БРАЗИЛИЙН ЦАГДАА НАР ХАР ТАМХИНЫ НАЙМААЧДАД ТУСАЛДАГ ТОТИЙГ БАРЬЖЭЭ

3302

Бразилийн хойд бүсийн нэгэн хотын ядуусын хорооллоос хар тамхины наймаачдад тус хүргэдэг сургуультай тотийг хураан авснаа цагдаа нар мэдээлжээ.

Гэмт этгээдүүд энэ амьтныг цагдаагийн хувцастай хүн хармагцаа “Ээж ээ, цагдаа ирлээ!” гэж хашхирч сургасан байна. Ийм аргаар тэд цагдаа нар ирж байгааг урьдчилан мэддэг байжээ.

Өнгөрсөн Даваа гарагт хар тамхины наймаачдын сүлжээг илрүүлэх ажиллагааны үеэр тотийг “баривчилсан” байна.

Мягмар гарагт тотийг үзэхээр цагдаагийн хэсэгт очсон сэтгүүлч энэ амьтан хоригдсон цагаасаа хойш огт ам нээгээгүйг олж мэджээ. Бразилийн Globo телевизийнхэн “papagaio do trafico” (хар тамхины наймаачин тоть) гэж нэрлэсэн энэ шувууг орон нутгийн амьтны хүрээлэнд шилжүүлэхээр болсон гэнэ.

Өмнө нь Бразилийн хар тамхины гэмт хэргийн бүлэглэлүүдээс янз бүрийн тэжээвэр амьтдыг хураан авч байсан бол тэдгээрийн жагсаалтад анх удаа тоть шувуу нэмэгдсэн нь энэ ажээ. 2008 онд цагдаа нар Рио Де Жанейрогийн ядуусын хороололд байрладаг бүлэглэлээс хоёр матар хурааж байжээ.

Гэмт этгээдүүд дайснаа эдгээр матарт хаяж өгөн идүүлдэг байсан гэх яриа тухайн үед гарч байв. Гэвч баривчлагдсан дээрэмчдийн нэгний эцэг мэдүүлэг өгөхдөө хүү нь нэг удаа ингэхийг оролдсон ч матарнууд идэхгүй байсныг гэрчилж байжээ.

Эх сурвалж: The Guardian


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.