ЭХЛЭЛ

Эхлэл хаана байдаг юм? Үлгэр домог сүн далайг шалбааг, сүмбэр уулыг дов байхад эхэлжээ. Чи үлгэр биш, би ч домог биш. Бидний эхлэл хаана байна? Зүүний үзүүрт ширхэг арвай тогтохын чинээ өлзийт ерөөлөөр хүмүүн төрлийг нэгэнт олов. Зүрх сэтгэл заяав. Энэ насанд хүрэв. Одоо дахин зүүний үзүүрт ширхэг арвай тогтох дайны суут эхлэл энэ яваа насанд давтагдахгүй. Өнөөдөртэй золгох хүртэл хэчнээн өдрийг адилхан давтсанаа харуусан гиюүрэх юун.

Нэг сайхан, агуу эхлэлийг хүлээсээр, ирвэл нь алдахгүй гэж анасаар яасан ч хүлцэнгүй найдаж чаддаг юм. Тэр эхлэл нь хэзээ бол? Зөвхөн өөрт чинь зориулсан тусгай эхлэл байдаг бол түүнийг хэрхэн таньж угтах гэж. Төгсгөлд нь далай болох шалбааг, сүмбэр болох дов өөрийгөө тунхаглан зарлаж морилдоггүй аж. Чарлаа тахиа залхуутай донгодоход ч, гэгээ тасрахад, төлөвлөгөө нурахад, муухай хууртахад ч, зүгээр л нэгдүгээр сарын 21-ний бямба гаригт… Эхлэл алинд нь ч байж магадгүй. Амьдралыг илүү сайхнаар эргүүлэх эхлэл хаа сайгүй, хамгийн эгэлд байдаг гэнэ. Эрэлд хатаад ч яах вэ, тэр чиний хамар дор байгаа. Итгэл байвал хүний амьдралын эгэл өдрүүд тэр чигээрээ ямар нэгэн эхлэлүүдээр хэмжигддэг ажээ.

Сэтгэл зүрхээ юугаар хөглөж яваагаас шалтгаалан хүн амьдралынхаа нэгэн үед өөдөлж, нэгээхэнд нь уруудаж үздэг мэт санагддаг. Тал аяга усыг хараад “Аяганы тал дүүрэн, ус цэлэлзэж байна” гэж баярлан олзуурхах, “Аяганы тал нь хоосон, усгүй байна” хэмээн уйлан донгодох хоёрын хооронд хорвоо эхлэх, төгсөхийн нууц оршдог болов уу. Төгсгөснөөс эхлүүлсэн нь сайхан. Ихэд энгийн эхлэлд итгэл, урам зориг, баяр баясгалан байдаг учраас хэрхэн төгсөхөөс хулчийх ч хэрэггүй. Эхлэлийн чамд өгөх бүх сайхан мэдрэмжийг ав. Эхлэх хэрэгтэй. Эхлэхгүй бол юу ч байхгүй.

Дөчин настай хүн өөрийгөө хорин настнуудаас хоёр дахин хөгшин гэж сэтгэвэл тэр мэдээж хөгшин. Харин дахиад дөчин жил эрч хүчтэй амьдрахыг хичээвэл тэр тун залуухан. Наян настай хүн ч гэсэн амьдралд хайртай хэвээрээ л байдаг шүү дээ. Тиймээс энэ хорвоогоос явах хүртлээ сайныг сэтгэн эхлүүлж байвал жаргалтай амьдрал тэр ажгуу. Хаалганы цаана ганцаараа хоцордог ээжээ гаднаас нь түгжихдээ түүнд ямар нэгэн эхлэл үлдээгээд явахсан. Би ээждээ үр өгсөн. Ээж түүнийгээ хөрсөнд суулгаж, өндийж сэрэхийг нь үзэх бүртээ өөрөө хамт сэргэсэн. Цонхон дээрх таримлууд нь дэлбээлсэн. Ээж минь 80 настайдаа цэцэгчин болов.

Гэтэл хорин настай охин амьдралаас уйдаж, амиа хорлосон байх юм. Зүүний үзүүрт ширхэг арвай тогтох шиг ховор ерөөлөөр ирсэн түүнд шинэ эхлэл, өөр сонголт олдоогүй гэж үү? Уйлан донгодох, баярлан олзуурхахын хооронд хорвоогийн буман эхлэлийн нууц, түмэн төгсгөлийн шалтгаан оршиж байна. Төгсгөснөөс эхлүүлэх нь сайхан.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.