Шатахууны асуудлаар асуулга тавилаа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл нар нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбогдуулан Ерөнхий сайд С.Батболдод хандан асуулга тавьжээ.

Учир нь Дорноговь, Говьсүмбэр, Дорнод аймагт автобензин, дизелийн түлш бусад аймгуудаас харьцангуй өндөр үнээр борлуулагдаж, орон нутгийн эдийн засаг, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, дарамт учруулж эхэлжээ.

Тухайлбал, Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ОХУ-аас импортоор оруулсан автобензин, дизелийн түлшийг төмөр замаар тээвэрлэн Сайншанд, Чойр, Чойбалсан дахь төвлөрсөн станцууддаа буулгаж зэргэлдээх Өмнөговь, Дундговь, Сүхбаатар аймгуудын хэрэгцээг хангадаг байна.

Гэтэл Дорноговь, Говьсүмбэр, Дорнод аймгуудад борлуулагдаж буй автобензин, дизелийн түлшний үнэ зэргэлдээх Өмнөговь, Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудад борлуулагдаж буй үнээс тогтмол 10-100 төгрөг илүү байгаа нь Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиудын холбогдох заалтыг зөрчиж буй үйлдэл болж байна.

Нөгөөтэйгүүр, төмөр замын тээврийн зардал хямд байдаг гэтэл, Сайншанд, Чойр, Чойбалсанд борлуулагдаж буй автобензин, дизелийн түлшний үнэ Улаанбаатарт борлуулагдаж буй автобензин, дизелийн түлшний үнээс 100-200 төгрөгөөр илүү байгаа нь мөн үндэслэлгүй гэж эрхэм гишүүд үзсэн байна. Тиймээс энэхүү асуулгыг тавьжээ.

Асуулгад нэгдүгээрт, орон нутагт өндөр үнээр борлуулагдаж буй автобензин, дизелийн түлшний үнийг бууруулах, цаашид алслагдсан бүс нутгуудад бензин, түлшний үнийг бусад төвлөрсөн газруудын үнэтэй адил тэгш байлгахаар Засгийн газар тодорхой арга хэмжээ төлөвлөж байна уу.

Хоёрдугаарт, Дорноговь, Говьсүмбэр, Дорнод аймгуудад борлуулж буй автобензин, дизелийн түлшний үнэ бодитой эсэхийг нягтлан шалгаж, дүнг танилцуулах.

Гуравдугаарт, Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, давамгай байдлаа хууль бусаар ашигласан автобензин, дизелийн түлш импортлогч аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцох. Хэрэглэгчдэд олон жил учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах уу гэдэгт хуульд заасан хугацаанд хариулт өгөхийг хүсчээ.

Л.Нинж


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.