Байгалийн гамшиг их хэмжээний хохирол учруулав

2011 онд болсон байгалийн гамшиг дэлхийн эдийн засагт 366 тэрбум долларын хохирол учруулсан нь 2005 оны дээд үзүүлэлтээс давжээ. 2005 онд улс орнуудыг түйвээсэн байгалийн гамшиг 243 тэрбумын хохирол учруулсан байна.

Гамшгийн аюулыг багасгах олон улсын стратеги /UNISDR/, Гамшиг сүйрлийн уршгийг судлах олон улсын төвийн /CRED/ нарийн бичгийн дарга нарын газрын хамтарсан судалгаанаас үзвэл, өнгөрсөн онд байгалийн гамшиг 302 удаа болж, 29,8 мянган хүний амь эрсдэж, 206 сая хүн хэлмэгдсэн нь бүртгэгджээ.

Амь үрэгдсэн хүмүүсийн 20,9 мянга нь газар хөдлөлтөд, тэдний 19,9 мянга нь Японд болсон газар хөдлөлт болон цунамид амиа алдсан байна. Амь үрэгдэгсдийн тоогоор хоёрдугаарт үер /5200 хүн/, дараагаар нь хар салхи /3100 хүн/ оржээ.

Өнгөрсөн онд болсон байгалийн гамшгийн ихэнх нь өндөр эсвэл дунд орлоготой орнуудыг хамарсан байна. Тухайлбал, Бразил, Таиландад үер бууж, Шинэ Зеланд, Япон, Туркт газар хөдлөлт болж, АНУ, Филиппинийг хар салхи нэрвэв.

Байгалийн онцгой гаж үзэгдэлд Азийн бүс нутаг илүүтэй хэлмэгдсэн бөгөөд 2011 онд байгалийн гамшгийн 45 хувь нь тус тивд тохиож, түүний улмаас амиа алдсан хүмүүсийн 75 хувь нь ази тивийнхэн байсан ба эдийн засгийн нийт хохирлын 85 хувийг энэ бүс нутгийнхан хүлээсэн байна. Харин Европт болсон байгалийн гамшиг 1990 оноос хойшхи хугацаанд хамгийн бага үзүүлэлттэй гарчээ.

З.Амгалан

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих