22 газрыг тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг батлав

5ccaa5d93a1d6УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2.1 хувиар нэмэхээр тусгасан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг эцэслэн хэлэлцэж, батлав.
Тогтоолын төсөлд 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их Онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөл зэрэг 22 газрыг тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.
Мөн Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.
Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамлыг хамгаалах боломж бүрдэнэ хэмээн үзжээ. Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Гутайн давааны дөрвөн лиценз бий. Эдгээр лицензийн цуцлуулахаар олон жил тэмцэж байна. Энэ асуудалд Ерөнхий сайд байр сууриа илэрхийлж, дээрх 72 мянган га газрыг чөлөөлсөн гэсэн. Гэхдээ дараа нь яаж хамгаалах вэ. Лицензийг цуцалсан газар хууль бусаар “нинжа” нар орж ажилладаг. Тиймээс хууль бус “нинжа” нарын асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай” гэв. Ажлын хэсгээс, “Менежментийн хувьд, байгаль хамгаалагчийн асуудлыг шийдэж, бүх судалгаа хийсэн. Говь гурван сайхны 30 га орчим талбайн “нинжа” нарын ажлыг таслан зогсоож, нөхөн сэргээсэн. Цаашдаа хяналтыг сайжруулахад дрон ашиглах зэргээр ажиллана. Мөн хууль хяналтын байгууллагатай нягт уялдаатай ажиллана” гэлээ.
Ийнхүү дээрх тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг дэмжих томъёоллоор санал хураахад, гишүүдийн 67.4 хувь дэмжив.

ТОГТООЛЫН ТӨСӨЛД ДАРААХ 22 ГАЗАР БАГТАЖ БУЙ ГАЗАР

  •   Хөвсгөл аймгийн Цагаан уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сумын нутгийг дамнан орших Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар;
  •     Дарьгангын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уул, Хөргийн хөндийн байгалийн дурсгалт газрыг хамруулж, ангилал дээшлүүлэн байгалийн цогцолборт газрын ангиллаар;
  •     Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Хөх нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар;
  •     Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Ташгайн таван нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар;
  •     Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “А” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар;
  •     Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “Б” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар;
  •     Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Мэнэнгийн цагаан хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар;
  •     Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Халхын таван уулыг байгалийн нөөц газрын ангиллаар
  •     Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт орших Баяндун уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
  •     Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гүн гашууны хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар;
  •     Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан дэлийн агуйг байгалийн дурсгалт газрын ангиллаар;
  •     Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Өлзийт сумын нутгийг дамнан орших Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
  •     Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Зотол хаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
  •     Онгон таван булгийн байгалийн нөөц газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын зарим хэсгийг хамруулан байгалийн нөөц газрын ангиллаар;
  •     Ховд аймгийн Мөст, Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви сумын нутгийг дамнан орших Сутай хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
  •     Хэнтий аймгийн Баян-Адарга, Норовлин, Батноров сумын нутагт орших Улз голын эхийг байгалийн нөөц газрын ангиллаар;
  •     Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Дэлгэрхаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
  •     Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хилийн заагт Ховд аймгийн Булган, Алтай сум, Говь-Алтай аймгийн Бугат сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр
  •     Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хилийн заагт Завхан аймгийн Отгон сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
  •     Нөмрөгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Халхгол сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
  •     Монгол дагуурын “Б” хэсгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Гурванзагал сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
  •     Булган гол-Их Онгогийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Ховд аймгийн Булган сумын зарим хэсгийг хамруулан байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр.

URL:

Сэтгэгдэл бичих