Ц.Амарбаясгалан: Рингэн дээр үндэснийхээ хувцастай, ташуур бариад гарна

Мэргэжлийн кикбокс, мутай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалантай ярилцлаа. Тэрээр энэ сарын 24-нд Англи, Ираны тамирчдыг нутагтаа урьж авчран “Империал-2011″ халз тулаан зохион байгуулахаар болжээ.

-Удахгүй болох тэмцээний талаар яриагаа эхэлье. “Империал-2011″-ийн сонин хачнаас хувцаалцахгүй юу?

-Олон улсын “Империал-2011″ халз тулааны тэмцээн болох гэж байна. Эх орондоо тав дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа. Өнөө жилийн тоглолт кикбокс, мутай, мэргэжлийн бокс, дүрэмгүй зодоон гэсэн дөрвөн төрлөөр явагдана. Мэргэжлийн болон мутай боксын төрөлд Иран, Английн тамирчид ирж тулалдахаар болсон.

-Та аль төрлөөр нь тулалдах вэ. Мэдээж хэрэг гадны тамирчинтай хүч үзэх байх?

-Миний хувьд Английн тамирчинтай тулалдана. 68 кг-ын жинд тулалддаг В.Майкл гэж тамирчин. Биеийн өндөр нь 180 см. Надаас 10 гаруй см-аар өндөр. WMC буюу дэлхийн мутай боксын холбооны аварга, Английн аварга тамирчин бий. Маш хүчтэй өрсөлдөгч. Миний хувьд эх орондоо их эрсдэлтэй зүйл хийж байна л даа. Яагаад вэ гэвэл Монголд өмнө нь маш сайн тамирчид ирж тулалдаж байсан. Ихэнх нь дэлхийн аваргууд. Тэдэнтэй би 65 кг-ын жинд тоглодог байлаа. Жин арай бага учраас биеийн өндөр гэх мэтээрээ чацуу байсан. Заримдаа надаас намхан хүн ч ирнэ. Гэтэл зарим хүмүүс муу тамирчин авчирлаа гэж ярих нь бий. Гэтэл тэд бүгдээрээ холбооныхоо аварга болчихсон, өндөр зэрэглэлийн тамирчид байдаг.

-Ямар хүнтэй тулалдахаа өөрөө сонгодог юм уу?

-Үгүй ээ. Би сонгоно гэж байхгүй. Дэлхийн холбооноос сонгоно шүү дээ. Би чинь хамгийн дээд зэрэглэлд тулалддаг. Тэгэхээр миний зэрэглэлийн тамирчныг л холбооны зүгээс сонгоно.

-Өрсөлдөгчөө судлаад л байна уу. Ямар тактик хэрэглэнэ гэж төлөвлөж байгаа вэ?

-Тулааных нь бичлэгүүдийг байнга үзэж байна. Өндөр тамирчин учраас өвдөг, тохой сайтай. Зуураад өвдөг, тохойгоороо үздэг юм билээ. Тэгэхээр тэрнээс нь сайн хамгаална даа.

-Танаас өөр гадаадын тамирчинтай тулалдах тамирчин бий юу?

-Манай Э.Ганзориг гэж тамирчин бий. Тэр Ираны тамирчинтай тулалдах юм. Ираны тамирчны хувьд мөн л улсынхаа болон холбооны аварга. Олон улсын тэмцээний хэд, хэдэн удаагийн аварга. Тэмцээний үеэр гадны тамирчдын тулаанаас гадна Монголын шилдэг тулаанууд болно. Кикбокс, дүрэмгүй тулааны тэмцээнүүд болох юм. Би Монголд ирснээсээ хойш шавь нар бэлдлээ. Эхнээсээ дэвжээн дээр гарч байна. Ер нь олон улсын чанартай энэ тэмцээнийг зохион байгуулснаар шинээр гарч ирж байгаа тамирчдад их хэрэгтэй л дээ. Хамгийн гол зорилго бол тамирчдаа туршлагажуулах. Монголдоо бэлтгэл сайн хийгээд, бага ч гэсэн туршлагатай болоод ирэх намраас гадагшаа “дайтахаар” хөдөлнө дөө.

-Халз тулааны үеэр хүнд жингийн тоглолт болно гэлүү?

-Тийм ээ. Манай энэ удаагийн тэмцээний онцлог гэх үү дээ. Урьд нь хүнд жингийн тулаан болдоггүй байсан. Энэ жилээс хүнд жингийн Монголын аваргыг шалгаруулна. Мөн эмэгтэйчүүдийн дүрэмгүй тулаан буюу нохой зодоон болно.

-Манайд нохой зодооноор хичээллэдэг эмэгтэйчүүд байдаг юм уу?

-Ховор, гэхдээ байна. Урьд нь ийм төрлийн тулаан болж байгаагүй л дээ. Аймардаа, муухай даа биш. Спорт гэдэг талаас нь хүмүүс ойлгох байх, Эмэгтэйчүүд ямар их тэсвэр тэвчээртэй байдгийг энэ удаагийн тулаанаар харуулах болов уу.

-Энэ удаагийн тэмцээний онцлог юу байх бол?

-Энэ жил манай холбооны зүгээс бие даан зохион байгуулж байна. Манай тэмцээн жил бүр өөрийн гэсэн уриатай явдаг. Хамгийн анхны жил “4×4″ гэсэн нэртэйгээр дөрвөн монгол, дөрвөн япон тамирчин халз тулалдсан. Дараагийнх нь “К-1″, “Мутай бокс” гэхчлэн , явагдаж байлаа. Энэ жилийн хувьд “Тэнгэрт тэтгэгдэх эрийн хийморь” гэсэн нэр, уриа өгсөн. Тэнгэрлэг эрчүүд энд тулалдана гэсэн утгаараа дээрх уриаг гаргаад байгаа.

-Таны хувьд рингэнд гаралгүй нэлээд хугацаа өнгөрсөн шиг санагдаж байна. Хамгийн сүүлд хаана тулалдсан бэ?

-Би сүүлийн үед тоглоогүй. Хамгийн сүүлд өнгөрсөн жил “Империал-2010″-т тулалдсан.

-Гэтэл таны өрсөлдөгч ид тулалдах 25 настай юм байна. Мэдээж хэрэг байнгын бэлтгэлтэй, байнга тэмцээнд оролцож байгаа байх даа?

-Тийм. Тайландад байнгын бэлтгэлтэй байдаг тамирчин. Ер нь Тайландад дэлхийн бүх шилдэг тамирчид бэлтгэлээ хийдэг юм. Дулаан орон, бүх орчин нь бэлтгэгдсэн байдаг. Сар бүр тэмцээн болно гээд л. Английн тамирчны хувьд тасралтгүй тулаанд орж байгаа юм билээ.

-Та өмнө нь Тайланд дасгалжуулагчтай байсан байх аа?

-Японд байхдаа дасгалжуулагчтайгаа хамт амьдардаг, байнгын бэлтгэл сургуулилт хийгээд л явж байдаг байсан.

-Цаашид тулалдсаар байх уу. Монголд ирснээсээ хойш гадагшаа тэмцээнд явахаа больчихсон уу?

-Тоглолтын урилга байнга ирдэг л дээ. Гэхдээ өөрөө явъя гэхээсээ илүүтэй Монголынхоо тамирчид болон шавь нартайгаа хамт явмаар байна. Тэдэнд гадны тамирчдаас сурах юм их бий. Одоо гаднаас ирж байгаа урилгууд дан ганц намайг урьсан байдаг. Тэрний оронд бусад тамирчдын хамт ч юмуу багаар нь уривал дуртай явах болно.

-Олон улсын чанартай тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад шаардлага өндөртэй биз?

-Тэгэлгүй яахав. Хууль, дүрмийнх нь дагуу зохион байгуулна. Тухайн оронд нь холбоо байх хэрэгтэй. Манайд мутай боксын холбоо гэж бий. Холбооныхоо шугамаар нутагтаа тэмцээн зохион байгуулдаг. Мөн дэлхийн тулааны холбоотой хамтарч ажилладаг. Тийм болохоор олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхээ авна. Мөн гадны тулаанд тамирчдаа оруулах боломжтой.

-Тэмцээний шагналын санг сонирхож болох уу. Мөн бооцоо гэхчлэн тулааны төрлийн спортын үеэр болдог энтертайнмэнт арга хэмжээ бий юу?

-Бооцоотой тэмцээн чинь дор хаяж 10 мянган хүн үзэж байгаа тэмцээний үеэр голдуу болдог. Манайд одоохондоо тэр хэмжээнд очтолоо хөгжөөгүй байна л даа. Тэр хэмжээнд аваачихын төлөө зүтгэж байна. Шагналын сангийн хувьд аваргууддаа бүс, цом, медаль, мөнгөн шагналтай.

-Та Монголд ирээд хэр удаж байгаа билээ. Энэ хугацаанд шавь нараа бэлдэхэд гол анхаарлаа хандуулж байв уу?

-Ирээд хоёр жил болох гэж байна. Ирснээсээ хойш “Шинобу Амараа” клубээ нээн ажиллуулж байгаа. Жил гаруйн хугацаанд 150 орчим хүүхдэд тулааны урлагийг А-гаас нь эхлээд зааж байна даа. Энэ хугацаанд манай клубээс улсын аварга дөрөв, мөнгө, хүрэл медальтай нэлээд хүүхэд төрөн гараад байгаа.

-Клубтээ гадны багш нарыг авчирч багшлуулах бодол бий юу?

-Байлгүй яахав. Эхлээд клубээ жаахан өргөжүүлээдэхье. Шигшээ клуб болгохын төлөө ажиллаж байна. Тэгээд Тайландын мундаг дасгалжуулагч нараас урьж авчрах бодол бий.

-Эх орондоо тулалдсанаас гадаадын рингэн дээр гарах нь арай амар байдаг юм аа. Зөвхөн бэлтгэлдээ л анхаарна. Энд зохион байгуулалтын тал дээр санаа зовно шүү дээ. Хэдийгээр бүх зүйлдээ өөрөө гүйгээд байхгүй ч гэсэн шийдвэрлэх хэрэгтэй зүйл гарч ирнэ. Анхаарал жаахан сарничих гээд байдаг юм. Дарамттай шүү. Гэхдээ тэр их дарамт, ачааллыг амжилттай даваад гарна гэдэг чинь бөөн кайф.

-Рингэн дээр их сүртэй гарч ирдэг шүү дээ. Өмнө нь та чонын арьс мөрлөөд гарч ирж байсан санагдана?

-Энэ жил би монгол дээл, монгол гуталтай, ташууртай гарч ирэх гэж байгаа. Үндэснийхээ хувцастай сүртэй шүү дээ. Би гадны рингэн дээр дээлтэйгээ гарч л байсан. Ер нь олон улсын тэмцээний рингэн дээр тухайн орны тамирчин гэдгээ илтгэсэн хувцас, өмсгөлтэй гарч ирдэг юм.

-Нэлээд жин хассан харагдаж байна?

-Долоон кг хасаж байгаа. Сарын өмнөөс бэлтгэлдээ гарсан. Өдөрт хоёр удаа буюу өглөө, өдөр бэлтгэл хийж байна. Долоон цагаас гүйнэ, тэгээд зааландаа бэлтгэлээ хангачихна даа.

-Та ер нь цаашид дасгалжуулагч болохоор төлөвлөжээ дээ?

-Тамирчин бүр сайн дасгалжуулагч болж чадахгүй л дээ Яахав өөрийн туулж ирсэн зам, туршлагаа залуу тамирчидтайгаа хуваалцмаар байна Тэд яавал надаас илүү амжилтад хүрч чадах вэ гэдэг тал дээр анхаарлаа хандуулж байгаа. Би чинь уг нь өөр мэргэжилтэй юм шүү дээ.

-Ямар мэргэжилтэй билээ. Японд магистр хамгаалсан билүү?

-Эдийн засагч мэргэжилтэй. Японы Токиогийн их сургуулийг төгсөөд, тэндээ магистрын зэрэг хамгаалсан.

-Та Японы шилдэг тамирчнаар шалгарч байсан. Ямар үзүүлэлтээр шилдэг нь болж байсан юм бэ?

-2005 онд. Японы тулааны урлагийн холбоо байгуулагдаад 40 гаруй жил болж байгаа. Намайг шилдэг тамирчин болоход 40 жилийн түүхтэй бүсээ өгч байсан. Одоо манай бэлтгэлийн зааланд байна л даа. Ер нь Японы түүхэнд шилдэг тамирчнаар нь гадаад хүн шалгарч байсан туүх байдаггүй юм билээ. Үзүүлэлтийн хувьд гэвэл Японы тамирчид жилдээ дөрвөн тулаанд ордог. Би 7-8 тулаанд ордог байсан юм. Тэгээд Японы хоёр удаагийн аварга болж байлаа.

С.АЛТАНЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.