Цэцийн дээр хөх тэнгэр гэдэг. Тэгвэл хөх тэнгэрийн дээр Нямдорж заларчээ

22

Ц.Нямдорж, Н.Алтанхуяг хоёрын тухай бичвэрээ Алтанхуягаас эхэлье. Догшин Нямдоржоос халирч арай зөөлчилсөн нь миний хулчгар зан шүү. “Ард түмэн тэгж бодож байна”. “Хүн ам намайг дэмжиж байна” гэж гурван сая хүний нэр барих угтаа гурван сая иргэнийхээ эрхэнд халдаж буй үйлдэл юм. Гурван сая хүнээс нэг бүрчлэн асууж хариу аваагүй атлаа өмнөөс нь ярих бүдүүлэг авир. Бүгдээс асууж хариу авах боломжгүй. Би үнэнийг хайдаг. Мэргэжил минь тийм юм. “Бүх хүн үнэнийг хайж амьдардаг” гээд мэдэмхийрчихвэл буруудах уу? АН-ын дарга, Ерөнхий сайд асан Алтанхуягийн мэдээллийг уншаад гутрав. Хэн нэгнийг зөвтгөх буюу буруутгах гэсэнгүй. Мулгуу улстөрчдийн барьцгүй тэнэг ярианд дургүйцдэг минь сэдрээд бичихээр зориглов.

Н.Алтанхуяг “С.Эрдэнийг ямар гэмт хэргээр нь хэн барьцаалаад юу хийлгээд байгааг нь ард түмэн ч мэддэг болж” гэж мэдэгдлээ. “Ард түмэн ч мэддэг” болсныг Алтанхуяг уг нь батлах байв. Баримт дурдаж баталсангүй. Түүний мэдэгдлээс би юу ч үгүй хоцорсон тул Алтанхуягтаа сүжиг буурав. “Хэнийг ч гэсэн бөөс хуурс шиг бодож няц гишгэнэ гэж аархаж” гэх мэт баримтгүй сүржин хоосон үгэнд хууртах хэн байв гэж. Дооглоно биз. Гэвч “Төрөө тонож, улсаа зардаг хулгайч нар аа” гэх мэдэгдлийг итгээд Алтанхуягыг өндөр сэнтийд өргөмжлөх гишүүн бий гэнэ шүү. Төрөө тоносныг, улсаа зарсныг баримтаар нотлооч. “С.Эрдэнэ чамайг зайлуулна аа” гэж бардамнав. Зуу гаруй мянган АН-ын гишүүд, ҮБХ-гоо нулимаад өөрийн ганц биеийн хүслээр намын даргаа зайлуулна гэж онгирох наад тал нь даруу бус. Цаад тал нь үнэмшилгүй. Гардуулсан хулгайгаа булзааруулж буй ядарсан булталт гэх хардлага төрөв. Гоё харагдах бүү хэл гутамшиг боллоо. Ерөнхий сайд, намын дарга явсан хүний хувьд үгийг нь шохоорхсон юм. АН-ын залуучуудын даргад өрсөлдөхийн тулд 120 сая төгрөг, аймаг дүүргийн намын даргад өрсөлдөхийн тулд 15-20 саяыг босгодог луйвар Эрдэнийг онхолдуулах Алтанхуягийн тамга хөзөр аж. Дэлгэсэн баримт гэвэл ердөө энэ. Баримтуудаа хуулийн байгууллагаар нотлуулсны бөгсөнд мэдэгдлээ хийвэл үнэмшил төрүүлнэ. Эхлээд сэжигтэн яллагдагчаар татагдсанаа сэгсэрчихээд дараа нь намын дарга, Ерөнхийлөгч болох том зорилгодоо ордог байж. Одоо ч гэсэн АТГ-т цоожлогдсон хавтаст хэргээ янзалчихаад дараа нь намаа цэвэрлэ гэж зөвлөе. Нам чинь үзэл баримталлаа “Баруун төв” гээд шийдчихлээ. Нам доторх сунгаа гэх мэт шинэчлэл эхлүүлээд мунгинаж явна. Танил бус сорилтууд тулгарч туршлагагүйдээ ядаж зүдэж буй намаа самралгүй туслаач. Ардчилал чөлөөт зах зээлийг насаараа хүлээсэн өвгөн гал голомтоо бүү самар, эрх чөлөөний гал бадарсан тулгаа бүү өшиглө гэж гуйя. АТГ-ын даргыг солих гэж та чамгүй тэмцсэн. Сольчихлоо. Гэвч хавтас хэрэг тэнд. Шинэ дарга хэрхэх нь бөгсөнд тулгасан жад. Сайхан санааны үр амар жаргал.

АН-ын Сонгинохайрхан дүүргийн салбар хорооноос Алтанхуягийг намын дүрмийн хэд хэдэн заалт зөрчсөн шалтгаанаар гишүүнчлэлээс дөрвөн жил хасчээ. Түүнийг намын байраа долоон тэрбумаар зарсан, намын хөрөнгөөр үнэтэй машин авсан гэж буруутгасан аж. Ер нь гүтгэлэг гэж олны өмнө хий дэмий хилэгнэхийн оронд гүтгэлгийг хөдлөшгүй нотолбол өгөөжтэй. Хачин барьцгүй мулгуу үгээр хадуурч үсчээд буй нь хулгайгаа булах гэж хөглөөд байх шиг. Муу нуухаар сайн илчил гэдэг. “Намайг намын даргын сунгаанд оролцох сураг, Ерөнхийлөгчид нэр дэвших чимээнээр 2016 оны 11-р сарын 30-нд АТГ-аас сэжигтнээр шалгаад 2017 оны 1-р сарын 29-нд яллагдагчаар татав. Эхнэрийг минь саатуулаад бага хүүг минь шоронд хийж эгчийн бэрийг хорьсон. Намайг намын даргад дэмжсэн санал хол зөрүүтэй байсныг С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, М.Энхболд нар нийлж байгаад луйвардсан. Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрт ганцхан гацаа байсан. Тэр нь А үсэг байсан юм. Тэгээд л энэ муу А үсгийг устгах бүх аргаар нь алсан. Гэхдээ би үхээгүй. Байгалийн баялгийг ард түмэнд зөв хуваарилж болохгүй юм уу гэж хэлснээсээ би гэмтэн болсон” гэж өрөвдөж өмөөрмөөр царайлав.

Адууны ширээ бүрэн боловсруулах үйлдвэргүй мөртлөө хужаад шулуулахгүй гэдэг сүржин эх оронч омогшлоор Алтанхуяг тогтоол гаргаж сая саяар ялзруулж эхэлсэн. Одоо Эмээлтэд 600-700 мянган шир овоолоостой өмхийрч хэвтэнэ. Тэр жалгын үзэлтэй. Хулгай луйвраа баригдвал өөрийн бүлэглэлээс Увсын бус Дэнзэн Гансүх нарыг шоронд түлхэнэ. Аргаа барвал Архангайн авгайгаа өмнөө бариад ард нь нуугдана. Тийм л хүн. Сэжигтнээр шалгамагц Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд “Нам дамнасан бүлэглэлийн хулгайтай эвлэршгүй тэмцэгч намайг Ерөнхийлөгч болохоос олигархиуд айсандаа хэлмэгдүүллээ” гэдэг эх оронч өчиг Алтанхуягийн зохиол. Алтанхуяг намын дарга болохдоо ярилцлага өгчээ. “Би тэгж яривал өөрөө гар өргөж байж намын дарга болсон хүн. 20 жилийн түүхэнд “би намын дарга болъё” гэж байсан хүн байхгүй. Намайг намын ерөнхий нарийн бичгийн дарга хийвэл таарах хүн гэж тавьдаг сонгодог байсан. Би өөрөө намын дарга хийе гэж гараа өргөсөн” гэсэн атлаа “Түүнээс биш сайд майд болно гэдэг миний дурладаг юм биш” гэжээ. Мулгуутах нь яахав. Харин намын дарга тэргүүн шадар сайд гуйж гувшиж байж болмогц одоо манайхан битгий хэрэлдээрэй, битгий намаа хэмхэлчихээрэй гэж нялуурч ажил хийх дуртай нөгөө хүн маань бэлэн мөнгө тараах гэж зүтгэж, өндөр сэнтийдээ бүтэн 4 жил сууж хувиа борлуулаад авъя гэснээс “ажил хийе” гэсэн сайд биш болох нь танигдсан. “Ажил хийх дуртай нь Алтанхуяг бусад нь хэрэлдэх дуртай” гэж тоох ч үгүй биеэ магтана. Нэрэлхэх ичихийг мэдэхгүй. Нарийн цариг хэрэггүй. Өргөн царигтай Монголд эрлийз цариг үүсчих аюултай гэх нь “эрлийз”-д дургүй эх оронч үзлээ рекламдах далим болгов янзтай. “Манай нутагт нэг мундаг үг байдаг юм. Үнээнийхээ сүүтэйг үхсэн хойно нь мэддэг юм даа гэсэн үг байдаг. Өнөөдөр намайг харааж л байна. 5 жилийн дараа хэн ч хараахгүй” гэж цэцэрхсэн удаатай. Юун ч мохоо юм дээ. Сүүтэй ч үнээ байдаг, сүү муутай ч үнээ байдаг. Сүү муутай нь үхсэн бол юу гэхэв. Алтанхуяг гэгч асар сүүтэй үнээ байсныг мань мэт нь 5 жилийн дараа ухаарна гэж буй санаатай юм уу хаашаа юм бэ. Тав байтугай арван жил өнгөрлөө. Алтанхуяг хараалгах ньбүү хэл яллагдагчаар татагдчихаад хонгил яриад үймүүлж явна.

