“Заазуур” Б.Жаргалсайханы ажил генерал Б.Хурцын баривчилгаагаар эхлэв үү?

11221212_bБ.Энхсүхийн мэдэгдэл буюу баривчилгааны оршил

Цагдаагийнхан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг барьж хорьсон нь  шуугиан тарилаа. Олон нийт л гэнэт мэдсэн болохоос биш Б.Хурцыг баривчлах нь лав өнгөрсөн долоо хоногт “шийдэгдсэн” байсан бололтой.

Учир нь энэ баривчилгаанаас хэд хоногийн өмнө, өнгөрсөн амралтын өдрүүдээр ТЕГ-аас сэтгүүлчдэд зориулсан сургалтыг явуулсан. Тэр үеэр ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж байр сууриа илэрхийлэв. Тэрээр “С.Зоригийг хөнөөсөн хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Ял авсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгтэй холбоотойгоор Тагнуулын байгууллагын гурван албан тушаалтныг  шалгаж байна. Шалгагдаж буй хүмүүст хариуцлага тооцох байр суурьтай байгаа. УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн эрүүдэн шүүсэн бичлэг бол ерөнхий ойлголт өгөх хэмжээнийх юм” гэв.

Мөн ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх “С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч, зуучлагч, хамжигчаар 3-4 хүнийг шалгаж байгаа. Тэр дунд улс төрийн хүрээнийхэн бий” гэсэн юм. Б.Энхсүхийн мэдээлэл ч юм шиг, мэдэгдэл ч юм шиг энэ ярианаас ердөө гурав хоногийн дараа ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг баривчиллаа.

Тиймээс энэ нь дээр хэлсэнчлэн Б.Хурцыг баривчлах ажиллагааны оршил байсан гэж харагдаж байна.

Б.Хурцыг 23:00 цагийн үед баривчилжээ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг хорьсон мэдээлэл өчигдөр үд дунд тарсан юм. Түүнийг уржигдар буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны үдшийн 23:00 цагийн үед ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд гэрээс нь баривчилсан. Улмаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461дүгээр ангид хорьсныг албаны эх сурвалжууд батлав.

Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт нэр бүхий хүмүүсийг шалгахдаа эрүүдэн шүүсэнтэй холбоотой бололтой гэсэн мэдээлэл байсан юм.

Б.Баатархүү: Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг баривчилсантай холбогдуулан өчигдөр өдрийн 13:30 цагийн үед ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл хийв.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “АТГ-т 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл буюу гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчих гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож, 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн.

Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Уг хэрэгтэй холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан. Үргэлжлүүлэн саатуулах эсэх талаар прокурорын газарт санал хүргүүлээд байна” гэсэн юм.

Б.Хурцыг баривчилсанд хамгийн ихээр баярласан Лу.Болд, Ж.Батзандан нар ингэж ярив

Энэхүү дуулиант баривчилгааг сонссон улстөрчид маш ихээр баярласан. Баярласнаа ч нуугаагүй хүмүүс өчигдөр олон байсан юм.

Тэдэн дундаас хамгийн ихээр баярласан хоёр хүн бол УИХ-ын гишүүн Лу.Болд, Ж.Батзандан нар юм. Тэд нэгэн үе тагнуулын даргатай “дайн” зарлаж, маргаан нь нэлээдгүй хурцдаж явсныг олон нийт мэднэ дээ. Хөөрч догдолсон тэд Төрийн ордны хонгилд таарсан сурвалжлагчид баярласан сэтгэлээ илэн далангүй илэрхийлэв. Тэд “Б.Хурцыг цагдан хорьсон гэх мессэж ирсэн. Баривчилж шалгаж байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Эрүүдэн шүүхтэй холбоотой бичлэг ил болсноос хойш том аалзны тор хөндөгдөж, том сүлжээ задарч байна. Шинээр томилогдсон хуулийн байгууллагын удирдлагууд зоригтой ажлаа хийж байна гэж бодож байна. Өдөр өдрөөр МАНАН бүлэглэл аажим аажмаар нурж байна гэж харлаа” гэж ярив. Өчигдөр орой лав Б.Хурцыг баривчилсанд баярласан энэ хоёр гишүүн оргилуун дарс буудуулсан, ядаж 100 грамм конъяк татсан байх гэж зарим хүн даапаална лээ.

Б.Хурцыг баривчилснаар С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч илрэх үү

ТЕГ-ын дарга асан Б.Хурыг баривчлахдаа тулна гэдэг С.Зоригийг хөнөөсөн хэргийн гогцооноос хууль хяналтын байгууллагынхан лавхан атгаж авсан бололтой. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгалтын үйл ажиллагаа Б.Хурцад тулжээ гэсэн үг. Магадгүй С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол зангилаа болсон эрхмийг баривчилсан нь захиалагч руу хүрэх алхам байж ч мэднэ гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.

 Эхлээд Тагнуулын гурван ажилтныг энэ асуудлаар хорьсон. Дараа нь Б.Хурцыг баривчиллаа. Дамжаад хэн рүү хүрэх вэ гэдэгт энэ  баривчилгаа тойрсон гол асуултууд эргэлдэж байна. Яг үнэндээ саяхныг болтол Төрийн ордонд ч, хуулийн байгууллагуудад ч даналзаж явсан Б.Хурцыг баривчилна гэдэг барагтай хүний хийж чадах ажил биш байв. Тэгвэл энэ шийдвэрийг саяхан томилогдсон Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас гарсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Хэргийг цагдаа, тагнуулынхан шалгаж, прокурор хяналт тавьдаг. Угаас прокурорын байгууллага баривчлах зөвшөөрөл өгөхөөс эхлээд хяналт тавих гээд бүх чигийг заах хууль дүрэмтэй. Хуулийн энэ эрх үүргийнхээ хүрээнд Улсын ерөнхий прокурор шийдсэн бололтой.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг салбарынхан нь “заазуур” хэмээн хочилдог юм байна. Тэгэхээр Б.Жаргалсайхан прокурорыг энэ хоч нь хэн бэ гэдгийг хэлээд өгч байгаа аж. Тиймээс хууль хяналтынхан болоод улс төрийн хүрээнийхэн Улсын ерөнхий прокурор “заазуур” Б.Жаргалсайханы ажил генерал Б.Хурцыг баривчилгаагаар эхлэв бололтой гэж ярьж байна.

Тэгэхээр энэ баривчилгаа хэн рүү чиглэсэн бэ гэдэг тун удахгүй тодорхой болох бололтой.

 Эх сурвалж: Зууны  мэдээ сонин 86 (6053)


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.