Д.Энхтөр: Монгол, Монгол биш болчихсон байх вий дээ гэж айх юм

“Монголын гол нуруудын нэгдсэн хөдөлгөөн”-өөс урт нэртэй хуулийн хэрэгжилтэд сэтгэл дундуур буй гэдгээ саяхан илэрхийлсэн билээ. Уг хөдөлгөөний үйл ажиллагаа, ойрын төлөвлөгөө, мөн урт нэртэй хуулийг бүрэн хэмжээгээр нь хэрэгжүүлэх тал дээр эрх мэдэлтнүүд ямар байр суурьтай байгаа зэргийг тус хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхтөрөөс асууж тодруулаа.

-Танай хөдөлгөөнийхөн орон нутагт ажиллах сурагтай байсан. Ойрын хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Ямар ч байсан Засгийн газрыг урт нэртэй хууль бүрэн хэрэгжихгүй байна гэдэг үндэслэлээр шүүхэд өгчихсөн байсан. Тэгээд тэрхүү асуудал маань гурван шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Улмаар Шүүхээс гол мөрний урсац бүрэлдэх газар хууль бус үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуй нэгжүүдийн 1782 тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг хэвээр нь үлдээж, үүрэг болгон даалгасан байгаа.

Энэ нь үндсэндээ хоёр жил зургаан сарын өмнөөс хэлэлцэгдээд байсан асуудлыг шийдвэрлэхгүй байсан Засгийн газрыг шүүхийн өмнө буруутгасан явдал болсон юм. Тийм учраас ямар ч байсан 1782 тусгай зөвшөөрлийг Засгийн газраас цуцлах байх гэж найдаж байгаа. Яагаад гэвэл Шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байдаг.

Шүүхийн тогтоол эс хэрэгжих юм бол эцсээ хүртэл тэмцэхээс өөр аргагүй болно. Тийм нөхцөл байдалд арай хүргэхгүй байх гэж бодож байна. Үүнтэй холбогдуулан зарим ажлыг манай хөдөлгөөний зүгээс хийж байгаа.

-Засгийн газрын зүгээс ямар байр суурьтай байна. Энэ хуулийг хэсэгчлэн хэрэгжүүлэх сонирхол нь хэвээрээ юу?

-Уг асуудал өөрөө хоёр жил гаруйхан хугацаанд бүгд шийдэгдчихдэг асуудал биш. Хуулийг хэсэгчилэн хэрэгжүүлж болно гэдэг асуудал огт байх ёсгүй. Засгийн газрын зүгээс бол энэ асуудлын хүрээнд олон чиг, координат тогтоох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ бүхнийг нэг дор шийдэх боломж байхгүй, ажиллагаа ихтэй байна гэдэг шалтгааныг байнга тавьж ирсэн.

2010 онд усны сан бүхий газрын хил хязгаарыг тогтоох ажилд манайхаас төлөөлөл бүхий хүмүүсээ ажлын багг багтаан явуулсан. Энэ нь ямар ач холбогдолтой ажил болсон гэхээр тал талын төлөөллүүд хяналт тавьж, усан сан бүхий газруудын хил хязгаарыг тогтоосон явдал юм. Ойн сан бүхий газрын хил хязгаарыг тоггоох ажил бол усны сан бүхий газрын асуудлыг бодвол бараг компьютер ашиглаад хийчихэж болдог ажил учраас амархан байсан.

-Хэнтийг зорьж буй шалтгаан нь юу вэ?

-Бид нар тун удахгүй Хэнтий аймаг руу явах гэж байна. Учир нь гэвэл Онон голын сав дагуу хуулийн хэрэгжилт хэр байна. Мөн нутгийн иргэдтэй, малчидтай уулзана. Онон голын сав газрын зөвлөлийн гишүүдтэй хуулийн хэрэгжилтийн талаар санал бодол болон мэдээлэл солилцох зорилготой явах юм.

-Хууль зөрчиж буй компани, аж ахуй нэгжүүдийг баримттай жишээгээр дурьдахгүй юу?

-Хууль батлагдсанаас хойш үйл ажиллагаа нь зогсохгүй байгаа бүх компани л зөрчиж байгаа. Гэхдээ тэр дундаас онцлоод хэлэх юм бол Заамрын уурхайн “Шижир алт”, “Центерра гоулд” гээд л бас бус гол усны сав газрыг дагаж байрласан жижиг компаниуд байгаа. Эд нарыг бид “Эдийн засгийн алуурчид” гэж нэрлэчихээд байгаа.

Зүй бусаар ашигт малтмал олборлож байгаа компаниуд ихэнхдээ гадаадын бодлогыг хэрэгжүүлж байдаг юм билээ. Тэр ч байтугай хөдеөгийн эзгүй зэлүүд газар хятад хүн хонь хариулчихсан явж байсан гэж сонссон. “Эдийн засгийн алуурчид” Монголын эдийн засгийг бүхэлд нь эзэлчихээд бага багаар Монголыг алж байна.

Бага багаар газар нутгаа алдаж байгаа учраас бүгдээрээ тэмцэхгүй л бол нэг л өдөр эргээд харахад Монгол, Монгол биш болчихсон байх вий дээ гэж айх юм.

Т.Сэдэд
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих