“Дачин” компанийхан Монгол хүнийг зориуд дайрч алчихаад нуун дарагдуулжээ

Дачин”-гийнхан Монголын галт уулын сөнөсөн системийг сэрээн амилуулжээ

“Дачин” гэж маш эвгүй компани Монгол оронд ноёрхоод удаж байгаа билээ.

Энэ компани Дорнодыг Хятадын нэг аймаг мэт болгож, нэн ихээр хужааруулсан, талыг нь там болгосон, нефтийг нь бохир ус гэж зөөдөг. Асар их зөрчил гаргаж, байсхийгээд л үйл ажиллагаа нь бүхлээрээ юм уу, хэсэгчлэн зогсоогддог. Монголын хамаг том дарга нар Дорнодод очихдоо, “Дачин”-гийн үйл ажиллагаатай танилцаж, шүүмжлэлтэй хандахад, удирдлага нь ямар ч хүндэтгэлгүй, чинээндээ тултал уурлаж, арай хийн биеэ барьж, хялалзаж цэхэлзэн сууцгааж байсан билээ. Мөн л том дарга нар Халх голд очиж нутгийнхантай уулзахад “Бид Хятадтай нэгдмээр байна” гэж байсан. Хамгийн эх оронч хүмүүжилтэй нутгийнхан яагаад хамгийн эх оронч бус болчихов? Бодоод үз.
Саяхан америкийн эрдэмтэд “Монголын сөнөсөн галт уулс сэрж эхэллээ. Нефтийн хайгуулыг буруу хийснээс үүдсэн” гэж мэдэгдсэн. Энэ нь Монгол улс Япон, Перу, Индонез, Филиппин шиг л байнга доргиж донсолж, иргэд нь айж ичиж, бэмбэгэнэж навтайж амьдрахад хүрэх гамшгийн бүс болно оо гэсэн үг.

“Дачин” компани БНХАУ-даа гишгэх газаргүй болж байгаа тул, Монголд бүр ч ихээр нэвтрэн орж ирж, үйл ажиллагаагаа өргөсгөх төлөвтэй.
Энэ компани ӨМӨЗО-д маш их нефть олборлож, Хятадын хэрэгцээний үлэмж хувийг хангадаг (манай “бохир ус” ч нэлээд хэмжээгээр оролцож л байгаа байх).
Тэгэхдээ өвөр монголчуудыг зүйл бүрээр дарлаж, колоничлогчийн авир аашийг гаргадаг байна. Жишээ нь, замаараа нефть зөөвөрлөхгүй, малчдын бэлчээрээр тарж давхилдан, тэнгэрт тултал тоос шороо босгож, хашаа хороо, мал, гэрийг дайрч, эсэргүүцсэн ардуудыг зодож дарамтална.
2010 оны 8-р сарын 10-нд тэдний хөдөлгөөнийг хааж эсэргүүцэн тэмцэж байсан хэсэг малчдыг майханд унтаж байхад нь “Дачин”-гийнхан төрөл бүрийн төмрөөр зэвсэглэн, хайр найргүй балбаж нүджээ. Тэгэхэд малчин Зоригтын гавал хүндээр гэмтэж, алга дарам яс авахуулсан аж. Тэгэхэд Зоригтод 30 мянган юань төлнө гэж байсан ч 2.8 мянга болгож бууруулаад, үүнийгээ ч өгөөгүй аж. Тэгсэн хэрнээ, Зоригтод 800 мянган юань өгсөн гэсэн мэдээлэл тараадаг байжээ.
2011 оны 5-р сарын 30-нд хөдөлгөөн хаах тэмцэлд оролцож байхад нь, амь насанд нь халдах гэжээ. Бие муу түүнийг түлхэж унагаад, машинаар дайрах гэхэд, орчин тойрны хүмүүс тэр жолоочийг хорьж болиулсан байна. Тэр жолооч “Чамд 800 мянган юань өгсөн байхад яах гээд байгаа юм? Алчихсан нь дээр юм байна” гэж бархирч байжээ.
Зүй бус хөдөлгөөнийг хаах тэмцлийн удирдагч тэрбээр 2011 оны 10-р сарын 20-нд гэрийнх нь хажуугаар нефть тээвэрлэгч хүнд даацын тэрэг хурдлан өнгөрөхөд мотоциклиор хөөжээ. Тэгэхэд жолооч нь зориуд шарвалт хийж дайрч алжээ. Түүнийг жолоогоо огцом эргүүлэн шарвалт хийхийг нь харсан гэрч нар буй. Мотоцикль нь машины дугуйн дор удтал тээглэж чирэгдэн явжээ. Малчин нэн хүнд шархадсан байсан агаад, эмнэлэгт хүргэсэн ч төдөлгүй насан нөгчжээ.
Мэргэн баатрын гавъяаг давтсан Зоригтын асуудлыг хятадууд ор тас нуун дарагдуулсан аж. 11-р сарын 30-нд хэргийг шийдвэрлэхдээ, жолоочид жил гаруй хорих ял оноож, ар гэрт нь нөхөн төлбөр өгөх болжээ. Дахин Өвөр Монголд, саяын зун гарсан шиг бослого дэгдэх вий гэж маш их болгоомжилж буй юм байна.
Гэтэл малчин Зоригтын охин интернэтээр холбогдох мэдээллүүдийг цацаж амжжээ. Тэрхүү охины мэдээллийг устгах ажил явагдаж эхэлсэн аж. Охиныг ч хорлох магадлалтай болжээ.
“Дачин” гэдэг компани иймэрхүү л үйл ажиллагатай, аюултай компани юм байна шүү, уншигчид аа.

Ч.Мөнхбаяр


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.