Ц.Цогзолмаа: Өнгөрсөн жилүүдэд гэр бүл гэдэг ухагдахууныг маш их орхигдуулж ирсэн байна

75

Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөллүүд Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд зөвлөлдөх уулзалт хийж, нийгмийг цочроогоод буй хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар санал солилцлоо.

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар болсон уг зөвлөлдөх уулзалтад 14 намын 30 гаруй эмэгтэйчүүд оролцож, өдрөөс өдөрт газар авч буй гэр бүл, хүүхдийн хүчирхийлллийн эсрэг эмэгтэйчүүд юу хийж чадах талаар, цаашид хүчирхийллийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах талаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо.

 Зөвлөлдөх уулзалтыг НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нээж хэлсэн үгэндээ, “Сүүлийн үед нийгмийг цочроогоод буй хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн асуудал дээр эмэгтэйчүүд улс төрийн нам харгалзахгүйгээр дуу хоолойгоо нэгтгэе, энэ сэдэв рүү нийгмийн анхаарлыг хандуулж, гарц, шийдлийг олцгооё гэдэг зорилгоор та бүхнийг өнөөдрийн хэлэлцүүлэгт урьсан юм.

Гэр бүлийн хүчирхийлэл бол маш эмзэг, нарийн, ихэнхдээ гэр бүлийн буюу хамаарал бүхий орчинд үйлдэгддэг гэмт хэрэг. Тиймээс үүнд бид улс төрийн оноо авах гэж эсвэл олон нийтийн анхаарлыг татах гэж хандах ёсгүй. Бид эхчүүд, бид эмэгтэйчүүд гэдэг байр сууринаас нөхцөл байдлыг авч хэлэлцэж, бодит байдал, жинхэнэ амьдрал дээр юу болоод байгаа талаар ширээний ард сууж, ярилцаж, санал бодлоо солилцъё.

Бид юу хийж чадах, юу хийснээр хүчирхийллийг бууруулах вэ гэдгийг хамтдаа хэлэлцье, бүгдээрээ дуу хоолойгоо нэгтгэж, төр засаг, бодлого боловсруулж, шийдвэр гаргах түвшинд нөлөөлье гэдэг зорилгоор энэхүү зөвлөлдөх уулзалтыг хийж байгаа юм” гээд зөвлөлдөх уулзалтад хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдэд талархал илэрхийллээ.

Зөвлөлдөх уулзалтад АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа, МАХН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн асан Д.Удвал, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ тэргүүтэй нийгмийн зүтгэлтэн, манлайлагч эмэгтэйчүүд оролцож, хүүхэд хамгаалал, гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн асуудлаар өөр өөрсдийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Зөвлөлдөх уулзалтын эцэст эмэгтэйчүүд нам, улс төр харгалзахгүйгээр, талцахгүйгээр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн асуудалд дуу хоолойгоо нэгтгэж, нэгдэх цаг болсон, мөн энэ асуудалд аавуудыг, эрэгтэйчүүдийг ч мөн татан оролцуулах ёстой, эрх зүйн зохицуулалтыг эргэж харж гажуудал, хийдэл байвал засах хэрэгтэй гэдэг дээр эмэгтэйчүүд санал нэгдлээ. Түүнчлэн хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгаж, цаазын ялыг сэргээх ёстой гэдэг дээр маш болгоомжтой хандахгүй бол энэ төрлийн гэмт хэргийн 70 хувь нь гэр бүлийн буюу хамаарал бүхий орчинд үйлдэгддэг учраас цаазлах ялтай болсноор уг гэмт хэрэг улам далд хэлбэрт ч орж болзошгүй гэдэг дээр санал нэгдсэн юм.

 Зөвлөлдөх уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Олон жил хүүхэд, гэр бүлийн чиглэлд ажилласан хүний хувьд хэлэхэд хуулийг чангатгаж, хүүхэд хамгааллын төсөв, мөнгийг нэмэгдүүлснээр энэ асуудал шийдэгдэхгүй. Ийм дүгнэлтийг судалгааны дүнгээс ч харж болно. Бид өнгөрсөн жилүүдэд гэр бүл гэдэг ухагдахууныг маш их орхигдуулж иржээ. Соён гэгээрүүлэх ажлыг маш сайн хийх хэрэгтэй. Эцэст нь аав ээжүүд ээ, хүүхдээ харж хамгаалаач ээ, анхаарал сэрэмжээ битгий сулруулаач ээ. Та л тэднийг хүчирхийллээс хамгаалж чадна гэж хэлмээр байна” гэлээ.

 НАМЭХ энэ сэдвийн хүрээнд тавдугаар сарын 22-нд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтарч хүүхэд хамгааллын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, судлаачид, эрдэмтэд, олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулсан өргөн хүрээний нээлттэй хэлэлцүүлэг, тавдугаар сарын 29-нд “Гэр бүл, хүүхэд хамгаалал” сэдэвт үндэсний хэмжээний чуулга уулзалт хийхээр төлөвлөж байгаа аж.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.