Хул хонгор адуутай Хустай нурууны Өвлөөр

Монгол орны маань хаа яв­сан газар болгоноос эх орон минь эхэлдэг билээ. Цагийн дөрвөн улирлаараа гайхуулж нутаг сэлгэн дураар нүүдэллэх монгол ахуй, малаа маллахаа хэнээр ч заалгаагүй омгорхол, тэнгэрээ шүтэж тив дэл­хийг морин дэл дээр туулсан агуу түүхт улс монголоос минь өөр хаана ч үгүй. Үргэлжид нэг л улирлаараа байх уйтгарт халуун орон, ширэм шиг улайссан элсэн цөл, хар салхиар айлгах далайн түрлэг, халуун лаваар тургих галт уулсаас алс хол орших эх орон минь юутай баян тансаг амгалан тайван билээ.

Ийм ариун дагшин орныг өвлүүлж өгсөн, зориг чанга золбоо төгөлдөр өвгөдийнхөө ухаанд бишрэхээс яанам. Энэ л уудам эх орныхоо өнцөг булан бүрээс тив дэлхийд мэдээллийн сүлжээг таслаагүй ирсэн МОНЦАМЭ агентлаг 91 дэх жилийнхээ галыг хөгжөөж хүн зоны оюуны «талх»-ыг олон улсын тавцанд хүргэсээр…

Энэ удаа тус агентлагийн сэтгүүлч уран бүтээлчдийн баг өвлийн бай­галь болон ан амьтны зураг авахаар алсын замд гарсан юм. Бидний хэдэн нөхөд Хэрэйдийн Ван Тойрол хааны эзэмшил нутаг асан Хустайн нурууны байгалийн цогцолборт газрыг зорилоо. Эмээлтийн дөрөлж давахад талын цэнгэг агаар уушиг цээжийг ариусгаж цасны гэгээ өвлийн өнгөөр хулдан хучжээ.

Цаасан дээр шугам татсан мэт мянганы зам алсад зурайгаад, тэртээ хол цэг төдий тодрох машины цуваа төдөлгүй тулан ирж нисэх мэт салхи татуулан өнгөрсөөр. Энэ жилийн намар нь илүү сартай налгар байсан болоод ч тэрүү, өвөл нь өнөтэй зам зуур тааралдах малын зүс тарга тэгш сайхан байгаа нь хэн бүхний нүдэнд илхэн. Алсын замд гарсан хүмүүс аялах дуу, алиа хошин яриагаар ертөнцийг хуучилдаг бичигдээгүй хуультай байдаг хойно ярианы эрх чөлөө газар авч явах зам урдаас гар шиг тоссоор нэг л мэдэхэд замын тэн хагасыг төдөлгүй нугалав.

Бид Хустай руу салах зам асуухаар замд ойрмогхон өвөлжиж байгаа айлын гадна очлоо. Төв аймгийн өндөр улаан сумын Цэрэн гэгч айл гэнэ. Биднийг очиход өвөлжөөнийхөө өтгийг шигшиж байлаа. Шигшсэн хорголоо түлшинд хэрэглэж нарийн бууцаа малдаа дэвсэж өгдөг юм байна. Саалийн хэдэн үнээтэй 60 гаруй ямаатай юм.

Хотод хүүхдүүд нь сурдаг учир зам бараадаж буусан тухай, хэдэн ямааныхаа ноолуурын үнээр хавартаа нэг «баяждаг» тухай ярьцгааж байсан. Юутай ч зам дагасан хөгжил, мал дагасан буян нэгэн шугаман дээр ийнхүү оршжээ. Зам зуур Амгалан маань хамгийн анх шонгийн модны оройд сууж байгаа Шонхор шувууг харснаар гэрэл зургийн салхийг хагалуулсан юм. Их хаадын гурвалжин туган дээр овог аймгийн сүлд болон заларч явсан Шонхор ийнхүү бидний аппаратны дуранг дүрээрээ мялаан мөнхөрсөн билээ.

Амгалан хараагүй бол Шонхор тааралдахгүй, Шонхор байгаагүй бол Амгалан ирэхгүй гэсэн наргиа яриагаар аяныхаа замыг хачирлаж явлаа. Бид хустайн амралтанд ирж аяны тоосоо гүвэн түр амс хийж цайлаад хустайн байгалийн цогцол­бор газрыг зорилоо.

Замд Тахийн азарга монгол адуу­ны сүргийг бараадаж яваатай тааралдаж зургийг нь авч байтал омголон хээр морьтой буу үүрсэн идэрмэг эр гарч ирсэн нь байгаль хамгаалагч Санжмятав байсан юм. Байгаль хамгаалагчаар 17 жил ажиллаж байгаа гэнэ. 4 хөлтэйгээсээ гадна 2 хөлт нь амраахгүй хориотой зоонд орж ирж шөнөөр гэрэлтүүлэг хийж ан агнах гээд байдаг тухай ярьсан юм.

