэхүүний бие бялдар, сэтгэл зүйн сорилын арга хэмжээ авна. Нийт 4 км-ын зайд үүргэвч, эд хэрэгслээ зүүгээд гэмтсэн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх, гал түймэр унтраах, саадыг давах, хорт утааны баг өмсөх зэрэг ажиллагааг хийлгэх сорилын арга хэмжээг зохион байгуулж, сургуулийн нэгдсэн дүн, дүгнэлт гаргаснаар Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өндөрлөнө.

-Орон сууцны 420 мянган иргэн хамрагдана гэсэн. Тэгэхээр гэр хорооллын иргэд яана гэсэн үг вэ. Гэртээ л байж байх уу?

-Гэр хорооллын иргэд дуут дохио дуугарч дуусах хүртэл гэрээсээ гарч гудамжиндаа зогсоно. Тэгээд гэртээ буцаж орно. Бид энэ удаад орон сууцны иргэдийг бүрэн хамруулах зорилготой байгаа. Тэглээ гээд гэр хороолол, орон сууцны иргэдийг ялгахгүй. Иргэд бол иргэд. Гэхдээ яагаад орон сууцны иргэдийг түлхүү хамруулж байна гэхээр газар хөдлөлтөд орон сууц нурах, гал гарах, дэлбэрэх эрсдэл аюул өндөртэй  гэдэг утгаар нь орон сууцны иргэдийг хамруулж байгаа.

-Ажил, сургууль, цэцэрлэг 10.00 цагт эхэлнэ гэж байна. Үүнд, хувийн хэвшлийн байгууллага хамаарах уу?

-Хамаарна. Хувийн хэвшилд ч иргэд ажиллаж байна шүү дээ. Засгийн газрын тогтоолоор энэ сургуулийг хийж байгаа учир бүгдэд хамаатай.

-Өглөөний 07.00 цагт нэг ч машин хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг үү.  Эмнэлгийн машин ч үүнд хамаарах уу?

-Эмнэлэг, цагдаа, онцгой байдал, хэвлэл мэдээллийн байгууллагын машинд хамаарахгүй. Гэхдээ Гамшгаас хамгаалах сургуулийг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагууд урьдчилж машины дугаараа НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэлтэст эртхэн өгч нэвтрэх үнэмлэх авах хэрэгтэйг анхаарах хэрэгтэй.

Дээрээс нь 07.00 цагаас хөдөлгөөн хязгаарлачихсан учраас тухайн өдөр нислэгтэй иргэд 7.00 цагаас өмнө нисэх онгоцны буудал дээр очсон байх хэрэгтэй. Хэрэв гэртээ үлдэх юм уу, үүнийг зөрчөөд машинтайгаа явж байвал иргэний үүргээ биелүүлээгүй гээд Зөрчлийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулиар хариуцлага тооцогдоно. Хариуцлага гэдэг нь торгуулийн шийтгэл байдаг.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.