Би 1940 онд төрсөн. Ю.Цэдэнбал 1940 онд МАХН-ын дарга болсон юм билээ. Миний бүх амьдрал түүний өнгөн дээр таарсан бөгөөд Увсынхан биесээ ялнаас суга татахийг “Тоншуул”-ын сурвалжлагчийн хувьд сонсож явав. Энэ давамгайллыг Нямдорж залгамжилж чадаж байна. Шоронд хийх, ял завших түүний тааллаар шийдэгдэнэ. Баримт хангалттай. Алтанхуяг хулгайгаа дүйвээлж популизм өрнүүлсээр санасандаа хүрэх магадлал өндөр. Шалтгаан нь хүчирхэг Нямдоржийн эсрэг аймхай халхууд. Увсынхан биеэ зад өмөөрөөд буруудадгүй. Хүн юм хойно тэд алдаа гаргах нигууртай. Увсынхныг шүүмжилбэл хагалан бутаргах гэлээ гээд багалзуурт ноцно. Балын үед үнэн тэдний талд. Ойрадууд эх оронч халхууд урваач гэвэл үндэсний эв нэгдэл хангагдана. Ингэтлээ даварсан. Түвдийн Засгийн тэргүүн дэсрид Санзайжамцын зараалаар Галдан бошигт халхын анхны богдыг хөнөөх гээд Манжийн хүрээнд шургатал элдсэн. Коминтерны хатгаасаар Ө.Бадрах, З.Шижээ хоёр Бүгд Найрамдах Дөрвөд Ард Улс байгуулах гээд зүтгэж явсан. Энэ чинь урвалт уу эх оронч үзэл үү. Хэл, үндэсний үнэт зүйлсээ оросчлохоор донтсон Ю.Цэдэнбалын хүслээр болсон бол бид тэдний хоёр хүү шиг соёлжсон иргэд яваа гэх үү та нар. Увсынхан Кремль Ю.Цэдэнбалд дулдуйдан өнгөрөгч зуунд дэндүү даварсныг би тэдэнд одоо “муусайн халхуудтайгаа ижилхэн амьдарч сур” гэж хэлээд үхье гэж бодов. Бүх даргын 70 хувь увсынх байлаа. Сална бутарна гэх сүрдүүлгээр Балын дарангуйлалд дургүйцсэн олны амыг барина. Юм л бол эв эе гэж сүржигнэдэг популизм ардчилалд галзуурсан нь гайхалтай. Халх ойрад адилхан монголчууд. Хэрэлдээд юу шалих вэ. Амьдралын сорилтуудыг мэтгэлцэн байж ухааждаг. Насан турш тээсэн сэдвээ бичлээ.

Алтанхуяг Нямдорж хоёр нутгийн хүмүүс тул түүхийн гүнээс биднийг сүүдэр мэт дагаж ирсэн жалгын үзлээр амь нэгтэй л байгаа. Буруу нь ч юу байхав. Бүгд л тийм хойно. Дов дошны бүлэглэл ХХI зуунд ашиг өгөхөөсөө чөдөр болж буйд би дургүйцээд яваа хүн. Нямдоржийн зоргоор туйлагч зайран авирыг жалгын үзэлтнүүд хөөргөдөж байгаа. Жастын Батхүүг Нямдорж өмөөрч дэвхцээд байсан. Алтан түүний хүү Сүрэнгийн Батхүүтэй хамсарч идэж уусныг цайруулах гэж цамнаж буй юм биш үү. Жуулчин татаж зоос олох санаатай. Хар модон тэрэг, тэмээний нуруун дээр амьдарсан нүүдэлчдэд үлэг гүрвэлийн яснаас өөр үзүүлэх юм хомс. Зүдүү нэгдэлчдийн хэдэн цаасаар барьсан Лениний музейг үлэг гүрвэлийнх болгох гэж багтай дээрэмчин хочит Доржзовдоор УИХ-ын дарга М.Энхболдыг дөнгүүлсэн УИХ-ын гишүүн асан Оюунгэрэл хөөцөлдөөд Алтан авхайд навс ялагдсан. Арга ч үгүй. Алтангийн ард Нямдорж буй. Хотын дарга, Сангийн сайд, Банкны ерөнхийлөгч, Цагдаа, ТЕГ-ын удирдлага Увсынхан байдагт Нямдоржийн нөлөө их. Эрдэнэтийн 49-ийг авч шахаа хийх гэж шүлэнгэтсэн Нямдоржийн санаачлагаар захиргааны ерөнхий хууль дарга нарын буруу шийдвэрт хохирсон иргэдээ золиослох болчихов. Иргэдээ золиослох хууль Нямдорж загнаж байгаад л батлуулна. Япончууд Дагвадорж Даваажаргал хоёрыг зогсоох сумоч байна уу гэж байсан шиг Нямдоржийг хазаарлах нам байна уу.

Цэцийн дээр хөх тэнгэр гэдэг. Тэгвэл хөх тэнгэрийн дээр Нямдорж заларчээ. Насан турш зохиол гэх навтраг эрээчсэн би хурмастад морилсон Нямдоржид Оюу-Эрдэнэ Батзандан Болд нар ба увсыхныг дагаж мөргөхгүй. Эртний хаадын бишрэм айлдвар, өнөөгийн ухаалаг улстөрчдийн мэргэн афоризмд дурлагч намайг Нямдорж, Алтанхуяг хоёрын логик гонсойлгодог. Гэвч тэдний луйвар ямагт биелдэг, ухааных байж таарна. Банкны ерөнхийлөгч агсан оюунлаг Чулуунбатыг гоочилсоор нутгийн дүү 70-80 ломбардтай Батсүхийг банкны ерөнхийлөгчөөр томилж байлаа. Эрдэний мандатыг булааж Баяртсайханд өгөх гэж шоронд хорьж дарамталсаар эцэст нь шүүхийн шийдвэр Эрдэнэд гарч Нямдорж анх удаа шогнойв. Сөгөөтэй хүмүүс тэмцвэл тэр өчүүхэн амьтан. Даанч Нямдоржоос айгаад дуугарч чадахгүй. Хамтран зүтгэгч анд Энхбаярыгаа тамлаж алах шахсан. Баатар генералыг шоронд Нямдоржийн далд удирдлагаар хэрхэн эрүүдсэн баримт үлдэх ёсгүй. Гэвч үнэн илэрдэг жамаар Баатар генерал Нямдоржийн заавраар мөрдөнд тамлагдаж зовсноо телевизээр дэлгэв.

Тосонбумбын нуруу, Хотгор шанага, Аморе компаний когсжих шахмалын 20 тэрбум, Туулын бургас гэх мэт нийгмийн эсэргүүцлийг Увс бүлэглэл нууц ноён Нямдоржоороо түрүү бариад тоодоггүй. Үүндээ омогшоод тэд Монголд 20 жил даналзсан нь хаа очиж Балтай хамаагүй. Балтай Балгүй тэд бидэндээ элбэгдэх хүмүүс аж. Эдүгээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд түүнд базуулж байх шиг. Ашиг сонирхлоороо түүний сэдсэн болгон дийлж эхлэв. Горьдлого З.Энхболд ухаанаа дайчлаасай. Гэвч түүний маань сэтгэл эх орондоо байна уу Оросод явна уу. Хүүхэд хүчирхийлэх, хар тамхи гээд салбарын нь ажил уначихаад байхад Нямдорж сайд тэртээ дээр Төр Засгийг эрхшээлдээ оруулахаар хор найруулж явааг эрх баригчид нэгдсэн хүчээр ялаач. “Монгол ялна” лоозон хэвээрээ биз дээ. Нямдорж Алтанхуяг хоёр их төстэй. Мэдлэг нимгэн, чадвар хомс. Нийгмээ гэх сэтгэл дулимаг. Хор найруулж самардаг пиар нь харанхуй масст гаргууд нийцтэй. Дош довоо улс гүрнийхээ дээр тавьсан хар буруу санаагаа орхивол дэмжилгүй яахав. Чадлаараа дэмжинэ.

Хүнийг явсан мөр нь илчилдэг. 2003 онд Ерөнхий сайдыг Нямдорж орлох зуураа нисдэг тэргээ моралийн элэгдэлд орж хар хайрцаг энэ тэр нь ажилгүй болсон сарампай нисдэг тэргээр солих Засгийн газрын тогтоол гаргуулж, үнийн зөрүүг хилийн отряд ангиудын авто парк шинэчлэхэд зориулна гэж өөрийн яаманд авчээ. Хэрхэн зарцуулсан нь бүрхэг үлдсэн. Ми-8 нисдэг тэрэгний сүйрэл болон 15 гал сөнөөгч үрэгдсэн нүглийн эхийг Нямдорж ингэж тавьсан юм. 15 залууд би одоо ч харамссаар. Туулийн бургас хядаад буй одоогийн хотын даргын төрсөн ах тэр үеийн Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр 15 залуугийн амь насны төлөө огцрохоо амлаад байснаа гэнэт больж, Оросууд хог дээрээ хаясан нисдэг тэргээ будаад өгсөн юм байна гээд, тиймээс огцрохгүй гэдгээ мэдэгдсэнийг ард түмэн цэнхэр дэлгэцээрээ харсан. Мандал сумын нутагт гарсан түймэр лүү бороо нүүрэлжээ. Орон нутгийнхан нэмэгдэл хүч өнөөдөртөө хэрэггүй, авууштай бол маргааш мэдэгдье гэв. Өнөөдөртөө хэрэггүй гэсээр атал Отгонбаяр сайд “Нис” гэсэн тушаал буулгажээ. Нямдоржийн сольж авсан Оросын брак ойд сүйрэв. Холбоо барьдаг ганц аппарат Отгонбаяр сайдын гэрт юм уу хаа нэгтээ байснаас ослоо дуулгаж чадалгүй хүнд бэртсэн ч амь голтой үлдсэн залуус гурван өдөр гурван шөнө хүйтэн хөвчид тарчилсаар үхсэн. Холбоо барьсан бол хэдийнх нь амь аврагдах байв гэж уйлцгаадаг. Энэ аймшигт эмгэнэлд тэд хариуцлага хүлээх атугай өдгөө хэрхэн даналзаж явааг хар. Бүгд увсынхан. Тэдэнд жөтөөрхсөндөө би бичсэнгүй. Нутгархаг бүлэглэл ард олноор минь тоглож, доромжилж буйд зэвүү хүрсэндээ бичив. Өнөөдөртөө хэрэггүй гэсээр атал “Нис” гэж тушаал буулгадаг мөн гай шүү. Нисээгүй бол 15-уулаа амьд яваа. Отгонбаяр сайдын нүгэл бага гэж үү.

ҮАБЗ-ийн зөвлөмж УИХ-д зөвлөх үүрэгтэй учир зөвлөмжийг хүлээж авах, эс авах эрх УИХ-д нээлттэй тул Үндсэн хууль зөрчөөгүй гэдэг тайлбар зөв. Энэ бол масст харагдаж буй өнгөн тал. Зохиолч хууль тайлбарладаггүй. Амьдрал бичдэг. Амьдрал дээр авилга, жидүүгээр барьцаалагдсан УИХ гишүүд 2020 оны сонгуульд дахин дэвших эсэх нь ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн атганд орчихжээ. Зөвлөмж юу гэнэ, гишүүд за гэх нөхцөл үүсэв. Үүссэн нөхцөлийн гүнд буглаа оршвол зохиолч дэлгэдэг. Энэ бол бодит амьдрал агаад хуулийн зүйл заалтыг олон янзаар тайлбарлахаас өөр. Та нарын зохиодог хуулиас амьдрал гүнзгий. Нэг удаагийн тариур гэх шиг нэг удаагийн хууль гаргаж барьцааны жидүүчдээр кнопдуулаад өрсөлдөгчөө намнаж ашиг сонирхлоо гүйцээх шантааж зохиолчийн бичих амьдралын адармаа болохоос үүнийг хуульд заалтаар суулгах боломжгүй. Тиймээс хуулийн бус, зохиолын өгөгдлөө энд онцлов. Эрдэнэтийн 49-ийг 400 гаруй сая хулгайн доллароор оруулж ирсэн гэж цололдог ХЗДХ-ийн сайд тэргүүтэй шахаачид “хулгай” гэдгээ нотолж чадахгүй мухардаж аргаа барсандаа хууль зохиож 51 байсан намынхаа саалийн үнээг 100 хүргэлээ. Шинэ хууль нь иргэдийг хохирлоо нэхэмжлэх эрхгүй болгоод хаячихсан юмсанж. Аюурсайхан гишүүн энэ хуулиараа “Зэс” корпорацийн 49 хувийг авчихаад иргэдийг хохироох хуулиа устагчихъя гэх санал Чуулган дээр гаргаж нүд бүлтийлгэж чих дэлдийлгэв. Намаа санхүүжүүлэх, шахаа хийх талбараа 100 хувь болгочихвол ард түмнээ хайрлах сэтгэл Аюурсайханаас ундрах нь гээч.

“Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэх бичиг жорлонд харагддаг. Жорлонгийн энэ санамжийг сүрлэг томоор УИХ-ын танхимын хойморт залаач. 76 гишүүнийг дэгээ биелүүл гэж 30-аад жил шаардаад дийлэлгүй эцэст нь цөхрөөд хурууны хээгээр санал хураах болов. Хууль хэзээ ч биелүүлэхгүй гишүүддээ бууж өгчээ зайлуул. Төрийн гурван өндөрлөг, УИХ, Засгийн газарт хууль сахих ирээдүй заяахгүйг гадарлаад хурууны хээндээ хүрчээ. Хуулийн байгууллага чагнах аппарат тавьчихаад ҮАБЗ-ийн гурван гишүүн хоорондоо бичгээр ярьдаг болов гэж Оюун-Эрдэнэ сайд шогшров. Эх орноо эрсдэлээс хамгаалдаг нүд чихнээс ҮАБЗ-ийн гурван гишүүн юу нууж бичгээр харилцав? Гурвуулхнаа бичгээр харилцсан нууцыг Оюу-Эрдэнэ яаж мэдэв? Тэр гурвын нэг нь нөгөө хоёроосоо урваж, нууцаа Оюу-Эрдэнэд далдуур шивэгнэв үү? Хурц Энхжаргал нарыг даран сөнөөе гэх хөөсрөлдөө мангартаад Оюу-Эрдэнэ ҮАБЗ, АТГ, ТЕГ-ын нууцыг ташраар нь задалчихав уу даа. Улсын нууцыг АТГ, ТЕГ-аас тэгтлээ чанд нуумгүй. Харин хувийн хулгай луйвраа бол нууж бичгээр харилцах нигуртай. Ерөнхий прокурор, АТГ-ын даргыг томилоход авилгач жидүүч гишүүд сургаал айлдах нь кинонд гардаг суут багшийн дүртэй. Эцэст нь хэлэхэд ичиж амьдраач. Та нар мал аваас ичихгүй, хүн бол ичнэ. Холдоо мөөрөлдөнө ойртоо мөргөлдөнө гэх үг ХХI зууны ойрад халхад үнэ цэнээ алдсангүй. Эрх баригч та нар эртний энэ үг шиг үнэн агаад уран ярьж сураач. Алтанхуягийн балайрлыг уншаад сануулж байна. Надад зөв бурууг ялгах тэнхээ үлдсэнгүй. “Ухаалаг уран хэллэг гоёл” гэж эхэлснээ өвөө нь хадуурчихлаа.

Ц.Доржготов /baabar.mn/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.