Ойрын хоёр жилийн дотор 20 гаруй буга хулгайн анчдад агнуулсан тухай харамсан ярьж байлаа. Сүргээсээ хасуулсан тахийн азар­га залуу азарганаас айгаад сүрэгтээ очиж чадахгүй монгол адуу хураах санаатай дагаж яваатай нь бид тааралдсан юмсанж.

Саяхан 100 гаруй буга мод руу­гаа орчихлоо. Та нар өглөө ирвэл тахь бугын сүрэгтэй тааралдана даа гэс­нээр бид салцгаасан юм. Биднийг цааш явж байтал замын зүүн гар талын хяр дээр есөн буга налайж байхтай тааралдав.
Тарваганд ойртож байгаа анчид шиг л цас хяхтнуулсаар дөхөж өөр өөрсдийнхөө өнцөгөөс гэрэл зур­гийнхаа хальсанд буулгалаа.

Сүүлээ угаар нь тас хазуулсан тахийн хөгшин азарга яг л «тэхийн зогсоол» шиг, болдог толгойн оройд зогсч байхтай тааралдав. Залуудаа ааг омогтой сүргийн ман­лай явсан энэ азарганы үр төл хустайн нурууг чимэглэн хаа нэгтээ нь хатирч л яваа бизээ.

Хустайн байгалийн цогцолбор төвийн дарга Н.Баньд гуайтай уулз­лаа. Бид ч зорьсон зорилгоо хэлж, дарга ч хустайн тахь ан амьтанаа магтсаар яриа цэгцэрч хулгайн анчид хууль дүрмийн талаар задгай яриа өрнүүллээ.

Тахь адуу бол Монголын унаган амьтан ч гэлээ эх нутагтаа устсаныг эргүүлж нутагшуулахаар 15 тахийг 1992 оны 6 сард Улаанбаатар хотод авчрахад «Буянт–Ухаа» нисэх онгоц­ны буудалд төрөл саднаа угтаж бай­гаа юм шиг олон зуун хүн тосч авч байсан гэдэг.

Энэ цаг мөчөөс хойш монгол тахь унаган нутагтаа ирсэний 15 жилийн ойтойгоо золгож байгаа бөгөөд таван удаагийн тээвэрлэлтээр 84 тахийг Голландаас авчирсан нь одоо 260 тоо толгойд хүрчээ. Тахь нь хөхтний анги, битүү туу­райтны баг, адууны өвөг бөгөөд дэлхий дээр үлдсэн цорын ганц зэрлэг адуу юм.

Төв Азийг судалж гурван удаа аялсан оросын жуулчин Н.М.Преже­вальскийг хоёр дахь аялалаасаа буцаж явахад нь Зайсангийн хилийн харуулын дарга А.К.Тихонов Кир­гизийн анчидын Зүүн гарын говиос агнасан Зэрлэг адууны арьс, гавлын ясыг бэлэглэснийг оросын шинжлэх ухааны академийн зоолоогийн му­зейн ажилтан И.С.Поляков илжиг, хулан, тарпан, гэрийн адуу зэрэг 22 зүйл битүү туурайтны амьтантай харьцуулан судлаад, энэ нь биеийн бүтэц, биологийн хувьд бие даасан шинэ зүйл болохыг баталж, анх ил­рүүлсэн хүнийх нь нэрээр «Преже­вальскийн адуу» гэж нэрлэх болсон түүхтэй.

Хустайн нуруу нь 50 мянган га талбай нутгийг хамардаг бөгөөд 700 гаруй буга, 10 мянга гаруй тарвага, аргал угалз, чоно болон бусад төрөл бүрийн ан амьтнаар баялаг нуруу юм. Сүүлийн үед тус нуруунд цагаан зээр ирж нутагшиж байгаа талаар Баньд дарга олзуурхан ярьж байлаа.

Мөн тахийн унаганд 110 доллар төлж нэр өгдөг юм байна. Учир нь хоёр жил тутамд Чех улсад хэвлэгддэг номонд мөнхлөгдөн үлддэг гэнэ. Тухайн унаганы зургийг нэр өгсөн хүний хаягийн хамт Чех улс руу явуулдаг байна.

Тахь судлах юмуу сонирхолоороо ирдэг хүмүүсийг сайн дурын ажил­тан гэж нэрлэдэг. Жилд янз янзын мэр­гэжлийн 50 гаруй сайн дурын хүмүүс ирж өдрийн 55 доллар төлөөд 21 хонодог. Тахийн зураг авч, малчин айлд хоноглож, ан амьтан сонирхохын тулд ирдэг гэнэ. Энэ жил 9 мянга гаруй гадаадын жуулчид хүлээн авчээ.

Б.Цэрэнжамц

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.