Гурван жилийн цэргийн нөхөрлөл

712-155686472311971-1973 онд бороо хургүй гантай жилүүдийг үдэж билээ. Тэр жил Гашуун сухайтад застав байгуулсан юм. 1973 оны хахир хавар түрүүч Самбуугийн Нацаг бид хоёр хилийн постонд урт хугацаагаар манааны үүрэг гүйцэтгэсэн юм. Заставынхаа зүүн гар талыг бүрэн хариуцан гарсан учир хил дагуу газар оронд байнга шалгалт хийнэ. Мөн Хятадын тал руу тасралтгүй хяналт тавина. Уналгын тэмээ маань турж эцээд нэг тэмээгээрээ хилийн манаанд явах болов. Ингээд бид дан дангаараа хилд явдаг болсон юм. Нэг удаа Нацагийн тэмээг унаад хилээ шалгаад ирлээ. Гантай жилийн халуун наранд миний үүрч явсан бууны тос үнэртэж, тэр ч бүү хэл аманд амтагдаж билээ. Манай С.Даваа дарга манаанд гарахад бууг заавал арчиж цэвэрлүүлж хэвшсэн байсан юм. Буугаа тосолчихвол тоос шороо их татдаг учир зөвхөн хоорондоо харьцдаг эд ангийг арчих төдий хэрэглэдэг байлаа.

Маргааш өглөө нь Нацаг өөрийнхөө “бүлтүүш” тэмээгээ унаад манаанд явлаа. Унаагүй ганцаар үлдэж постынхоо газар доорх байрандаа тогтож сууж чадахгүй гадаа харуулынхаа толгой дээр өнжив. Хаврын өдөр ямар ч урт юм бэ? Байрандаа ороод цай хоол хийх гэтэл ус байдаггүй. Нацаг орой ирэхдээ ус авчрах ёстой байсан юм. Мөн ганц дурангаа Нацаг аваад явсан тул надад 90 сумтай буунаас өөр хань байдаггүй. Ингээд өдрийн уртыг арай гэж барав. Халуун нар шингэж харанхуй болоход Нацаг байдаггүй. Харуулын өндөрлөгөөс бууж өргөн сайрын өмнөх цагаан толгой дээр гарч харуулдсан ч бараа байдаггүй. Харин шөнө болсон хойно Нацаг тэмээгээ хөтөлсөөр ирсэн юм. Үүнээс хойш Нацаг бид хоёр огт салаагүй. Нацаг түрүүч болохоор олон сонгуульт ажилтай. Олон ажлыг зэрэг хийдэг учир голцуу заставын жижүүрт гардаг. Би гал зуухны тогооч учир өдөр нь цэрэг түрүүч нар хоол цай хийгээд шөнө нь заставын жижүүрт гардаг. Ингэж бид хоёр заставын жижүүрийн албыг өгч авалцсан гурван жил бие биенээсээ салаагүй хамт байсан юм. Одоо ч нөхөрлөл маань үргэлжилж байгаа. Хамгийн үнэнч нөхөрлөл цэргийн нөхөрлөл байдаг юм билээ.
Ахмад хилчин, ахлах ахлагч Ц.ЧУЛУУНБААТАР

URL:

Сэтгэгдэл бичих