Судалгаанд сураггүй СПИКЕР

4-26-6_bСудалгаа бол соёлт нийгмийн улс төр, бизнесийн чигийг заагч “алтан гадас” мэт эд байгаа юм. Шударга судалгаа бол бодит байдлыг толь мэт гаргаад л ирнэ. Монголд энэ мэт судалгааг хийдэг хэдэн томоохон байгууллагын нэг бол “Сант марал” юм. “Сант марал”-ын судалгаа олон ч жил Монголын нийгэм, улс төрийн зүг чигийг зааж байгаа даа. Ялангуяа, улстөрчдийн рейтингийн дүнг бодит байдалтай ойролцоо гаргадаг гэдгийг ажиглагчид хэлдэг юм. Тэднийх саяхан ээлжит судалгаагаа танилцууллаа. Тус сангийн судлаачид 2019 оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 9-ний хооронд энэ судалгааг хийжээ.

“Сант марал”-ын зарласан “Топ 10 улстөрч”-ийн жагсаалтыг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх /24.3 хувь/ тэргүүлэн, Ерөнхийлөгч Х.Баттулга /21.5 хувь/ удаалж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ /19 хувь/ гуравдугаарт орсон байна. Тэдний дараах саналуудыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан (12.8 хувь), Монгол  Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр (12.2 хувь), БНН-ын дарга Б.Жаргалсайхан (8.0 хувь), ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж (5.7 хувь), УИХ-ын гишүүн С.Жавхлан (5.3 хувь), МАХН-ын  дэд дарга С.Ганбаатар (5.0 хувь), АН-ын дэд дарга Р.Амаржаргал (4.6 хувь) нар авчээ. Хамгийн хачирхалтай нь судалгаанд оролцогсод УИХ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг “Топ 10 улстөрч”-ийн нэгээр нэрлээгүй байна.

Уг нь Г.Занданшатар бол Монгол төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж байгаа хүн шүү дээ. Товчхондоо, энэ хүн Үндсэн хуулиар “зарлуулсан” Монголын хамгийн том албан тушаалтан юм. Дээрээс нь Г.Занданшатар энэ том албан тушаалд очоод бүтэн гурван сар болох гэж байна. Ажил хийж, амжилтаа үнэлүүлэх хангалттай хугацаа. Бас тэрээр энд ирэхээсээ өмнө ЗГХЭГ-ын дарга байсан. Ард түмнээс “оноо”авах хэмжээний албан тушаал хашсаар ирсэн байгаа юм.

Бас нэг зүйл гэвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар “Топ 10 улстөрч”-ийн эхний гуравт бичигдсэн нь сүүлийн үед явуулсан “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой шийдлүүд, шүүх, прокурорын байгууллагуудад авсан арга хэмжээтэй холбоотой гэж ажиглагчид харж байгаа. Судалгааны байгууллагууд ч үүнийг гаргаад ирсэн байсан. Гэтэл энэ бүхэнд хамт байж, зөвлөмж гаргалцаж, хууль батлалцаж ирсэн Аюулгүйн зөвлөлийн нэг гишүүн, хамгийн гол нь УИХ-ын дарга хүн “Топ 10 улстөрч”-ийн аравт ч бичигдэж чадаагүй нь хачин байгаа юм.

Г.Занданшатараас гурав хоногийн дараа хийж байсан ажилд нь тохоогдсон Л.Оюун-Эрдэнэ “Топ 10 улстөрч”-ийн толгойд заларсан. Харин ЗГХЭГ-ын даргаас УИХ-ын дарга болж дэвшсэн, тэгээд том том шийдвэрүүдийг Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёртой хамт гаргасан Г.Занданшатарын ажлыг судалгаанд оролцогчид “…Сайн” гэж үзээгүй байна. Ер нь бол Г.Занданшатараас өмнөх УИХ-ын дарга нар ямар ч хүн байсан яаж ийгээд “Топ 10 улстөрч”-ийн жагсаалтад зүүгдээстэй ороод ирдэг байв. УИХ-ын дарга гэдэг албан тушаалын зангараг нь хаачихав дээ. “Сант марал”-ын судалгаанаас гадна МЭК судалгааны байгууллагын 2019 оны хоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд хийсэн судалгааны дүнд УИХ-ын дарга Г.Занданшатарын нэр бас сураггүй байна. Нөгөө гурав нь байж л байна. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарыг “Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрч”-ийн жагсаалтын эхний тавд нэрлэсэн л байна. Бодит байдал ийм л байна.

Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байдаг. Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатарын рейтинг иймэрхүү байна. Дарга нь ийм нэр хүндтэй УИХ-ыг ард түмэн яаж үнэлж байгаа нь тодорхой л доо. УИХ-д хуулийн болоод ёс суртахууны зөрчил гаргаагүй гишүүн гарын арван хуруунд багтахаар цөөхөн үлдсэн. Гэхдээ үүнд Г.Занданшатар дарга нь буруугүй. Дарга болоход нь ийм л байсан.

Харин УИХ-ыг Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Гүйцэтгэх засаглал хоёрт мэдүүлсэн, УИХ-аар гишүүдийн бус тэдний бодлогыг шууд хэлэлцүүлдэг болсон нь л Г.Занданшатарын нэр хүнд “Топ 10 улстөрч” рүү ойртуулаагүй байж мэднэ. Төрийн өндөр дээд албанд заларна гэдэг түмний нүдэнд улам ил болдог. Ард түмэн харж байгаа учраас хэн нь хэн бэ гэдгийг хэлээд, ялгаад, дүгнээд тавьчихдаг билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.