Сайдын суудал иргэд өлсөхөөс чухал байлаа

Үнийн өсөлтөд дарлуулж олон жил дуугүй явсан иргэд өнгөрсөн баасан гарагт цуглаж  шатахуунаас үүдэлтэй үнийн хөөрөгдлийг бууруулахыг шаардаж жагссан.

Гэхдээ иргэд ямар нэг улстөрийн хүчний нөлөө, төлбөр мөнгө аваад жагссан  бус зөвхөн өөрийнхөө төлө, амьжиргааныхаа төлөө сайн дураараа ийнхүү тэмцсэн юм.

Улстөрийн хүчнийхэн жагсаал хийгээд Төрийн ордон руу дайрахаар түшээдийн төлөөлөл, төрийн албаныхан гарч ирээд шаардлагыг нь хүлээн авч хариуг нь өгдөг.

Гэтэл иргэдийн амьдрах эрхийнхээ төлөө тэмцсэн тэмцлийг түшээд үл ойшоосон юм. -30 орчим хэмийн хүйтэн өдөржин талбай дээр  жагсаж шаардлага  өгөх гэсэн ч тусыг эс олох.

Иргэд амьжиргааг минь харж үзээч, эгэл жирйин иргэд улстөрийн зорилгоор бий болсон үнийн өсөлтийг дааж  гарч чадахгүй нь гэсэн шаардлага хүргүүлж байгаа болохоос илүү зүйл хүсээгүй. Өөрийн хүсэл зорилгоор нэгдэж ирсэн иргэд явган, хөнгөн нимгэн хувцастай өдөржин гадаа шаардлага хүлээж байхад төрийн түшээд халуун дулаан танхимдаа санал ширээнийхээ хэрүүлийг хийгээд тун завгүй.

Тансаг зэрэглэлийн жийпнээс паартай байшин руу шилжиж  даарч хөрөх, гэдэс өлсөхийг мэдрэхгүй яваа түшээдэд хашааны гаднаас Төрийн ордон руу цагаан хоолойгоор хашгирах  шаардлагыг сонсохыг ч хүсэхгүй байгаа байх. Ардчилсан хувьсгалын үед имй тэсгэм хүйтэнд Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаад сууж байсан ардчиллын гэгдэх гишүүд ч ажирсан шинжгүй хуралдаа сууж байгаа  нь харамсалтай.

Төрийн ордны хашааны гаднах амьдралаас илүүтэй огцорч байгаа сайд нарын суудалд хэн байх хамгаас чухал байна. Сонгуульд орсон мөрийн хөтөлбөр биелэсэн эсэх, ирэх сонгууль хүртэл ямархан уран цэцэн үг хэрэглэж харагдах чухал байжээ. Суудлын төлөөх хэлэлцүүлэг нэртэй хэрүүлийн дунд нэг ч гишүүн гадаа болж байгаа иргэдийн тэмцлийн тухай дуугарсангүй.

Шаардлагыг нь хүлээж аваад хариу  өгөх тухай санал гаргасангүй. Харин ч цаг сунгаж хуралдсаар хэрүүлээ үргэлжлүүлж телевизийн эфирийн цагийг ашиггүй баахан үрэв. Ийм байдлаар төрийн төмөр нүүр гаргасан Засгийн газарт дахин шаардлагаа хүргэхээр өчигдөр МҮЭХ-ныхон шаардлагынхаа хариуг шаардаж дахин Төрийн ордонг зүглэв.

Тэдний үзэж буйгаар улс орны хэмжээнд ийм ноцтой асуудал үүсээд байхад Засгийн газар анхааралдаа авахгүй, ажлаа хийхгүй  байна. Хэдийгээр өнөөдөр амралтын өдөр ч  гэсэн ийм нөхцөлд Засгийн газар ажлаа хийх ёстой, хэлэлцээрийг эхлүүлэх ёстой.

Тиймээс дахин албан бичиг өгөх болж байна. Бидний зүгээс өнөөдөр хэлэлцээрийг ямар нэг байдлаар эхлүүлнэ гэж найдаж байна гэж байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих