Улаанбаатар-Эрээний чиглэлд энэ сарын 22, 26-нд галт тэрэг явахгүй

Урд хөршийн цагаан cap өчигдөр эхэллээ. Харин Монголын цагаан cap нэг сарын дараа болно. Хятадууд цагаан сарынхаа үеэр тодорхой хугацаанд хилээ хаадаг. Энэ жилийн хувьд тэд энэ сарын 22-24-ний өдөр манай улстай хил залгаа 13 боомтыг хаана. Хил хаасантай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам”-ын олон улсын билетийн кассын эрхлэгч Ч.Энхмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хятадын цагаан cap эхэлж, тус улс хил хаасан гэсэн. Галт тэрэгний хуваарьт ямар өөрчлөлт орсон бэ?
-Галт тэрэг чиглэл бүрт хуваарийнхаа дагуу иргэдэд үйлчилж байгаа. Улаанбаатар-Эрээний чиглэлийн 22 дугаар галт тэрэг долоо хоног бүрийн пүрэв, ням гарагт явдаг. Тиймээс  өчигдөр хил хаасантай холбогдуулж бид 22, 26-ны өдөр Улаанбаатар-Эрээний чиглэлийн галт тэргийг зорчуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Учир нь энэ үеэр зорчигчдын урсгал эрс багасдаг юм. Гэхдээ Хөх хотын чиглэлийн 34 дүгээр галт тэрэгнээс гадна Эрээний галт тэргээр үйлчилнэ. Гэхдээ хэдэн галт тэрэг залгах нь хэчнээн хүн зорчихоос шалтгаална. Тэгэхээр үндсэндээ долоо хоногт хоёр удаа зорчдог хуваариа нөхнө гэсэн үг.

-Хятадууд хилээ хаах сургаар урд хөрш рүү зорчигчдын урсгал эрс ихэссэн гэсэн. Та бүхэн ямар арга хэмжээ авч байна вэ?
-Иргэд ихэнхдээ хямд зардалтайг нь сонгон Замын-Үүдийн чиглэлийн галт тэргээр үйлчлүүлдэг. Замын-Үүдээс цааш автомашинаар хил давах нь ашигтай байх. Энэ сард орон нутгийн, ялангуяа Замын-Үүдийн чиглэл рүү ачаалал ихтэй байлаа. Гэхдээ цаг тухайд нь бид нэмэлт галт тэрэг залгах арга хэмжээ авч зохицуулсан. Тухайлбал, Эрээн рүү зорчих хүмүүсийн урсгал нэмэгдэхэд бид 2-4 галт тэрэг залган явуулж байсан.

-Үнийн хувьд өөрчлөлт орсон уу?

-Ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Одоогоор Улаанбаатар-Эрээний чиглэлээс бусад чиглэлийн орон нутгийн болон олон улсын галт тэрэг хэвийн ажиллагаатай байна.

-Урд хөршийг зорих зорчигчдын цуваа багассан гэлээ. Хэдий хугацааны дараа хэвийн байдалдаа орох бол?

-Хоёр, гурван жилийн өмнө хятадууд хилээ хааснаас cap орчмын дараа л урд хөршийг зорих хүмүүсийн цуваа хэвийн байдалдаа ордог байсан. Сүүлийн жилүүдэд 7-14 хоногийн дараа хятадууд дэлгүүр хоршоогоо нээж, ажлаа эхэлдэг болсон юм.

-Олон улсад зорчих галт тэрэгний хуваарийг хэзээ гаргадаг вэ?

-Жил бүрийн намар, тогтсон хугацаанд график гаргах хурал зохион байгуулдаг. Тэрхүү хурлаар Орос, монголчууд хамтран бүх гараг, цагийн хуваарь болон зорчих галт тэргээ хуваарилдаг юм. Тэр жилдээ энэхүү хуваариа л дагаж мөрдөнө. Ачаалалтай байлаа гээд монголчууд дур мэдэн хуваарь өөрчлөх эрх байхгүй.

-Cap шинийн баяртай холбоотойгоор төмөр замын үйлчилгээнд ямар нэгэн өөрчлөлт гарах уу?
-Өмнө нь хэлсэнчлэн үнийн хувьд өөрчлөлт гарахгүй. Харин цагаан сарын шинийн 2 хоёрдугаар сарын 23-ны өдөр буюу пүрэв гарагт тохиож байгаа. Тэгэхээр Улаанбаатар-Эрээний чиглэлийн галт тэрэг зорчихгүй байх магадлалтай. Гэхдээ зорчих, зорчихгүй гэх шийдвэр гарсны дараа олон нийтэд мэдээлэх болно.

Ийнхүү Хятад, Монголын цагаан сарын баяраар дээр дурьдсан чиглэлээс бусад галт тэрэг цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм байна. Дашрамд сонирхуулахад Хятадын цагаан cap нь билгийн тооллын арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шинийн 15-ны өдөр хүртэл үргэлжилдэг.

Я.Хулан


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.